1
Нэрээр дуудах
Ихэнх германчууд гар барьж мэндлэхээс татгалздаг. Нэг үгээр хэлэхэд тэд бидний хэвшиж дадсанаас арай өөрөөр мэнчилдэг. Хүмүүс хэн нэгэндээ “Хүүе, сайн уу”, эсвэл арай ахмад хүмүүс рүү “Сайн байна уу та” гэдэг бол Германд ингэдэггүй.
Хүнтэй сайхан харилцахын тулд гол нь ярилцагчаа анхааралтай сонсох хэрэгтэй. Шинэ танил танд шууд нэрээ хэлсэн бол тэр нөхөрсөг байхын илэрхийлэл хэмээн ойлгож түүнтэй шууд л “чи” гэж харьцана. Харин ахмад хүнийг бол ноён Миллер, хатагтай Мюллер гэж ярина.
2
Гэр бүлийн үнэ цэнэ
Германчууд гэр бүлээ ямагт тэргүүн зэрэгт тавьдаг. Хүүхэд төрүүлсэн эмэгтэй бараг жил илүү амралт эдэлж хүүхдээ асраад дараа нь цэцэрлэгт өгөөд ажилдаа ордог. Германд цэцэрлэгүүд өглөөний 7 цагт нээж орой 17 цагт тардаг юм. Харин энд сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгт өдрийн унтлага гэж байхгүй. Хүүхэд унтахыг хүсвэл тасалгааны буланд гудас хөнжил тавьж өгөөд унтуулна. Жирэмсний амралтын дараа эмэгтэйчүүдийг хагас цагаар ажиллуулдаг. Энэ нь долоо хоногт 20-35 цаг л байна.
3
Эртнээс хөгжүүлэх гэж байхгүй
Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад хүүхдийг багаас нь хөгжүүлэх гэдэг ойлголт мөн ийм олон төрлийн арга их түгээмэл болоод байгаа. Хүүхэд хоёр наснаасаа тусгай шоо, эвлүүлдэг тоглоомын тусламжтайгаар тоо, үсэг сурах нь гайхмаар зүйл биш. Харин Германд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Германчууд хүүхдийг зургаан нас хүртлээ зүгээр л тоглож, хөгжилдөж байх ёстой гэж үздэг. Тоолох, унших, бичихийг сургууль л заах ёстой, тэр болтол хүүхдийг элдэв хичээлээр дарах ёсгүй гэнэ.
4
Дугуйн соёл
Дугуй бол германы замын хөдөлгөөний салшгүй нэг хэсэг. Дугуй унаж сургах, замын хөдөлгөөнд оролцох нь өөрөө тусгай соёл юм. Хүүхдийг бага ангид байхаас нь замын хөдөлгөөний дүрэм зааж, дараа нь дадлага хичээл ордог. Тиймээс сургуулийн хашаанд замын элдэв тэмдэг, тэмдэглэгээ бүхий дугуйн зам байдаг юм. Багшийн удирдлагаар хүүхдүүд энд замын янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн зорчихыг сургуулилдаг. Ингэж тусгай курс дуусгасны дараа цагдаагийн газар шалгалт аваад дугуйны үнэмлэх олгодог юм. Шалгалт өгсөн ч гэсэн 10 хүртэл насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар л дугуйгаар зорчино. Мөн дугуй унахад бүх хүүхэд хамгаалалтын малгайтай байх ёстой, дугуйгаар зорчиж явахдаа утсаар яривал торгуулдаг юм.
5
Шар айраг
Сонирхолтой нь германчуудын зайлшгүй хэрэгцээт хүнсний жагсаалтад шар айраг ордог. Энд албан газрын цайны газарт шар айраг зарж, хөхүүл эхчүүдэд зориулсан согтууруулах ундааны хольцгүй шар айраг байдаг бол нэг шил шар айраг уугаад машин жолоодохыг хүртэл зөвшөөрнө.
Герман өөрөө ч шар айргийн үйлдвэрлэлийн орон. Эндхийн муж, тосгон бүр өөр өөрийн гэсэн шар айргийн жор, уламжлалтай. Өмнөд нутагт улаан буудайн хөрөнгөтэй шар айраг алдартай бол Кельнд хатуу, амтлаг, умард нутагт хурц үнэртэй хатуу шар айраг, Бамберт утаат шар айраг алдаршсан байх жишээний. 2018 онд энд шар айргийн 1500 орчим үйлдвэр тоологдсон байна.
6
Эелдэг зан
Германчуудын эелдэг зан бол зүгээр нэг хэлбэр төдий зүйл огт биш юм. Хэн нэгэн шинэ танил тань фэйцбүкээр эсвэл цахим шуудангаар “Эрхэм хүндэт Доржоо”, “Эрхэм Дулмаа” гэж харьцвал гайхах хэрэггүй. Ялангуяа муухан таних хүнтэй илүү хүндэтгэлтэй хандана. Цаашдаа сайн танилцаад дотносоод ирэхээр энгийн харилцаанд шилждэг юм.
7
Үндэсний хувцас
Германчууд үндэсний хувцсандаа их дуртай. Баварт эмэгтэйчүүд хормогч маягийн даашинз, эрчүүд нь мөрөвчтэй өмд өмссөн байхыг харах юм бол бүү гайхаарай. Ялангуяа баяр ёслолын үеэр тэд үндэсний хувцсаа өмсөн зугаалж цэнгэдэг ч ажилдаа бол үндэсний хувцас нэг их өмсөхгүй.
8
Орчуулгын хүндрэл
Зөвхөн германд ч гэх юмгүй аль нэг оронд утга зохиолын нэгдмэл нэг л хэл байдаг ч нутаг нутагт бие биенээсээ өөрөөр ярьж хэлдэг нутгийн аялгуу гэж байна. Германд бол Баварийн хүмүүс Лейпцигийнхэнтэй ойлголцоход хэцүү.
9
Итгэлцэл
Герман хүн ер нь л хариуцлагатай, үнэнч байдаг. Ямар ч ажил үйлчилгээний хөлсийг хэсэг хугацааны дараа заавал төлнө. Жишээ нь, хүмүүс эмчид очиж үзүүлснийхээ дараа нэхэмжлэл аваад хэд хоногийн дараа шуудангаар мөнгийг нь төлчихдөг. Бараа захиалаад хүлээж авмагцаа үзээд таалагдахгүй бол эргүүлээд өгнө, мөнгө төлөхгүй. Хөдөө нутагт бол цэцгийн худалдаа гэхэд дэргэд нь үнийг нь бичээд тавьчихсан хүн нь эзгүй л байна. Учир нь хүмүүс цэцгээ аваад мөнгийг нь дэргэдэх сагсанд нь хийчхээд л яваад өгдөг юм. Хэн ч мөнгө төлөхгүй яваад өгөхгүй, мөн хэн ч хойноос хөөцөлдөхгүй.
10
Өвлийн баяр
Арван хоёрдугаар сарын 29-30-д хамаг л албан байгууллагууд хааж, гудамж хоосорсон байна. Германчууд, ялангуяа католик шашинтнууд Христийн мэндэлсний баярыг өргөн тэмдэглэдэг. Харин Шинэ жилийг зүгээр л он солигдож байна хэмээн бэлгэ тэмдгийн чанартай ёсолно. Христийн мэндэлсний баяраар хотуудад үзэсгэлэн яармаг, өргөн зугаалга болж, концерт, дуу бүжиг хаа сайгүй болж иргэд зугаалж наргина. Гэхдээ 25-ны өдөр өнгөрөнгүүт энэ бүхэн нам жим болно доо. Тиймээс Шинэ жилээр Герман руу аялахаар явах нь тохиромжгүй гэж хэлж болно.