1
"Snickers"
Орц:
- Нунтаг какао - 2 х.х
- Хуурай сүү - 300 гр
- Элсэн чихэр - 1 х.х
- Масло - 30 гр
- Цөцгийн тос - 50 гр
- Газрын самар - 400 гр
Эхлээд та газрын самрыг хуурч болгох хэрэгтэй. Үүний тулд самрыг нэг шөнийн турш усанд дэвтээгээд дараа нь шарах шүүгээнд хийж хатаана. Хатсан самраа хайруулын тавганд хийж хуураад дараагаар нь хөргөнө. Дэвтээлтийг алгасч шууд хуурч болох ч эрүүл, тэжээллэг байлгах талаас нь авч үзвэл дэвтээсэн нь илүү үр дүнтэй.
Одоо шоколадаа бэлдэцгээе. Какао болон сахарыг цөцгийн тосон дээр нэмж холиод гал дээр буцалгах хэрэгтэй. Буцалгах явцдаа байнга хутгана. Гадаргуу дээр нь хөөс үзэгдэж эхлэх үед гал дээрээс аваарай.
Дараа нь масло нэмж хутгаад хуурсан самраа хийнэ. Хамгийн сүүлд нь хуурай сүүгээ нэмээрэй. Шоколад тэр дороо өтгөрч гурил шиг зуурч болохоор болох ёстой. Амттан маань бэлэн болсон тул одоо хүссэн хэлбэртээ оруулаад хөргөгчинд хийх л үлдлээ. Бүрэн хатуурч жинхэнэ "Сникерс" шиг болгохын тулд хөргөгчинд 2-3 цаг байлгах хэрэгтэй.
2
"Bounty"
Энэхүү амттанг хийх нь "Сникерс"-ээс илүү амархан, танд ердөө дараах гурван орц л хэрэг болно.
- Сүүтэй эсвэл хар шоколад - 2 хавтгай
- Чихэргүй нунтаг кокос - 3 х.х
- Өтгөрүүлсэн сүү - 1 лааз
Эхлээд нунтаг кокос болон өтгөрүүлсэн сүүг саванд хольж нэлээн өтгөнөөр зуурна.
Дараа нь хүнсний цаас дэвсэж бэлдсэн хавтан дээр кокосын зуурмагаа жижиг хэсгүүдэд хувааж тавиад хөлдөөгч рүү хийнэ.
Кокос хөлдөж байх хооронд шоколадаа хайлуулах хэрэгтэй. Халуун усанд савтай нь байрлуулах эсвэл богино долгионы зууханд хийж хайлуулах аргууд бий. Дараа нь хөлдүү кокоснуудаа шоколаданд дүрж аваад дахин хүйтэн газар байлгах хэрэгтэй. Шоколад хатуурсны дараа таны "Баунти" бэлэн болно!