1
Эртний цэцэг
Хятадын эрдэмтэд Нанкинаас холгүй газрын хавцал хаднаас 50 сая жилийн тэртээ дэлхий дээр анхны цэцэг бий болж байсныг гэрчлэх чулуужсан цэцгийн ул мөр олсноо сэргээн бүтээж үзсэн байна. Энэ шинэ олдвороо олсон газрынх нь нэрээр нь "Nanjinganthus dendrostyla" хэмээн нэрийджээ. Энэ ургамал халбага хэлбэрийн 4-5 навчтай, чавганы модны цэцгийг санагдуулам төрхтэй. Хамгийн сүүлд Юрийн галавын үед буюу 174 сая жилийн өмнө цэцэглэж байсан гэнэ.
2
Хүний зурсан хамгийн анхны уран зураг
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын өмнө зүгт орших Бломбоксын агуй археологичдын сонирхлыг 20 жил татаж байгаа юм. Учир нь 1991 онд тэндээс дунд палеолитын үеийн гурван ч соёлын ул мөр олдсон байна. Тэдгээр нь хүний хоёр яс, хадны бичиг байжээ. Харин тус хадны бичиг нь 73 мянган жилийн өмнө агуйд амьдрагчид үл мэдэгдэх улаан зүйлээр хадан дээр хэштегийг санагдуулам # зурсан тэмдэг байв. “Чулуун дээр зурсан шугам нь том, нарийн хийцтэй уран зургийн өчүүхэн хэсгийн учрыг тайлахтай л адил байсан” гэж төслийн ахлагч археологич Франческо Д’Эррико хэлсэн юм. Энэ хүртэл хүний хамгийн эртний бүтээлээр 64 мянган жилийн өмнө неандерталчууд өнөөгийн Испанийн нутагт хадан дээр үлдээсэн зургийг нэрлэж байв.
3
Содомын баг
Хамгийн анхны ийм чулуун багийг 1980-аад онд Израилийн археологич Нахаль Херман Израйль Иорданы хил дээрх Сөнөсөн тэнгисийн дэргэдэх Содом уулын бэлээс олсон юм. Энэ багийг 9 мянган жилийн өмнө буюу Ливан, Израиль зэрэг одоогийн Ойрх Дорнодын улсуудын нутгийн иргэд ан агнуур, хайж цуглуулахаасаа өөрсдөө тариалах ажил руу шилжиж байх үед хамааралтай гэж үзэж байна. Учир нь Израилийн цөлөөс яг ийм 12 баг олсон юм.
2018 оны намар ахин нэг багийг Палестины Хеврон хотын өмнө зүгээс олжээ. Баг нь улбар шар өнгөтэй, нүд амыг ухан гаргасан ч шүд зурж тэмдэглэсэн, хамрыг дөвийлгөсөн маш сайн дүрслэлтэй. Хажуу талдаа нүүрэнд тогтоох уяанд зориулсан хоёр нүхтэй ажээ. Одоогийн байдлаар эдгээр багууд нь Израилийн музейд хадгалагддаг бөгөөд эрдэмтэд тэдний гарал үүслийг судалсаар байгаа юм.
4
Ямполийн гүнж
2018 оны долдугаар сард Зүүн Европын Днестр мөрний эрэг дээрх Пороги тосогны дэргэдээс польшийн эрдэмтэд 4,5 мянган жилийн өмнө нас барсан эмэгтэйн араг ёс бүхий шарил олсон байна. Шарилыг өнөөгийн Украины Винниц мужийн Ямполийн мужийн нутагт тэр үед малчин омгийнхон нүүдэллэн амьдарч байх үеийнх гэж археологичид үзэж байгаа юм.
Шарилын бугалганы ясан дээр гараар хийсэн байж болох шивээсний ул мөртэй адил зурааснууд байжээ. Тэр зурааснуудыг бүсгүйг үхсэний нь дараа биеийг нь хуваах үедээ хэд хэд зурж гаргасан байх гэж археологичид үзэж байна.
“Эмэгтэйг үхсэний дараа түүний шарилыг нээж ясыг нь давирхайгаар зурж, чимж дараа нь ясыг нь яг л амьд байсан хэлбэрээр нь эвлүүлж тавьсан байна” гэж археологич Данут Журкевич бичжээ.
Шарилын ойролцоо тэр үеийн суурин газрын ул мөр байгаагүй. Мэдээж талийгаачид ёс үйлдэхийн тулд хүмүүс шарил руу эргэн ирсэн байж таарна. Гэтэл Европт ийм оршуулга их ховор болохоор эмэгтэйд юуны төлөө ийм хүндэтгэл үзүүлснийг эрдэмтэд олж мэдэхээр судалж байна.
5
Мардаманы шаантаг бичээс
Энэ онд Иракийн хойд нутагт Бассетки тосгоны дэргэд хийсэн нэгэн археологийн малтлагын үеэр Мардаман хотын суурин болон шаантаг бичгийн 92 хүснэгт олдсон байна. Бичвэр олон давхар шаварт хучигдсан байснаас үзэхэд тухайн үеийн хүмүүс бичвэрийг гэмтэхээс хамгаалсан бололтой. Германы Тюбингений их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа, орчуулгын үндсэн дээр дээрх шаантаг бичээс нь эрдэмтдийн танил вавилоны эх сурвалжтай адил болох нь батлагджээ.
Манай эриний өмнөх 1250 онд Иракийн Мардаман хот нь эртний Ассирийн эзэнт гүрний нэг хэсэг, Ашшур-Насир хэмээх хүний захиргаанд байжээ. Гэхдээ тэр нь хотын захирагч биш харин мужийн тэргүүн байж. Харин тус шаантаг бичээс дээр Ашшур-Насирын захиргаа, иргэдтэй харьцаж байсан хийгээд хотын нь тухай нэлээд баримтуудыг дурдсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
6
Грекийн “Титаник”
2018 оны аравдугаар сард Болгарын эргээс 80 км-т Хар тэнгисийн ёроолоос тэнгисийн археологийн шинжилгээний "Black Sea Maritime Archaeology Project" эртний грекийн худалдааны хөлөг онгоц олсон байна. 2 км-ийн гүнд, хүчилтөрөгчгүй орчинд хөлгийн 23 метр их бие, жолоо, шураг, сэлүүрчдийн сандал зэрэг нь сайн хадгалагдаж үлджээ.
Болгар-Английн хамтарсан "Black Sea Maritime Archaeology Project" шинжилгээний анги тус хөлгийг татан гаргаж Английн Саутгемптоны их сургуулийн эрдэмтдэд судлахаар өгсөн юм. Харин эрдэмтдийн дүгнэлтээр бол тус хөлөг нь тэртээ 2400-2500 жилийн өмнө живсэн гэж тогтоосон байна. Тэгэхээр энэ хөлөг өнөө үед олдоод байгаа хамгийн эртний, тэгэхдээ бүтнээрээ байгаа хөлөг болж байна.
Хар тэнгисийн ёроол хүчил төрөгчөөр хомс, 200 метрийн гүнд гэхэд л ямар ч амьд организм байхгүй нь эртний энэ хөлгийг маш сайн хадгалагдаж үлдэхэд нөлөөлсөн байна. Хөлгийг олсон "Black Sea Maritime Archaeology Project" шинжилгээний анги төсөлд оролцогсод Ром, Визант, Османы хөлгүүдийн 60 гаруй үлдэгдэл олоод байгаа юм.
7
Гурван шарилтай авс
Македоны Александр хаан манай эриний өмнөх 323 онд насан эцэлсэн. Түүнийг алтан авсанд хийж зэсээр дүүргэсэн гэдэг. Эрт үед Александр хааныг яг л Лениний бунханд байгаа шиг нийтэд үзүүлэн байлгадаг байсан гэсэн домог бий. Ромын түүхч Дион Кассий эзэн хаан Октавиан Август хааны цогцсыг үзэж яваад санамсаргүйгээр Александрын хамрыг хугалчихсан гэж бичжээ. Ийнхүү гуравдугаар зууны эхээр зандаршуулсан шарил сураггүй алга болжээ.
2018 онд Египетийн Александрия хотод орон сууцны цогцолбор барьж байсан ажилчид хар гантигаар хийсэн бунхан олж илрүүлсэн байна. Египетийн эрдэмтэд түүнийг нээмэгц зэсэн дунд байгаа хаан байна гэж боджээ.
Гэхдээ зэсэн улаан шингэн дотор 20 орчим насны эмэгтэй 40-50 насны хоёр эрэгтэйн яс хөвж байжээ. Харин, Александр хаан нас барах үедээ 33 настай байсан шүү дээ.
8
Помпей хотын талийгаач
2018 оны эхээр архелогичид Грекийн Помпей хотын балгасны зүүн хойд хэсэгт томоохон судалгаа явуулсан байна. Гэтэл гайхамшигтай олдвор гарч ирэх нь тэр. 30 орчим насны ром эр гэртээ байж байгаад чулуу, хорт хий зэргээс арай гэж амьд үлдээд гудамжинд гартал байшингийн 300 кг жинтэй хэлтэрхий нисэж ирээд шууд толгойд нь цохиж алсан байна. Харин түүний араг яс нь маш сайн хадгалагджээ. Судалгаанаас үзэхэд тухайн үед яс нь гэмтсэн эр зугтах бүү хэл хөдөлж ч чадахгүй болсон байна.
9
Алт тээсэн усан шумбагч онгоц
Нацистууд дайнд ялагдаж байхдаа ч цэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулахаа орхисонгүй. 1945 оныг хүртэл Германчууд "XXI" загварын 118 ширхэг усан доогуур шумбагч, дизель цахилгаан хөдөлгүүртэй хөлөг үйлдвэрлэсэн байна. Эдгээр хөлөг нь дайсны талын хөлөг рүү усан доогуур огт мэдэгдэлгүйгээр дайрах чадвартай байсан аж.
Гэхдээ энэ шумбагч хөлөг байлдааны ажиллагаанд оролцоогүй юм. Олон хөлгийг нь холбоотнууд олзолж, живүүлсэн бол зарим нь сураггүй алга болжээ.
Дайнд ялагдсаны дараагаар Нацистууд дайнаар олзолсон үнэт зүйлсээ усан доогуур шумбагч хөлгөөр Өмнөд Америк руу зөөсөн гэсэн цуу яриа байдаг. Харин ийнхүү 2018 оны дөрөвдүгээр сард тэдний нэгийг Дани улсын эргээс холгүй Скагерракийн хоолойн ёроолоос олсон байна.
"U-3523" гэдэг энэ шумбагчийг 1945 оны тавдугаар сарын 6-нд Британийн "В24 Liberator" бөмбөгдөгч живүүлжээ. Чухам энэ өдөр Дани, Баруун хойд Герман, Нидерландад германы цэрэг бууж өгч байсан юм. Усан доогуур шумбагч даалгавраа биелүүлж чадсангүй, мэдээж нуугдахыг оролдсон л байх.
10
Каменецк дэх хэрэм
Украины Кеменец-Подольский хотын домогт яриа 1374 оноос эхлэлтэй. Энд Литов-оросын ван Юрий Кориатович хотод өөрийн эзэмшлээ тогтоож байсан юм. Ингээд энэ хэрмийг 14-Р зуунд барьсан гэж үздэг. Гэтэл өнгөрсөн онд шилтгээний нутаг дахь оршуулгын дундаас эртний оросын эд зүйл олсон байна. Энэ дотор бүр 12-13 дугаар зууны бүсний товруу, сумны зэв байжээ.
Украины архелогичид энэ газраас мөн Польш гаралтай Потоцки язгууртны гэр бүлийн шарилыг олж малтсан. Энэ бүх олдвор, дурсгалууд нь Украины түүхийн чухал дурсгал болон үлджээ. Энэ бүхний ачаар Каменецкийн хэрэм 2019 онд багтаад ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд орох магадлалтай болоод байна.