Экстраверт, интроверт гэдэг нь хүний өөрийн эрч хүчийг нөхөн авч буй нэгэн арга, хэлбэр юм. Экстравертууд гадаад орчин, бусадтай харилцах харилцаанаасаа энергээ нөхөж авдаг бол интровертууд дотроосоо авдаг ажээ. Гэхдээ ихэнх хүмүүсийг амбивертад гэх төрөлд хамруулдаг бөгөөд тэр нь алтан дунджийг илэрхийлж байгаа юм. Интроверт гэдэг нь:
- Бусадтай, танихгүй хүмүүстэй харилцахаас айдаг.
- Ичимхий байдал. Энэ нь олон нийт түүнийг шүүмжлэх вий гэдгээс айдаг.
- Интровертууд бусадтай харилцах чадвар муутай байдаг. Хэрвээ үнэхээр тэдний сонирхсон сэдвийг хөндөж чадвал тэд харин зогсохгүйгээр ярих болно.
- Интровертууд дотоод ертөнцөөрөө их баялаг хүмүүс байдаг бол экстравертууд бол хий дэмий яригчид юм.
- Хэдийгээр экстравертууд үг ярианы баялаг сайтай байдаг хэдий ч үнэ, цэнийн хувьд тэг байдаг.
1
Орчин үеийн соёл иргэншил ихэнхдээ экстравертуудад чиглэсэн байдаг
Ихэнх томоохон албан тушаалтнууд экстравертууд байдаг. Томоохон олон нийтийн үйл ажиллагаа ихэнхдээ экстравертуудад чиглэсэн байдаг. Үйл ажиллагаанд багийн хамтын ажиллагааг илүүд үнэлж, харин багш нар идэвхтэй оюутнуудад илүү дуртай байдаг.
Хайр сэтгэлийн асуудал дээр ч гэсэн бүсгүй даруухан, ичимхий залууг биш харин хөгжилтэй залууг сонгох биз. Магадгүй энэ нь ирээдүйд бүсгүйн томоохон алдаа ч болж болох юм.
Хамгийн алдартай ном, сэтгүүл, сургалтууд нь ихэнхдээ “Хэрхэн өөрийнхөө зан араншинг хөгжүүлэх вэ?”, “Бусдын анхаарлыг хэрхэн татах вэ?”, “Интровертууд хэрхэн хайраа олох вэ?” гэсэн байдаг билээ. Үүнээс харахад интровертууд үргэлж ямар нэг зүйлд зохицох хэрэгтэй болдог юм. Харин экстровертуудтай энэ төрлийн асуудал хэзээ ч тулгардаггүй.
Нийгмийг бага зэрэг өөрчилж, ичимхий, интроверт хүмүүст зориулж орчныг нь бага зэрэг өөрчлөөд өгвөл энэ төрлийн хүмүүс илүү нээлттэй болж чадах болов уу.
2
Интровертууд дэлхийд хэрхэн нөлөөлдөг вэ?
Жинхэнэ удирдагч бол экстраверт байх ёстой гэсэн ойлголт бидний амьдралд давамгайлж байдаг. Харин АНУ-ын Уортоны бизнесийн сургуулийн судлаач Адам Грантын үзэж байгаагаар “Интровертууд сайн удирдагч болж чаддаг” гэжээ. Учир нь тэд ажилчдаа сайн сонсож, тэдний санал хүсэлтийг харгалзан үзэж, өөрийн төслийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжийг олгодог явдал юм. Харин экстравертууд зөвхөн өөрийн үзэл бодол санааг л дэмждэг аж.
Гэхдээ л интровертгүйгээр дэлхий тэс өөр байх байсан биз. Та Ньютон, Дарвин, Тесла, Цукерберг, Гейтсгүй амьдралыг төсөөлөөд үз дээ. Хэдийгээр тэд интроверт хэдий ч өөрийн авъяас чадварыг хөгжүүлж дэлхийд танигдсан нэгэн болсон юм.
Урлаг, уран зургийн тал дээр интровертууд экстравертуудаас ч илүү их амжилтад хүрч чадна. Гэхдээ уран зохиол, урлагийн интроверт нь “ганцаардал, меланхолик” гэсэн зан чанартай уялддаг бөгөөд энэ төрлийн хүмүүсийг хэн ч ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна.
3
Интровертчууд экстроверт болох хэрэгтэй гэж үү?
“Намайг үргэлж илүү нээлттэй байх хэрэгтэй, экстраверт болох хэрэгтэй гэж хэлэх бүрт би дотроо үүнийг буруу гэдгийг ойлгож байсан бөгөөд интроверт байна гэдэг тийм ч муу биш болохыг ойлгож байсан юм. Би өөрийн зөн совинд олон жилийн турш итгэхгүй байж, зохиолч болох хүслээ орхиж, "Уолл-стрит" сэтгүүлд хуульчийн ажил хүртэл хийж байлаа. Би өөрийгөө экстраверт болгож өөрчлөхийн тулд шоу цэнгээнд явж байсан. Үнэн хэрэгтээ би зүгээр л гэртээ суух хүсэлтэй байсан юм” хэмээн зохиолч Сьюзан Кейн хэлсэн байна.
Хэдийгээр өөрийгөө өөрчлөхийг маш их хичээж байсан ч Сьюзан зохиолч болж, хүсэл мөрөөдлөө дагасан юм. Тэрээр “өөрийгөө өөрчлөх гэж оролдох нь том хохирол, гарз” болохыг ойлгожээ. Зөвхөн өөрийгөө алдах биш мөн дэлхий ертөнцөд ч та дутагдах юм. Дэлхийд сайн удирдагчид, эрдэмтэд, программистууд, философичууд хэрэгтэй шүү дээ. Интровертууд өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээ хийвэл амжилтад хүрдэг.
Тэд юун түрүүнд өөрийгөө хүлээн зөвшөөрч, ойлгох хэрэгтэй бөгөөд нийтийн хандлагыг ч хүлээж авч сурах хэрэгтэй юм. Интроверт хэрнээ экстраверт болж жүжиглэх нь танд хэзээ ч амжилт ололтыг авчрахгүй.