-ЖАЙКА-гийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хоёр үе шаттай хэрэгжсэн төслийн үр дүнг Та хэрхэн харж байна вэ?
-Монголчууд өөрсдөө үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж чаддаг гэдгийг тод томруун харуулж чадсан жишиг төсөл. Хэрэгжиж эхэлснээсээ хойш энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар арилжааны найман банкаар нийт 286.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 825 аж ахуйн нэгжид олгосон байна. Үр дүнд нь өнөөдөр 22 гаруй мянган хүн ажлын байртай болж, зээл авсан үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлого 30 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ ч бага гээд маш олон эерэг үзүүлэлт байна. Нөгөөтэйгүүр, зээлийн хүртээмж ч сайн. Нийт зээлийн 38 хувийг орон нутагт олгосон байна. гэхдээ 21 аймагт бүгдэд нь шүү.
-Олгосон зээлийн бүтцийг задалж харвал ямар салбар давамгайлж байгаа бол?
-Зээлийн үндсэн зорилго бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн. Тиймээс ч нийт зээлийн 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгосон нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Улаанбаатар хот дахь “Янмал” оймсны, Дархан хот дахь “Эсгий гутал”-ын, чацарганы “Шар доктор”, “Оргио” тахиа, “Алтан говь” шоколадны үйлдвэр гээд өдгөө үйл ажиллагаа нь өргөжсөн томоохон үйлдвэрлэгчид бол энэ зээлийн зээлдэгчид юм. “Шар доктор”-ыг гэхэд Японд экспортолж, тахианы мах, оймс, шоколад бол импорт орлох бүтээгдэхүүн болсон. Энэ хэрээр гадагшаа урсах валютаа багасгаж, орж ирэх валютаа нэмэгдүүлж байна.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг сангаар дамжуулан олгосон нь зорилтот зээлдэгчдэдээ хүрээгүй, эрх мэдэлтнүүд боломжийг нь булаасан гээд нийгэм бухимдаад байна л даа. ЖАЙКА-гийн зээлийн чанар, хүртээмж ийм байгаа нь арилжааны банкаар дамжсаны үр дүн гэж үзэж болох уу?
-Арилжааны банкаар дамжиж байгаагийн нэг ач холбогдол бол чанаргүй зээлийн хувь хэмжээ маш бага байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хэнд, юунд, яаж боловсруулсан, ямар шаардлага хангасан төсөлд, хэрхэн олгохыг банк л мэргэжлийн түвшинд хийдэг. Заавар журам нь ч маш тодорхой. Үүний үр дүнд зээлдэгчид эрсдэлээс хамгаалагдахын сацуу зээлийн эргэн төлөлт нь ч найдвартай болохоор эх үүсвэр нь улам арвижиж байна. Харин банкны зээлийн хороогоор хэлэлцээд, шалгуур давсан зээлийг Сангийн яамны дэргэдэх төслийн нэгжийн удирдах зөвлөл авч хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, банк нэгэнт үр ашиг өндөртэй, сайн төслүүдийг гаргаад өгсний дараа төрийн бодлогодоо нийцүүлэн аль төслийг нь санхүүжүүлэхээ төслийн нэгж шийддэг юм. Энэ зээлийн 60 гаруй хувийг боловсруулах аж үйлдвэрт олгосон нь ийм учиртай.
- Нийт зээлийн 60 гаруй хувийг боловсруулах үйлдвэрлэлд олгосон нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
- Төслийн нэг болон хоёрдугаар шатны эргэн төлөлтөөс сард 2.5 тэрбум төгрөг хуримтлагдаж байна.
- Зээлийн дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг гэж заасан байдаг.
-Одоо зээлийн эргэн төлөлтөөс сард хэр зэрэг мөнгө орж ирж байна вэ. Зээлийн нөхцөл цаашид өөрчлөгдөх үү?
-Төслийн нэг болон хоёрдугаар шатны эргэн төлөлтөөс сард 2.5 тэрбум төгрөг хуримтлагдаж байна. Эргэн төлөлтөөс дараа дараагийн төслүүдийг санхүүжүүлж байгаа учир зээлийн нөхцөл хэвээрээ. Хэдийгээр дараагийн зэлдэгчдэд боломж олгоод байгаа ч шууд зээлийн эх үүсвэр арвижсан гэж үзэхэд учир дутагдалтай. Зээл анх олгож эхэлсэн 2006 онд нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1200 төгрөг арай хүрдэггүй байсан бол одоо 2600 төгрөг давчихлаа. Макро эдийн засгийн хүчин зүйлээс болоод иймэрхүү түвэгтэй зүйл бий. Зээлийн нөхцөлд нэг зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээ 10 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг гэж заасан байдаг.
-Дээд хэмжээгээр зээл авах тохиолдол хэр олон бэ. Санхүүжилтийг нь олгох үе шатаа яаж тооцдог юм бэ?
-Бодит жишээн дээр ярья. Дорнод аймгийн Халхгол суманд социалист нийгмийн үед Зөгий үржүүлгийн эрдэм шинжилгээний машинт станц гэж байсан юм. Зах зээлд шилжих үед энэ станц хувьчлагдсан ч зөгийн балны үйлдвэрлэлээ эрхэлсээр л байлаа. Гэхдээ тун бага хэмжээтэй. Жилд нэг тонн арай хүрэхгүй л үйлдвэрлэдэг байсан. Гэтэл миний авсан мэдээллээр Халхголд 300 гаруй цэцэгт ургамал ургадаг юм байна. Зуны саруудад цэцэг бүрийн цэцэглэх хугацаа тавдугаар сарын эхэн, дунд, сүүлийн арав хоног гэх мэт харилцан адилгүй байдаг. Зөгий хэдий үед цэцэглэсэн цэцэгнээс тэжээлээ авахаас шалтгаалж балных нь амт, үнэр, өнгө, чанар өөр. Тэгтэл нэг япон иргэн Халхголд явж байгаад өнөө зөгий үржүүлгийн станцын балнаас авч, эх орондоо аваачаад лабораторид шинжлүүлэхэд зөгийн балны дэлхийн чанарын стандартын дээд үзүүлэлтээс ч давсан чанартай байсан юм.
Миний бие энэ мэдээллийг сонсоод Дорнод дахь салбартаа дуулгаж, тус станц Японы Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээлд хамрагдсан. Зөгий үржүүлгийн станцынхан зээлийн шалгуурт тэнцсэн төсөл бичихэд нь манай банкныхан мэдээж тусалсан. төслийн үр ашгийн тооцоонд нь үндэслээд санхүүжилтийг нь үе шаттай олгосон. Эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ худалдаж авах, аж ахуйн бүтцээ бий болгоход нь санхүүжилт олгосон. Улмаар төслийн явцаас шалтгаалж дараа дараагийн санхүүжилтийг нь олгож байгаа. Ингэснээр нэг талаар, зээлдүүлэгчид төслийн явцыг хянаж, нөгөө талаар зээлдэгчид ч эрсдэлээс хамгаалагддаг юм. Мөн ийм байдлаар Завхан аймгийн Улиастай хотын улаан сармис тариалдаг эрдэнэбилэг гэдэг иргэнд энэхүү төслийн зээлийг үе шаттайгаар олгож байгаа.
-Ийм зээл авахад компани, зээлдэгчийг тухайн салбартаа түүхтэй, туршлагатай байх шалгуур тавьдаг. Энэ зээлийн хувьд эл шалгуур өндөр үү?
-Яг энэ төслийн зээлд зээлдэгчийг түүхтэй байх шалгуур чухал биш. Хамгийн гол нь төслийн үр ашиг, ТЭЗҮ-ийг нь зөв тооцсон байна уу гэдгийг л чухалчилдаг. Төсөл хэчнээн сайн байх тусам зээл авах боломж улам ихэсдэг.
-Төслийн зээлийн эрэлт хэр байна вэ?
-Маш өндөр. Гагцхүү одоогоор эргэн төлөлтөөс санхүүжиж байгаа учир хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа юм. Уг нь анхны санхүүжилт нь тасралтгүй яваад, бага багаар арвижаад л байна.
-Анх энэ төслийг хэрэгжүүлэхэд ЖАЙКА манай арилжааны банкуудад ямар шаардлага тавьсан бэ?
-Төсөлд оролцогч арилжааны банкуудын урт хугацааны зээлийн судалгаа хийх чадавхыг сайжруулж, бизнес эрхлэгчдэд төсөл бичихэд нь заавар зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа.
Монголын арилжааны банкууд 1998 оноос германы Засгийн газрын KFW банкны төслийн зээлийг анх хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Энэ хүрээнд зээлийн эдийн засагчдаа анх сургалтад хамруулж, төслийн зээл гэж юу болох, ТЭЗҮ-ийг нь ямар аргачлалаар боловсруулж, үр ашгийн тооцоог нь хэрхэн хийдгийг суралцаж бэлтгэгдсэн. Ийм томоохон орнуудын төслийн зээл олгох нь эргээд арилжааны банк чадавхжих, хөгжиж дэвших том түлхэц болдог. Тухайн улсын Засгийн газрын санхүүжилттэй зээл учир зарцуулалтыг нь хянахын тулд жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын KPMG, Ernst & Young, PwC гэх зэрэг байгууллагаар аудит хийлгэдэг.
Нийтлэгч: З.Цэлмэг