1
Гадаад байдлыг нь харьцуулж үзэх
Сүүлийн үед хуурамч утасны гаднах байдлыг жинхэнээс нь шууд хараад ялгахааргүй адилхан хийдэг болсон тул худалдан авахын өмнө сайн эргүүлж тойруулж үзэж, шинжлэх хэрэгтэй.
Хуурамч утасны дэлгэцийн хэмжээ өөр, камерын дизайн нь согогтой, "SIM" картны оролт буруу газар байрласан эсвэл хэт хөнгөн жинтэй, муу материалтай байх нь элбэг. Иймд танд авахаар төлөвлөсөн утасныхаа гаднах байдлыг үйлдвэрлэгчийн албан ёсны сайтаас нь сайтар нягталж, онцлог шинжийг нь тогтоосныхоо дараа худалдан авалт хийхийг зөвлөж байна.
2
Утасны мэдээллийг шалгах
"Андройд" утас бүрт "Settings" дотор нь системийн мэдээллийг шалгах "About Phone" хэсэг бий. Тэндээс утасны нэр, марк, үйлдлийн системийн хувилбар гээд бүхий л мэдээллийг авч болно. Интернетээс та тухайн утасныхаа марк дээр "specs" түлхүүр үг нэмж хайгаад гарч ирсэн мэдээллийг худалдаж авах гэж байгаа утасныхаа "About Phone" хэсэгтэй тулгах байдлаар оригинал, хуурамчийг нь ялгах боломжтой.
Оригиналтай нь яг адилхан байсан ч та нэг л эргэлзээд байвал тухайн утсан дээр "AIDA64" гэдэг аппликэйшн суулгаад уншуулж үзээрэй. Тус аппликэйшн нь утасны процессор ямар болох, санах ойн бодит хэмжээ, дэлгэцийн жинхэнэ харьцаа гээд бүхий л нуугдсан мэдээллийг гаргаж ирэх болно.
3
Үйлдвэрлэгчийн брэнд аппликэйшнүүд ажиллагаатай эсэхийг шалгах
Утасны үйлдвэрлэгчээс ирэх үйлчилгээнүүд буюу утсан дээр цаанаасаа суусан ирдэг аппликэйшнүүдийг байгаа эсэхийг мэдэх, ажиллагаа нь хэвийн эсэхийг шалгах замаар хуурамч утсыг таньж болно. Жишээлбэл "Samsung"-ийн "Bixby", "S-Planner", "LG"-ийн "Smart World" гэх мэт.
4
Утасны системийн хэлийг нягтлах
Хятадад үйлдвэрлэгдсэн хуурамч утсан дээрх англи болоод бусад хэлний орчуулга ихэвчлэн муу байдаг. Мөн хэлний тохиргоо хэсэг дээрх жагсаалт цөөхөн байх нь бий.
Иймд хэрэв тухайн утсан дээрх системийн хэл алдаатай орчуулагдсан, буруу бичигдсэн байвал хуурамч байх магадлал тун өндөр гэсэн үг юм.
5
"AnTuTu Officer" аппликэйшнээр шалгах
Уг аппликэйшн нь утсанд түргэн хугацаанд тест хийж жинхэнэ эсэхийг нь мэдэх боломжийг олгодог.
- Шалгах утсан дээрээ "AnTuTu Officer"-ийг татаж суулгана
- Өөр утсан дээр эсвэл компьютер дээр y.antutu.com сайт руу ороход QR код гарч ирнэ
- Шалгах утаснаасаа "AnTuTu Officer"-ийг нээгээд QR кодыг уншуулна
Үүний дараа таны QR код гаргасан утас юм уу компьютер дээр шалгах утасны жинхэнэ эсвэл хуурамч эсэх нь харагдах болно. Хэрэв ногоон өнгийн дугуй дотор "Good" гэсэн бичиг гарч ирвэл таны утас оригинал гэдгийг илтгэж байна. Харин доорх зурагтай адил шар дугуй гарч ирвэл тухайн утасны мэдээлэл байхгүй буюу хуурамч гэсэн үг.