1
Чили улсын Кордильеры хорих газар
Таван одтой зочид буудал шиг тав тухтай хорих газар байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэд Чили улсын Кордильеры шорон теннисийн талбай, усан сан, мах шарах талбай, том угаалгын өрөө, түүгээр ч зогсохгүй хувийн дасгалжуулагчтай фитнес заалтай. Хоригдлууд нь амьдралд шаардлагатай бүх зүйлсээр хангасан өөр өөрсдийн бяцхан байшинд амьдардаг. Энэ бүх тансаглал Чилийн энгийн ардын мөрөөдөөд ч хүрэхгүй оргил нь байлаа.
Баян чинээлэг, эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс эрх чөлөөгөө хасуулчихаад энэ шорон руу зүглэдэг байв. Чилийн ард түмэн ийм тансаг хорих газарт маш дургүй байсан. Хоригдлуудын нэг нь шоронгийн хуяг энд ер хэрэггүй, хааяа гар буугаа бариулахад л хэрэгтэй байдаг хэмээн хошигнож гал дээр тос нэмж орхижээ. Хилэгнэсэн ард түмний шаардлагаар тансаг хорихыг нэгмөр хааж, хоригдлуудыг нь өөр нөхцөлтэй хорих ангиуд руу хуваарилсан байна.
2
Норвеги улсын Хальден хорих газар
Хальден хорих газрыг энэ дэлхийн хамгийн хүнлэг хорих газар гэж болно. Заримдаа ял эдэлж байгаа хоригдлуудад хэтэрхий зөөлөн ханддаг гэсэн шүүмжлэл хүртэх нь бий. Ихэнх хорих газар нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, өндөр хана, өргөстэй тор, харуулын цамхагтай байдаг. Гэтэл энд шоронгийн хуяг байдаггүй гээд та бод доо. Шоронгийн захиргааны үзэж байгаагаар зэр зэвсэг агссан хуяг нь хүмүүсийн харилцааны уур амьсгалыг эвдэж, илүүдэл айдсыг авчирдаг гэжээ. Тиймээс ч хоригдол, хамгаалагч нарын хоорондын найрсаг харилцаа холбоог дэмждэг.
Шоронгийн барилгыг барихад нийт 250 сая ам.доллароор зарцуулсан байна. Энд алуурчид, гаж донтонгууд, хүчирхийлэгчид зэрэг аюултай гэмт хэрэгтнүүд ял эдэлж байгаа. Тэдний том саруулхан камерт хөргөгч, зурагт, бусад цахилгаан хэрэгслүүд байрладаг ба сүүлийн үеийн тавилгаар камерыг чимж, цонх нь төмөр торгүй шууд онгойх ажээ. Хорих гол зорилго нь гэмт хэрэгтнийг хүмүүжүүлж, ялаа эдэлж дуусаад нийгмийн нэгэн гишүүн болгоход чиглэдэг. Энд хүний эрхийг хасдаггүй, харин ертөнцийг өөр нүдээр харах боломж олгодог.
3
Швейцарын Шамп-Доллон хорих газар
Өмнө нь энэ шорон хоригдлуудад хандах хандлага муу, хорих нөхцөл тааруу гэж олон нийтээс шүүмжлэл хүртэж байсан. Эрх баригчид нөхцөл байдлыг өөрчлөх шийдвэр гарган 40 сая ам.долларын санхүүжилт хийн, хорих газрыг европ стандартад нийцүүлжээ.
Одоогийн байдлаар гурван одтой зочид буудлын адил ялтнуудын ихэнх нь ванн, зурагт, бусад тавилгатай гурван хүний өрөөнд хоригддог байна.
4
Норвегийн Бастой хорих газар
Хоригдлууд нь ферм дээр ажиллаж, чөлөөт цагаараа спортоор хичээллэн, морь унадаг энэхүү хорих анги Норвегийн арал дээр байрладаг тул өндөр хашаа, өргөст торгүй.
Фермийн аж ахуйн бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар зарцуулдаг. Нэг хэсгийг нь асрамжийн газарт илгээж, заримыг нь зарж борлуулан дотоод хэрэгцээгээ хангадаг бол үлдсэн хэсэг нь хоригдлууд өөрсдийн хүнсэнд хэрэглэдэг. Тэд өөрсдийнхөө зуслангийн байранд амьдарч, хүссэн хоолоо захиалж, хувийн саунд алжаалаа тайлцгаадаг. Энэ хорих газраас суллагдсан хүмүүс давтан хэрэг үйлдэх нь маш бага.
5
Филиппин улсын Цебу хорих газар
Цебу хорих анги хоригдлуудыг нийгэмшүүлэх ер бусын аргаараа алдартай билээ. Өдөр бүр хоригдлууд бүжгийн дугуйланд явцгаадаг.
Эхэндээ хоригдлуудыг салхилж байхад хөгжим тоглуулдаг байжээ. Гэтэл нэг л өдөр бүжиг заах эхлэх нь тэр. Зарим ялтнуудын видео бичлэг цахим орчинд шуугиан тарьж, мянга мянган хандалт авч байлаа. Хамгийн их шуугиан тарьсан бүтээл бол Майкл Жексоны (Michael Jackson) «The Thriller» клипэнд Цебу шоронгийн хоригдлууд бүжиглэжээ.
6
Швед улсын Соллентуна хорих газар
Европын оршин суугчид хүртэл Соллентуна шоронд хоригдож байгаа ялтнуудад атаархмаар тансаг орчинд тэд амьдардаг. Зөөлөн буйдан ортой, тохь тухтай, өөрийн гэсэн угаалгын өрөөтэй камерт тэд хоригддог. Хорих газрын бахархал бол орчин үеийн тоноглолтой биеийн тамирын заал юм. Хоригдлууд гал тогоонд өөрсдийн хүссэн хооллоо хийх боломжтой.
Гэмт хэрэгтэн байхгүй нь улмаас Шведэд олон хорих ангиуд хаагдсан. Шведийн эрх баригчид гэмт хэргийн голомттой тэмцэхийг урьтал болгож, дүүрэн ялтантай шоронд мөнгө зарцуулахаас татгалзах бодлого хэрэгжүүлснээр тус улс гэмт хэргийн тоо буурчээ.
7
Шотланд улсын Аддивелл хорих газар
Аддивелл хорих ангийн барилгын ажилд 130 гаруй сая фунт зарцуулсан тул Шотландын хамгийн үнэтэй, тохилог шорон болжээ. Тус шоронд тусгай хөтөлбөрийн дагуу хоригдлуудыг сургаж, тэд өөрсдийн буруу хандлагаа ойлгож, ирээдүйд засран хүмүүжих ёстой гэж үздэг.
Эхний жилд л гэхэд долоо хоногт хоёроос гурван халдлага шоронгийн хашаанд бүртгэгдсэн тул эрх баригчдын итгэл найдвар бүхэлдээ талаар болжээ. Шоронгийн барилгын ажлын зардал татвар төлөгчдийн мөнгийг агаарт цацсантай адил болов.
8
Австри улсын Леобен шударга ёсны төв
Энэхүү хорих газрыг "таван одтой шорон" гэж нэрлэдэг. Камер бүр зурагттай, мөн хаалттай теннисний талбай, усан сан, биеийн тамирын заалтай. Нийт 205 хүний багтаамжтай. Энэхүү хорих газрыг засан хүмүүжүүлэх болон давтан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор барьсан.
Өрөөнүүд нь гоёмсог тавилгатай, өөрсдийн гал тогоо, угаалгын өрөөтэй. Хоригдлууд нь ямар ч хувцас өмсөж болдог. Шоронгийн загварыг гаргасан архитектороос "Хэрэв ийм тансаг нөхцөл байдал гэмт хэрэг гаралтыг нэмэгдүүлэх юм бол тэрээр энэ төслөөс татгалзах уу" гэж асуухад, тэрээр: "Зөвхөн хоригдлуудын нөхцөл байдал, эдлэх эрхэд анхаарлаа хандуулж байна" гэж хариулжээ.
9
Испани улсын Аранхуес хорих газар
Аранхуес шорон нь гэр бүлийн камертай гэдгээрээ энэ жагсаалтад зүй ёсоор орж байна. Ял эдэлж байгаа хосууд бага насны хүүхэдтэй бол тэд хүүхдээ хоёр нас хүртэл нь хамт амьдардаг. Дараа нь хүүхдийг хамаатан садан нь эсвэл асрамжийн газарт авдаг. Гэр бүлийн камер нь хүүхдийг хөгжүүлэх тоглоом наадгайтай.
Гол зорилго нь залуу эцэг эхийг хүүхдээ хайрлаж сургах, хүмүүжүүлэх чадварыг хөгжүүлэх явдал юм.
10
Индонезийн Пандок-Бамбу хорих газар
Индонезийн энгийн хүмүүс Пандок-Бамбу эмэгтэйчүүдийг хорих ангийн нөхөцлийг дуулаад ихээхэн цочирдсон гэдэг. Шоронгийн камер бүрт зурагт, зөөлөн буйдан, хивс зэрэг байрлана. Орой үдшийн цагаар караокед дуулж, гоо сайхны салонд ордог гэхээр энгийн индонез хүн гайхаж цочирдох нь аргагүй. Тус шоронд мансууруулах бодисонд донтсон эмэгтэйчүүдийг нөхөн сэргээж, хэвийн амьдралд оруулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгждэг.