1
Фанер-мод
Манай эриний өмнөх 3500 жилийн тэртээд эртний Египет улсад фанер-модыг хэрэглэж байсан гэвэл та итгэх үү? Хаад ноёдын асар өргөөг чимэглэхэд тэр болгон үнэтэй модон хавтан ашиглаж чаддаггүй байсан нь фанерыг бий болгосон. Чанар муутай модон хавтанг сайн чанарын нимгэн хавтангаар бүрж, гоё тансаг харагдуулах аргыг тэд чухам энэ үед л олжээ.
2
Усны шугам хоолой
Та яаж гэж өөрөөсөө асуух байх. Газар доорх усны шугам хоолойг анх Энэтхэгийн эртний иргэншил МЭӨ 2700 оны үед бий болгожээ. Эртний Ром, Грек, Хятад, Персийн эзэнт гүрэн адил төстэй шугам хоолойн байгууламжтай байсан. Нийтийн халуун усны газар бий болсноор шугам хоолойн байгууламж барих зайлшгүй шаардлагатай тулгарч, 19-р зууны эцэс хүртэл барилга байгууламжид эртний арга барилаар чулуун хашлага, тугалган хоолойг хэрэглэдэг байв.
3
Тэшүүр
Оксфордын их сургуулийн эрдэмтэн Федерико Форменти, Миланы их сургуулийн Альберто Минетти нарын судалгаагаар финляндчууд 5000 жилийн тэртээд амьтны ясаар анхны тэшүүрийг хийсэн гэдгийг тогтоожээ. Эртний финляндчууд өвлийн цагт хөлдүү нууран дээр тэшүүрээр гулган ан авладаг байсан аж. МЭӨ 200 оны үед ашиглаж байсан зэс иртэй, арьсан гутланд бэхэлсэн тэшүүр Скандинавын хойгоос олдсон юм.
4
Үнэртэй ус
Месопотамийн соёл иргэншил хүн төрөлхтөнд ямар бэлэг үлдээснийг та мэдэх үү? Тэгвэл бүсгүйчүүдийн хэрэглэх дуртай үнэртэй ус хаана анх бий болсон юм бол…
МЭӨ 2000 оны үед цэцэгс, эфирийн тос, аир ургамал ашиглан үнэртэн гарган авч байсан дэлхийн анхны химич, үнэр ус найруулагч Таппути хэмээх нэгэн эмэгтэйн тухай Месопотамийн алдарт чулуун хавтанд тодоос тод тэмдэглэн үлдээжээ.
Харин дэлхийн анхны үнэртэй усны үйлдвэр гэж нэрлэж болохоор газрыг эрдэмтэд Кипр арлын Пиргос хэмээх газраас олсон байна. 60 орчим шүүх аппарат, холих сав, хоолой, бортого зэргийг илрүүлж, судалгаагаар эдгээр олдворууд 4000 жилийн настайг тогтоосон байна.
5
Хэмжилзүйн багаж
Харин хэн хамгийн анх хэмжээ гэдэг ойлголтыг хэрэглэж эхэлсэн бол гэж та бодож үзэв үү? Хүн төрөлхтөн хамгийн анх жин, урт, цаг хугацааг хэмжиж эхэлсэн.
Тэгвэл одоогийн Пакистан улсын нутгаар урсдаг Инд мөрний сав газар хийсэн малтлагын үеэр олдсон багаж хэрэгсэл нь МЭӨ 3300-3100 оны үед хэмжилзүй гэх ойлголтыг анх нэвтрүүлсэн эртний Энэтхэгийн соёл иргэншилд хамаарах юм. Анхны хэмжээ бол алд, дэлэм гэх мэт эрх мэдэлтэн, хаад ноёдын тогтоосон яг тодорхой бус хэмжээ байлаа.
6
Линз
«Нимрудын» линз хэмээх алдрыг хүртсэн 3000 жилийн настай энэхүү уулын болор чулууны хэлтэрхийг Остин Генри Лейард Ассирийн эзэнт гүрний их өргөөнөөс олжээ. Ассирийн гар урчууд модон эдлэлд хээ угалзыг линзээр нарны гэрэл тусган гаргадаг байв.
Италийн их сургуулийн эрдэмтэн Жованни Петтинато ассирчууд линзийг телескоп маягаар ашиглан, од эрхэс хардаг байсан гэсэн өөрийн хувилбарыг дэвшүүлжээ. Хэрэв энэхүү таамаг батлагдвал ассирчууд одон орны асар их мэдлэгийг хаанаас цуглуулсныг тайлбарлах боломжтой болох юм.
7
Төвийн дулаан хангамж
МЭӨ эртний Ромд байшингууд нь шалнаасаа халдаг байсан гэвэл та итгэх үү? Тэд нийтийн халуун ус, хувийн байшингийн шал, хананы хөндий рүү халаасан агаараар үлээж халаадаг «гипокауст» халаалтын системийг бүтээсэн юм. Эртний Солонгос улсад мөн адил төрлийн дулаан хангамж ашигладаг байсныг судалгаагаар баталжээ.
8
Нүдний болрын хагалгаа
Эртний Энэтхэгийн соёл иргэншлийн үеэс эхлэн нүдний болрын хагалгаа хийж эхэлсэн гэдгийг бичгийн эх сурвалжуудад дурдсан байдаг. «Jabamukhi Salaka» гэж нэрлэсэн муруй зүүгээр тус хагалгааг хийдэг байжээ. Энэхүү арга барил нь ихээхэн амжилттай байсан хэдий ч эртний Энэтхэгийн алдарт оточ Сушрута маш шаардлагатай нөхцөл байдалд л тус аргыг ашиглахыг зөвлөдөг байв.
9
Шүдний өрөм
Бидний дургүй шүдний өвчнийг МЭӨ 7000 оны тэртээх Энэтхэгийн соёл иргэншлийн үеэс анагааж эхэлсэн гэж үздэг. Нимгэн гар өрмийн тусламжтайгаар шүдийг анагаадаг байжээ. Энэхүү багажны дахин сэргээсэн орчин үеийн хувилбар нь хангалттай үр дүнтэй, найдвартай гэдгийг харуулсан.
10
Гоо сайхны хагалгаа
Уншигч та итгэхгүй ч байж магад. Гэхдээ хагалгааны салбарын өвөг эцэг нь гоо сайхны хагалгаа юм. МЭӨ 2000 оны үед эртний Энэтхэгт хамрын хагалгаа хийдэг байсан гэвэл та төсөөлөх үү? Хамар тайрах ял оноодог байснаас ийм төрлийн хагалгаа бий болсон гэж эрдэмтэд үздэг.