Гэхдээ над шиг аминдаа хайртай хүн бол өөр л дөө. Яг хаана үйлдвэрлэсэн, хэзээ хэн юугаар авчирсан, тэр үйлдвэрлэгч этгээдийн нас хүйс, төрсөн он сар өдөр, өндөр нам нь байвал бүр сайн энэ тэр гээд...дэлгүүрийн лангууны өмнө тулж очоод мянган асуулт тавьсан ч заримдаа хариултгүй буцах нь ч бий.
- Энэ хаанахын өндөг вэ?
- Орос ах нарын өндөг өө.
- Өө тэд чинь уже бидний ах байхаа больсон.
Хэзээ, хаанаас гараад ямар халуун хүйтэн, хэцүү бэрхийг даван туулж Монголд “харлахаар” ирсэн өндөг гэдгийг нь хэн мэддэг юм.
- Ноолоход ноомой гэгчээр буух эзэн буцах хаягтай Монгол өндөг байна уу? гэх мэт яриа өрнөнө.
Тиймээс би үндэсний үйлдвэрлэгч Түмэн шувуут компанийг зорьсон юм. Манай улсын шувууны аж ахуйн гал голомт анхнаасаа Шувуун фабрик буюу Биокомбинатад ассан. Түмэн шувуут компанийн өндөглөгч тахианы аж ахуй ч мөн тэнд төвлөрчээ.
Би малчны хотонд очиж байснаас тахиачин хамт олны хотонд очиж үзээгүй тул ямар ч төсөөлөл байсангүй. Миний багад хэдэн тахиа, гахайтай, тэр үнэр танараараа хавийнхандаа ад болдог ч баяр болохоор нийслэл салатны өндөг авчих санаатай тал засч зусарддаг айлын хэдэн тахиаг л хашааных нь завсраар сонирхон харж явлаа.
Улаан залаатай улаан, шар, ногоон өд сугсалзуулсан азарган тахиаг л сүргийн манлай өндөгний эцэг гэж боддог байв. Харин өндөглөгч тахианы аж ахуй өндгийг эцэггүйгээр болгочихдог гэхээр сонирхолтой салбар ажээ. Уучлаарай, хатагтай тахиаг би ажилгүй амьтан мэтээр хилс бодож явсан байна.
Түмэн шувуутын өндөглөгч тахианы аж ахуй 2014 онд 34, 2017 онд 51 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь хачин их тоо санагдлаа. Бид чинь 3 саяулаа , Улаанбаатарт сая гаруй нь байгаа болохоор хэрэгцээг маань хангалттай хангачихдаг байх нь гэсэн чинь, үгүй юм. Зөвхөн Түмэн шувуут л гэхэд дотоодын хэрэгцээний тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа ч бидний хэрэгцээ өссөөр байгаа юм байна.
Монголчууд 2017 онд 203 сая ширхэг өндөг хэрэглэснээс харвал хэрэгцээнийхээ дөнгөж 50 хувь нь л хангагдаж. Бид чинь өндгөнд дуртай юм байна. Энэ оноор тооцож бодоход л 220 сая ширхэг өндөгтэй үйлдвэрлэж байж бидний хэрэгцээ ханах юм байна. Даруй 20 сая өндөг хэрэгтэй гэсэн үг.
Өглөө болгон шарсан өндөг, шарсан талх, гахайн утсан мах иддэг дэлхийн нэг хүнд жилд 220 ширхэг өндөг оногддог бол манай Улаанбаатарын нэг хүнд 90-хэн ширхэг оногддог гэнэ.
Жилдээ 220 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болчихвол өдөрт монгол хүн нэг ширхэг өндөг иддэг болох нь. Тэр үед би жишээ нь нэг өндгөө чанаж идчихээд нэгийг нь нүүрэндээ түрхчих боломжтой болох юм байна л даа. Энэ хэрэгцээг л хангачих санаатай манай үндэсний арваад компани мачийж байгаагийн нэг нь эднийх юм.
Буух эзэн, буцах хаягтай монгол өндөг хэрэглээд байвал аштай юу даа.
ХАТАГТАЙ НАРТ ХҮМҮҮС 24 ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ
Мал сүргээ өсгөхийн тулд төл авах, ахиу гурил будаатай болохын тулд ургуулах, үрслүүлдэг гэдэг. Харин өндгийг үйлдвэрлэх гэж хэлэхээр нүүдэлчин малчны сэтгэлгээтэй миний хувьд нэг л бууж өгөхгүй, хэл эвлэхгүй байгаа юм.
Өндгийг яг “үйлдвэрлэчихсэн үү” гэхээр үгүй. Тахиа дангаараа төрүүлээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Тахиа бол өндөг төрүүлээд буюу гаргаад байгаа юм. Түмэн шувуутын өөрсдийнх нь үйлдвэрлэдэг амин дэмтэй тахианы тэжээл нь өндөг боловсроход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр Түмэн шувуут тахиа хоёрын хамтын ажиллагааны үр дүн нь өндөг. Тэгээд ямар Түмэн шувуутын тахиа 2017 онд 51 сая өндөг төрүүллээ гэлтэй биш, яах аргагүй л үйлдвэрлэж таараад байна.
Зарим томоохон үйлдвэр цехээс ч илүү дулаан хэмжигч, агааржуулагчтай аятайхан байранд өндөглөгч тахианууд амьдардаг юм байна. Тахиануудад энэ нь гайхамшиг биш ажээ.
Ер нь энэ тахианууд өөрсдийгөө хүн гэж боддог байхаа. Яг манай муур шиг. Унд хоол нь урсаад ирэх юм, өтгөн шингэн нь бас урсаад явчих юм. Хүн бол хянах шалгах, өндгийг нь савлан авахаар л хатагтай нарын байшинд хамгаалалтын хувцастай нэвтэрдэг юм байна. Хатагтай нар хэзээнээсээ ямбатай л даа, тэр янзаараа л аж.
Нэг байранд 30-40 мянган тахиа амьдардаг. Хажуу хашааны айлынх шиг шоорон шоорон гээд гүйлддэг юм бол уу гэсэн, үгүй юм. Гурван зуун мянган хатагтай нар гүйлдвэл ч сүйд болох байх л даа, мэдээж. Байрны бүх гэрэл, дулаан, агааржуулалт 24 цагаар ажиллан хүнгэнэж, зардлыг ёстой нэг хүүлж байна. Тахиаг бодвол би ч энэ улсад зардал багатай л амьдардаг хүний нэг юм гэдгээ мэдээд авав.
Хэрвээ төвийн цахилгаан тасарвал сэнснүүд нь зогсож тахианууд агааргүйдэж бүтэж үхэх аюултай. 2017 онд төвийн цахилгаан тасарч, нэг хариуцлагагүй эр унтаж таарсны улмаас 18.000 өндөгний ээжийн амийг зольчихжээ.
Энэ эрсдэлээс хамгаалахын тулд Түмэн шувуут бага оврын цахилгаан станц буюу цахилгааны нөөц үүсгэвэр генераторыг ажиллуулж байна. Унтаахай манаачийн оронд цахилгаан тасарвал байшингийн орой дээрх төмөр тахиа харин ч нэг орилж өгнө дөө. Мөн давхар хариуцлагатай жижүүр хариуцлагатайгаар ажилладаг болгожээ. Яг эмнэлэг шиг. Тахианы байрны ая тух ингэж шийдэгддэг юм байна.
Хатагтай нар наран талдаа цонхтой байранд амьдрах юмаа. Тэр гэгээвчээр тусах нарыг ажих манатай тэжээлээ тоншоод тун завгүй. Бодвол олон өндөг гаргах үүрэг даалгавартай энэ амьтдыг байр, хоол ундаар ямбалуулж байж л хэрэг бүтдэг биз.
Тахианаас өндөг авна гэдэг маш нарийн үйлдвэрлэл юм байна. Байр хоол нь ямар байх вэ... гээд бүгд стандартын дагуу 24 цагаар ажиллацгааж байна.
Нялх төлийн дуу хавар л цангинадаг бол нялх өндөгний дуу хэзээ ч хамаагүй “цангинана”. Тэр цангинасан дууг цоо шинээр хэрэглэгчдэд атгуулах үүргийг компанийхан хүлээнэ. Тиймээс л ТАХИАН ДУУНААР ТАНД ХҮРГЭНЭ гэсэн уриа үгтэй компани юм байна. Компанийн ажил өглөө 05 цагт эхэлчихсэн байдаг. Тахиа донгодох завгүй тул “Тахиачин” биднийг сэрээдгийг бас мэдэж авлаа. Өндөг, талх хоёр өглөө биднийг цоо шинээрээ ингэж л угтдаг юм байна. Уг нь залуу хүнийг зорилго нь сэрээж байвал сайн гэдэг. . Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд өглөөг өндөгнөөс эхлэх нь зөв санагдана.
Өглөө бүр шинэ өндөгний сайхан үнэр намайг сэрээж байх болтугай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.