1
Таны ажиллаж байсан хамгийн бохир газар хаана вэ?
Аллага үйлдэгдсэн газар хүмүүсийн боддог шиг тийм ч бохир байдаггүй. Учир нь тэнд цуснаас өөр зүйл байдаггүй юм. Харин хүн байгалийн жамаараа нас барсан газрыг цэвэрлэнэ гэдэг жинхэнэ там. Жишээ нь би нэгэн ганц бие хүн нас бараад сар гаруй болсон газрыг цэвэрлэж байсан юм. Тэнд өт, ялаа хаа сайгүй язганаж нас барсан хүний цогцос яг л цэлцэгнүүр шиг хайлсан байсан. Би тийм зүйл ахиж үзэхийг хүсэхгүй байна.
Харин цэвэрлэж байсан хамгийн аймар газар бол нэгэн аллага гарсан хүүхдийн өрөө байлаа. Хүүхдийн тоглоомон дээрээс цус цэвэрлэх цаанаа л эвгүй байсан шүү.
2
Та өөрийнхөө гэрийг цэвэрлэдэг үү?
Найз охин маань гэр цэвэрлэдэг. Заримдаа тэр намайг цэвэрлэгээ хий гэдэг ч би өөдөөс нь "чиний хүн алсан газрыг би дуртайяа цэвэрлэнэ" гэж хэлээд амыг нь тагладаг юм.
3
Цалин чинь хэд вэ?
Би дунджаар нэг цагийн 25 ам.долларын хөлсөөр ажилладаг. Мэдээж тухайн газар хэр зэрэг бохир байгаагаас хөлс нэмэгдэнэ.
4
Та анх ямар газар цэвэрлэж байсан бэ?
Нэг залуу өөрийнхөө тархийг зад буудсан өрөөг анх цэвэрлэж байлаа. Хүний тархи, гавлын яс цэвэрлэнэ гэдэг надад үнэхээр таалагдаагүй. Одоо ч тийм зүйл тоохоо байж дээ.
5
Та ажил дээрээ хошигнодог уу?
Өөр юу хийх вэ дээ. Мэдээж хэрэг үйлчлүүлэгчид дэргэд байхад тэгэхгүй. Хүний цус цэвэрлэж байгаа хүмүүс нэг нэгнээ хөгжөөхгүй бол галзуурчих юм шиг санагдаад байдаг.
6
Та хувиараа цэвэрлэгээ хийдэг үү?
Мэдээж хэрэг бүх захиалга цагдаагийн газраас ирдэг. Тэд хэргийн газрыг шалгаад бүх зүйлийг баримтжуулж авсны дараа бидний ажил эхэлнэ. Мэдээж миний ажилладаг компанитай адил тусгай зөвшөөрөлтэй газрууд л тэднээс захиалга авах боломжтой. Тийм болохоор хувиараа ажиллана гэдэг бүтэхгүй.