1
"Оversize" хувцасны загвар, материал, өнгийг хэрхэн сонгох вэ?
Оversize хувцас ямар хэмжээтэй байх ёстой вэ?
Хэрэв 1 размер том байвал зүгээр л томдсон харагдах бол 2 размер том байвал "Оversize" стильтэй харагдана. Тиймээс таны өөрийн размераас 2 дахин их байхад хангалттай гэсэн үг. Өндөр, туранхай бүсгүйчүүд 3-4 размер том хувцас өмссөн ч болно. Мөн сүүлийн үед заавал размер тохируулах шаардлагагүй "Оversize" мэт харагддаг стильтэй хувцаснууд олон болсон учир та хүссэн загвараа сонгох боломжтой.
Биеийнхээ пропорцыг хэрхэн алдагдуулахгүй байх вэ?
Том хувцас өмссөн үедээ галбиргүй харагдахгүйн тулд бүс зүүж бэлхүүсээ тодотгож өгөөрэй. Түүнчлэн биеийнхээ зарим хэсгийг ил гаргаж болно. Жишээлбэл мөрөө ил гаргах, эсвэл нимгэн трико өмсөх, гүн ухлаадастай хувцас өмсөх гэх мэт. Харин буруу харсан гурвалжин \өргөн мөр, нарийн ташаа\ галбиртай бүсгүйчүүд дээд талдаа том хувцас өмсөж, доогуураа бариу өмд өмсөх загвараас татгалзах хэрэгтэй бөгөөд оронд нь өргөн өмд, бариу цамц өмсөж болно.
Илүүдэл жинтэй хүнд "Оversize" хувцас тохирох уу?
Илүүдэл жинтэй хүмүүс томдсон хувцас өмсвөл бүр ч тарган харагдана гэхээс айдаг. Гэхдээ зарим үед томдсон хувцас өмсөх нь бариу хувцас өмссөнөөс илүү биеийг цэгцтэй харагдуулж чаддаг. .
"Оversize" хувцаснуудыг хооронд нь хослуулж болох уу?
Алдартай хувийн стилисттэй биш л бол ийм төрлийн олон хувцсыг хослуулж өмсөх талаар бодоод ч хэрэггүй. Учир нь дээгүүрээ ч доогуураа ч томдсон хувцас өмссөн байвал хүмүүс таныг дээд зэргийн загварын мэдрэмжгүй нэгэн гэж харах болно.
"Оversize" хувцсанд ямар өнгө хамгийн тохиромжтой вэ?
Үүнд цагаан, хар, саарал, биений өнгөтэй бүхий л хувцас багтана. Харин ийм загвартай тод өнгийн хувцас өмсөхдөө болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хэт тод өнгөний цаана та болон таны бие галбир бүр мөсөн дарагдах аюултай. Мөн Оversize хувцсанд дээр хэт тод өнгийн хээ угалз байх шаардлагагүй.
"Оversize" хувцсанд ямар гутал, гоёл чимэглэл тохирох вэ?
Илүү өндөр харагдахын тулд өндөр өсгийтэй гутал өмсөх нь зүйтэй. Мөн "Оversize" хувцастай урт хоншоортой гутал илүү сайхан харагдана. Гоёл чимэглэлийн хувьд жижигхэн, чамин байвал зүгээр.
2
"Оversize" хувцасны зохицол
- Дээгүүрээ "Оversize" хувцас өмсөж доогуураа бие барьсан нарийн өмд өмсөх нь хамгийн төгс зохицол юм. Илүү загварлаг харагдахын тулд цамцныхаа нэг буланг өмдөн дотроо хийж болно. Эсвэл сүүлийн үед трэнд болоод буй бүсэлдэг цүнх зүүсэн ч сайхан харагдана.
- Үүнээс гадна дээгүүр өмссөн цамц тань хангалттай урт бол даашинз маягаар өмсөх боломжтой. Энэ тохиолдолд урт түрийтэй, өндөр гутал сайхан харагдана.
- Нимгэн цамцыг кардиган эсвэл ноосон цамцтай хослуулбал сайхан харагдах болно. Үүнээс гадна том размертай пиджактай өмсвөл илүү сэтгэл татам харагдана.
- "Оversize" цамцыг төрөл бүрийн банзал, шорттой хослуулах боломжтой. Жишээлбэл: Өргөн цамц, нарийн мини банзал эсвэл дэрвэгэр хормойтой банзал болон харандаа банзалтай хослуулах гэх мэт.
3
"Оversize" загвартай гадуур хувцсыг хэрхэн зөв сонгох вэ?
- Хэрвээ та пальто сонгохоор шийдсэн бол мөрийг нь сайн ажиглаарай. Мөр нь таны мөрнөөс хэт том байх ёсгүй. Үүнээс гадна ханцуй нь үл ялиг урт байх хэрэгтэй. Гэхдээ пальтондоо "живсэн" мэт харагдаж болохгүй.
- "Оversize" пальтоны тохирсон урт нь таны өдөр тутам өмсдөг даашинзны урттай ижил байхад л хангалттай. Намхан бүсгүйчүүд хэт урт пальто сонгох хэрэггүй. Харин өндөр бүсгүйчүүд хангалттай хэмжээний уртыг сонгох боломжтой бөгөөд шилбэний дунд хүртэл байсан ч болно. Галбираа тодотгохыг хүсэж байвал бүс зүүх хэрэгтэй.
- Пропорцын талаар мартаж болохгүй. Хэрвээ та хэт том куртка эсвэл шуба сонгосон бол доогуураа нарийн өмд сонгох нь зүйтэй.
Хэрвээ та сүүлийн үед трэнд болоод байгаа "Оversize" куртка сонгохоор шийдсэн бол дараах зүйлд анхаарал хандуулаарай.
- Спортлог хувцаслах дуртай бол санаа зовох зүйлгүй "Оversize" куртка сонгож болно. Үүнийг та жийнс, биеийн тамирын өмд, пүүз гээд бүхий л спортлог хувцастай хослуулах боломжтой.
- Хэрвээ таны сонгосон куртка доошоогоо шулуун эсвэл нарийн бол дунд зэргийн урттай, дэрвэгэр хормойтой банзал өмсөж хэлбэрийг нь засаж харагдуулж болно.
- Ийм загварын курткатай бүх төрлийн сүлжмэл болон үслэг малгай гайхалтай зохицно. Туранхай бүсгүйчүүд
том размерын курткыг тод өнгийн малгайтай хослуулах боломжтой.