1. Жаахан хүүхэд бие нь өвдөөгүй бас өлсөөгүй байж шөнө яагаад уйлдаг вэ?
Хачирхалтай нь жаахан хүүхэд эцэг эхийгээ дахиад нэг хүүхэдтэй болгохгүйн тулд шөнө олон дахин уйлдаг гэсэн таамаг бий. Харин энэхүү санааг гаргасан Дэвид Хейгийн тайлбараар хүүхдүүд ганцаар эрүүл өсөж торних гэсэн байгалийн зөн совингоороо эцэг эхийнхээ хувьслын үйл явцад саад болдог гэжээ.
Мөн түүний хэлж байгаагаар хүүхэд эцэг, эх хоёрынхоо альнаас нь илүү их ген өвөлж авснаасаа шалтгаалж шөнө уйлах давтамж нь өөр өөр байдаг байна.
2. Жаахан хүүхдийн тархи яаж хөгждөг вэ?
Төрсний дараа хүүхдийн тархи маш хурдтай томордог бөгөөд эхний 3 сард гэхэд л насанд хүрсэн хүний тархины 50%-тай тэнцэж очдог байна. Учир нь хүүхэд эхийн хэвлийд байхаасаа л ертөнцийг танин мэдэж эхэлдэг бөгөөд хурц гэрэл, эхийн дуу хоолой, хөгжмийн дугаралт зэргийг таньж хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг аж.
3. Бид яагаад хүүхэд насныхаа зарим дурсамжийг санадаггүй вэ?
Шинжлэх ухааны хэллэгээр "Infantile amnesia" буюу нярай үеийн ой санамж алдагдах үзэгдлээс болоод бид амьдралынхаа эхний жилийн үйл явдлыг огт санадаггүй байна. Энэ үзэгдлийн талаар эрдэмтэд тайлбарлахдаа нярай хүүхэд алхам тутамдаа олон зүйлийг шинээр сурч байдаг бөгөөд тэр үед нь тархинд маш хурдтайгаар шинэ эсүүд бий болж өмнөх мэдээлэл хадгалсан эсүүдээ устгаж байдаг байна.
4. Дөнгөж төрсөн хүүхэд хөхөө шууд хөхөж чаддаг нь ямар учиртай вэ?
Дөнгөж төрсөн хүүхдийг эхийнх нь хэвлий дээр тавих үед тэд өөрсдөө хөхөө олж хөхөж эхэлдэг. Үүний гол учир нь хүнд сүүн тэжээлтэн амьтан болохын нь хувьд байгалиас хөхөх рефлекс заяасантай холбоотойгоос гадна ээжийнх нь мөөм эхийн хэвлийд байхад нь хэвлийн усан дотор хөвж байдаг шингэнтэй адилхан үнэртдэг байна. Энэ нь хүний үнэрлэх чадвар бүр үр хөврөлийн эхний шатнаас бий болдогтой холбоотой юм.
5. Шинэ төрсөн хүүхэд ертөнцийг яаж хардаг вэ?
Дөнгөж төрсөн хүүхэд эргэн тойрноо зөвхөн хар, цагаан, саарал өнгөөр хардаг гэвэл та үнэмших үү. Үүнээс гадна нярай хүүхэд өөрөөсөө 30см хэртэй хол байгаа зүйлийг зүгээр л хар толбо болгож хардаг бөгөөд дор хаяж 20см ойртож байж хүүхдэд танигдах боломжтой болно. Гэсэн хэдий ч хүүхэд амьдралынхаа эхний хэдэн сард зөвхөн ээжийнхээ царайг л ялгаж таньж чадна. Энэ нь нүдний дурангийн дүрслэх чадвар болон баруун, зүүн нүднээс ирж байгаа мэдээллийг тархи хэрхэн хүлээж авч буйтай холбоотой байдаг байна.
6. "Хүүхэд эхийнхээ биед байж л байдаг"
Шууд утгаар нь хэлбэл хүүхэд эхийнхээ биед зарим эд, эсээ үлдээсэн байдаг гэсэн үг. Үүнтэй холбогдуулан эрдэмтэд 32-101 насандаа нас барсан 59 эмэгтэйн тархийг судалж үзээд тэдний 37-гоос нь эрэгтэй хүний "Y" хромосомын ул мөр олжээ. Тэдний таамгаар бол энэ нь жирэмслэлтийн үед үр хөврөл болон тээж буй эхийн хоорондох эс бүрэлдүүлэх үйл явцаас тусгаарлан үлдсэн эр эс гэнэ. Үүнийг микрохимеризм гэдэг бөгөөд үр хөврөл эхийнхээ биед өөрийн хэсгийг бий болгодог гэж тайлбарлаж болох юм.
7. Хүүхэд ээжийнхээ зүрхийг эмчлэх чадвартай
Эрдэмтэд хулгана дээр хийсэн лабораторийн туршилтынхаа үр дүнд нэгэн сонирхолтой нээлт хийсэн нь үр хөврөлийн үүдэл эс эхийнхээ зүрхний шигдээсийн улмаас гэмтсэн эсүүдийг сэргээж байгааг анзаарсан явдал юм. Ийм байдлаар үр хөврөл эхийнхээ биед нөлөөлж амьдрах чадварыг нь нэмэгдүүлдэг гэж судалгаа хийсэн Хина Шондри үзжээ.
8. Хүүхэд яагаад бүх зүйлийг амандаа хийдэг вэ?
Хүүхэд төрснөөс хойших эхний долоон сард гар хурууных нь зөөлөн эд сайн хөгжөөгүй байдаг бөгөөд ойр орчныхоо эд зүйлсийг гараараа мэдрэхдээ муу байдаг. Харин уруул болон хэлний хөгжил илүүтэй хөгжсөн байдаг учир хүүхэд ямарваа зүйлийг танин мэдэхийн тулд амандаа хийж мэдэрдэг байна.
9. Жаахан хүүхэд яагаад их унтдаг вэ?
Тархи хоол хүнснээс нийт авах ёстой глюкозынхоо ердөө 20 хувийг авч чаддаг бол унтаж байх үедээ глюкозыг хамгийн идэвхтэй хүртэж байдаг. Харин хүүхдийн тархи насанд хүрсэн хүнийг бодвол хэд дахин их глюкоз шаардаж байдаг учир хүүхэд энэ их хэрэглээгээ хангахын тулд цаг үргэлж унтаж байдаг байна.
10. Хүүхдүүд яагаад цаг үргэлж иддэг вэ?
Шинэ төрсөн хүүхдийн ходоод ердөө ойн самрын хэмжээтэй байдаг. Харин ходоод нь маш хурдан томордог эрхтэн бөгөөд төрснөөс хойш хоёрхон долоо хоногийн дараа гэхэд тахианы өндөгний хэмжээтэй болсон байдаг. Тиймээс хүүхэд цаг үргэлж идсээр л байдаг байна.