Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд

Аялалд дуртай хүмүүс боломж гарах л юм бол шинэ газар үзэж, шинэ адал явдалтай учрахад бэлэн байдаг. Гэвч дэлхийд аймшигт түүхийн гэрч болон үлдсэн сонирхолтой газрууд олон байдаг бөгөөд тэдгээр газрууд руу зөвхөн зоригтой хэн нэгэн аялж чадах гэнэ. Ингээд бид танд тэдгээр аймшигт газруудыг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд хэрэв та өөрийгөө зоригтой нэгэн гэж боддог бол эдгээр газруудаар аялаад үзээрэй.

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд

1 "Боди" сүнсний хот

Боди бол Калифорнийн өмнө зүгт байрлах бяцхан хот юм. Анх 1876 онд энэ газрын хөрснөөс их хэмжээний алт олдсон бөгөөд тэр үеэс эхлэн хот эрчимтэй хөгжиж эхэлсэн гэдэг. Түүнтэй зэрэгцэн хууль бусаар алт олборлогчид, гэмт хэрэгтнүүд, биеэ үнэлэгчид энэ хотоор суурьших болсон юм. Үүнээс болоод хотод их хэмжээний дээрэм, аллага, луйвар, хүчингийн хэрэг ихээр гарах болжээ. 

Ийнхүү алтны эх үүсвэр дуусмагц тэд энэхүү газрыг орхиж явснаар Боди хот эзэнгүй балгас болон үлдсэн байдаг. Харин 1962 онд энэ хотыг түүхэн дурсгалт, аялал жуулчлалын газар болгон жуулчид хүлээн авдаг болсон байна. Боди руу зөвхөн зун л очих боломжтой бөгөөд XIX зууны үеийн барилга, тоосонд дарагдсан дээвэр, хаягдсан эд зүйл зэргийг харж болно. Үүнээс гадна нутгийн гэмт хэрэгтнүүдийн талаар сонсох боломжтой .

"Боди" сүнсний хот

2 “Жон Снөү” паб

Лондонгийн Брод гудамжинд байрлах энэхүү уушийн газарт 1854 онд холер өвчин тархаж, 500 хүн амиа алджээ. Учир нь энэ газрын гадаа холероор хордуулсан усан насос байсан гэнэ.

Харин өнөөх хортой насосыг Жон Снөү гэх эмч олж илрүүлснээр олон зуун хүний амь насыг аварчээ. Тэрээр өөрийн гараар насосын тагийг салгасан байна. Энэ нь өвчний тархалтыг судлахад маш том туслалцаа үзүүлсэн бөгөөд тэр цагаас хойш уушийн газар нэрээ өөрчилж Жон Снөү гэх нэртэй болсон юм.

“Жон Снөү” паб

3 "Гомантонг" агуй

Малайзын Гомантонг ууланд нэгэн ан цав гарсан байдаг бөгөөд энэ ан цаваар дамжин “аймшгийн агуй” руу орох боломжтой. Харин энэхүү агуйд орох нь зүрх судасны асуудалтай хүмүүсийн хувьд  тийм ч амар зүйл биш бөгөөд чийгтэй таазан дээр сарьсан багваахай үүрлэж, хана шалан дээр нь жоом, шавж, харх, могой гэх мэт амьтад сүлжилдэх нь харагдах болно. Харин энэхүү “аймшгийн агуй”-д амьтдын ялгадас хэдэн арван метрийн өндөртэй байдаг учир аялагчдыг алхахад зориулсан гүүр барьсан байдаг. Тиймээс хэрвээ таны зориг хүрнэ гэж бодож байвал энэ газраар нэг аялаад үзээрэй.

"Гомантонг" агуй

4 Гуанахуато дахь занданшсан шарилын музей

Мексикийн Гуанахуато хот дахь Гуанахуато музейд 111 төрлийн занданшуулсан шарил хадгалагддаг гэнэ. Учир нь 1833-1958 оны хооронд нас барагсдыг оршуулгын газар оршуулсныхаа төлөө сар бүр татвар төлөх хэрэгтэй байсан учир ийнхүү олон тооны занданшсан шарил хадгалагдахад хүргэжээ. Мөн оршуулгын татвараа төлөөгүй тохиолдолд шарилыг хөндөн цогцсыг гарган хаядаг байсан бөгөөд ил байгаа цогцос хэт халуунд занданшдаг байсан аж. Ингээд хэсэг хугацааны дараа энэхүү газар аймшигт түүхэн дурсгалт газар болж үлдсэн байна.

Гуанахуато дахь занданшсан шарилын музей

5 Трентон сэтгэцийн эмнэлэг

Трентоны сэтгэцийн эмнэлэг нь 1848 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын Нью-Жерсигийн хамгийн анхны улсын эмнэлэг юм. Харин 1907 онд тус эмнэлгийн захирлаар Хенри Коттон гэгч томилогдсоноор тэр бүх аймшигт түүх эхэлсэн гэж үздэг. Тэрээр сэтгэцийн өвчнийг халдварын улмаас үүссэн гэж үзэж байсан бөгөөд халдварласан биеийн хэсгийг тайрч авах хэрэгтэй гэжээ. Ингээд тэрээр олон зуун хүн дээр хагалгаа хийж өөрийн эмчилгээний 85%-ийг үр дүнтэй гэж баталсан байна. Гэвч ихэнх өвчтөнүүд нь шархаа даалгүй харамсалтайгаар зовж үхсэн байдаг. Харин одоо үед Трентоны сэтгэцийн эмнэлэгт хүссэн хүн бүр орж үзэх боломжтой ч ихээхэн эр зориг шаардах нь дамжиггүй.

Трентон сэтгэцийн эмнэлэг

6 Вроликийн музей

Амстердамын Их Сургуулийн Вроликийн музейд 10 мянга орчим хүн болон амьтны араг яс байдаг бөгөөд энэ нь шинжлэх ухааны хувьд нэлээдгүй үнэтэй сан хөмрөгт тооцогддог байна. 200 жилийн өмнө энэхүү музей нь Герардс Вролик (1755–1859) болон түүний хүү Вильям Вролик (1801–1863)-ын эзэмшил байсан бөгөөд хүү Вильям нь эцгийнхээ цуглуулгыг нэмэрлээд зогсохгүй мутацийн талаар мэдээллийг бичсэнээр анагаах ухааныг нэг алхам урагшлахад тусалсан гэж үздэг. Музейд хүн бүр орох боломжтой ч зөвхөн зоригтой нэгэн л орж чадах болов уу.

Вроликийн музей

7 Ариун Иржигийн сүм

Ариун Иржигийн сүм буюу “Сүнсний сүм”-ийг 920 оны үед Чехийн тосгон болох Луковад нутгийн ханхүү бариулсан гэдэг. Хэдийгээр сүм маш олон удаа шатсан ч тэр бүрт нь сэргээн барих ажлыг хийсээр байсан юм. Харин 1968 онд нэгэн оршуулгын ёслолын үеэр сүмийн дээвэр нурсан учир хүмүүс энэхүү сүмийг сүнстэй гэж итгэх болжээ. Ингээд сүмийг дахин хэн ч засварлаж янзлаагүй бөгөөд 2012 онд Яков хэмээх оюутан сүмийн хаалганы дэргэд гипсээр баримал хийж байрлуулсан нь сүмийг бүр ч аймшигтай болгон хувиргасан байна.

Ариун Иржигийн сүм

8 Париккал дахь өвөрмөц баримлын музей

Энэ газар бол Финляндын хамгийн сонирхолтой бас олны анхаарлыг татсан паркуудын нэг юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнгээр аялах нь яг л сэтгэцийн эмнэлэгт байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан Вейо Рёнккёнен нь галзуу хүн биш харин алдартай зураач байсан бөгөөд 41 жилийн турш уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. Энэ хугацаанд тэрээр 450 орчим хүн болон амьтны баримлыг бодит хэмжээгээр нь бүтээсэн байна.

Баримлуудыг зураачийн дурсамжаар хэд хэдэн сэдвээр ангилсан аж. Үүнд: Хүүхдийн дурсамж, бодит байдал, уулзалт, зөгнөл гэсэн 4 хэсэг багтана.

Париккал дахь өвөрмөц баримлын музей

9 Кахиллс Кроссинг матартай зам

Австралийн Кахиллс Кроссинг (Cahills Crossing) нь дэлхийн хамгийн аймшигтай газруудын нэг юм. Учир нь энэ замын маш жижигхэн хэсэгт гэхэд л 120 орчим матар амьдардаг бөгөөд зам дагуу олзоо гэтэн хүлээж байдаг. Харин жил бүр маш олон жолооч энэхүү хэсгийг гатлахыг оролддог ч замынхаа нөгөө талд хүрч чаддаггүй байна. Хэдийгээр матартай гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байдаг ч загасчид болон жуулчдын хувьд энэхүү газар нь нэлээдгүй алдартай юм.

Кахиллс Кроссинг матартай зам

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()