1
Залуу эрдэмтэн Илья Раевский
Илья сургуульд ороод ердөө хоёрхон жилийн дотор тавдугаар ангийн хичээлийг бүрэн үзэж онц дүнтэй төгссөн бөгөөд химийн курст ахлах ангийнхантай хамт хичээл үздэг байжээ. Түүнчлэн шинжлэх ухаанд дуртай жаал хүү, робот техник, програмчлал судалж, 3D загварчлалыг сонирхож эхэлсэн байна. Тэгээд ч зогсохгүй орос, англи, хятад хэл сурч амжжээ.
Тэрээр бүх Орос улсын “Ирээдүйн оюун ухааны тэргүүнүүд” форумын хамгийн залуу ялагч юм. Түүнчлэн түүний нэр “Боловсролын тэргүүнүүд” нэвтэрхий тольд орсон байдаг. Залуу эрдэмтэн ОХУ-ын ерөнхийлөгчтэй гурван удаа уулзаж, холбооны сувгийн телевизийн нэртэй нэвтрүүлгүүдэд нэг бус удаа оролцож байсан юм.
Залуу эрдэмтэн Илья Раевский хэлэхдээ “Дөрвөн жилийн дараа би 15 насандаа сургуулиа төгсөөд “Сколтех” дээд сургуульд бакалавраар суралцана. Бүр найман настайдаа л элсэж, ажиллаж амьдрахыг хүсч байсан шинжлэх ухааны “Сколково” хотхонд очихын төлөө бүхий л хүч чадлаа дайчлах болно. Харин 20 жилийн дараа гэхэд талст судлалын Артём Оганов шиг дэлхийн түвшний эрдэмтэн болно” гэжээ.
Харин тэрээр 2016 оны тавдугаар сард “Сколкова”-гийн дээд сургуульд элсэх тусгай урилга авсан юм.
2
Блогч, хувиараа бизнес эрхлэгч Туся
16 настай Туся /жинхэнэ нэр нь Наташа/ Волгоград мужийн нэгэн жижиг тосгонд амьдардаг. Тэрбээр өөрийнхөө инстаграмд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт болон спортын талаар нийтэлдэг бөгөөд өдгөө хагас сая уншигчтай болоод байна. Туся охин анорекс буюу хоолны дуршил буурах өвчнийг даван туулснаараа буруу хооллолтын уршгийг дам үгээр бус жинхэнээр нь мэддэг хүн гэсэн үг. Зарим нь түүнийг насанд хүрэгсэд шиг сэтгэн бодож чадахгүй, түүний өмнөөс мэргэжлийн хүн бичдэг гэх нь бий. Гэхдээ Туся энэ бүхнийг өөрийн эрэлхэг үйл хэргээрээ няцааж чаддаг байна.
3
Хостелуудын сүлжээг үндэслэгч саятан Данил Мишин
Данил Мишин 2008 онд 16 настай байхдаа Москвад иржээ. Тэрбээр өөрийн байраа өв залгамжилж авахдаа л буудал болгохоор шийдсэн бөгөөд 20 насандаа өөрийн зочид буудлын сүлжээг бий болгож өөрийнхөө цаг үеийн хамгийн амжилттай бизнесмэн, бас саятан болж чадсан юм.
4
Шивээсчин Эзра Дорман
Ээж нь шивээс хийдэг байсан учраас Эзра Дорман бүр жаал хүү байхаасаа л биен дээр зураг зурахыг сонирхож эхэлжээ. Ингээд тэрээр өөрийнхөө хүчийг сорихоор шийдэхэд ээж нь ч түүнийг дэмжсэн гэдэг.
Шивээсчин Эзра Дорман хэлэхдээ “Байнгын анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг болохоор шивээс хийх ажил надад таалагддаг. Ажил маань надад аялах, урлагаар хичээллэх, өөрөө өөртөө удирдагч байх боломж олгодог болохоор би ажилдаа нухацтай ханддаг” гэжээ.
Панамын 12 настай зураачид өнөөдөр үйлчлүүлэгчдийн бүхэл бүтэн арми бий болж өөрийнхөө биеийг залуу мастерт тушаахаас айхаа больжээ.
5
Зохион бүтээгч Павел Курбацкий
Павел бүр 10 настайгаасаа эхлэн дэлхий дахины сайн сайхны төлөө харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан гар утас зохион бүтээхээр оролдож эхэлжээ. Эхлээд тэрээр сонсгол, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чичиргээ бүхий цахилгаан термометр бүтээсэн байна. Дараагаар нь жаал хүү саадыг урьдчилан мэдээлэх хэт богино долгионы дуу чимээтэй таяг, дохио хүлээн авагч бүхий нүдний шил зохион бүтээжээ. Өнөөдрийн байдлаар түүний дохио хүлээн авагч бүхий нүдний шил хэрэглэгчдийн гар дээр очин хэрэглэгдэж эхлээд байна.
6
Сансрын нисэгч-дадлагажигч Алисса Карсон
17 настай Алисса 2033 он гэхэд Ангараг руу нисэх зорилготой байгаа гэнэ. Тэрбээр одоо сансрын нисэгчдийг бэлтгэх төвд тууштай бэлтгэл хийж, үүндээ ч сэтгэл хангалуун байдаг байна. Сансар судлалын "Advanced PoSSUM" академийн хамгийн залуу төгсөгч тэрбээр сансарт нисэх магадлалтай сансрын нисэгч, дадлагажигч гэсэн үнэмлэхийг шууд гардан авсан анхны хүүхэд юм. Түүнчлэн Алисса ирээдүйн сансрын нисэгч хүүхдүүдийг мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилготой "Blueberry Foundation" хэмээх байгууллагыг үндэслэжээ.
7
Хамгийн залуу, хамгийн их орлоготой загвар өмсөгч Кристина Пименова
Кристина гурван жилийн өмнөөс загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийд алдартай Roberto Cavalli, DSquared2, Fendi, Dolce & Gabbana, Armani зэрэг загварын зургаан ч ордонтой хамтран ажиллаж байна. Охин бас "Ferrero" компанийн "Kinder" брэндийн нүүр царай юм.
Мөн тэрээр дөнгөж 10-хан насандаа Америкийн загварын тэргүүлэх агентлаг "LA Models" болон "New York Models"-тай гэрээ байгуулсан байна.
8
Загвар зохиогч, саятан Мэдисон Робинсон
Медисон найман настай байхдаа тэнгисийн сэдэвтэй флип-флоф загвар бүтээгээд аавдаа үзүүлэхэд загвар ойлгодог аав нь шууд л нэр өгч дэмжсэн гэдэг. Медисон 13 насандаа гэрийн шаахайны хэд хэдэн загвар гарган хоёр жилийн дараа гэхэд саятан болсон байна. Түүний зуны өвөрмөц загварын улавч, гутлуудыг албан ёсны сайтаас нь захиалан авч болно.
9
Мэргэжлийн төгөлдөр хуурч Данил Харитонов
1998 онд Өмнөд-Сахалинд төрсөн Данил бүр багаасаа л хөгжимд сонирхолтой ер бусын авьяастай байжээ. Тиймдээ ч тэрээр таван насандаа хөгжмийн сургуульд орж долоон насандаа найрал хөгжимтэй хамт тоглолт хийж байсан байна.
Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхим, Москвагийн консерваторын танхим, Марийнскийн театр, Москвагийн олон улсын хөгжмийн ордны тайзан дээр бүгдэд нь тоглож байсан анхны хүүхэд юм. Мөн түүнийг Нью-Йоркийн Карнеги-Холлд 2013 онд тоглосны дараа Америкийн шүүмжлэгчид маш өндрөөр үнэлсэн байдаг.
Данил энэ хугацаанд олон улсын телевизийн “Шелкунчик” наадмын шагналыг хоёронтоо хүртсэн бол, олон улсын “Моцарт-Вундеркинд” наадмын Гран-при, олон улсын залуу хөгжимчдийн “Шинэ нэр” наадмын болон Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагнал зэргийг хүртээд байгаа юм. Түүнчлэн тэрээр 2014 онд Сочид болсон өвлийн олимпын бамбарыг өртөөлсөн нэгэн юм.
10
www.chatroulette.com-ыг үндэслэгч Андрей Терновский
Сурагч Андрей Терновский 2009 онд харилцагчаа тохиолдлоор сонгодог нэргүй чат chatroulette.com-ыг бүтээжээ. Жилийн дараа гэхэд энэхүү вебсайтын талаар Америкийн "The New York Times" зэрэг хэвлэлүүд бичиж сайтад өдөрт хандагчийн тоо нэг сая давсан байна.
Чат үнэхээр алдаршин 2010 онд "Webby Awards" шагнал хүртсэн байна. Одоо Андрей АНУ-д ажиллаж амьдарч байна.