1
Түлэгддэггүй сав
Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн тефлон буюу түлэгддэггүй сав суулгыг сонгох болсон бөгөөд энэ төрлийн сав суулга ч мөн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон байдаг байна. Учир нь наалддаггүй материалтай тогоо, хайруулын таваг зэргийг хийхэд политетрафторэтилен хэмээх бодисыг ашигладаг бөгөөд цельсийн 300 градусаас дээш халах үедээ хорт бодисыг ялгаруулж эхэлдэг аж. Энэ нь тефлоны ханиад гэх өвчин тусахад нөлөөлдөг бөгөөд гэрийн тэжээвэр амьтныг үхэлд хүргэх ч магадлалтай.
Харин зарим түлэгддэггүй сав суулга дээр дурдсан бодисыг агуулаагүй байдаг бөгөөд энэ нь боржин бүрээстэй сав юм. Харамсалтай нь боржин бүрээстэй сав, суулга амархан хагардаг сөрөг талтай.
Шилдэг сонголт: Ширмэн сав нь эрүүл мэндэд хоргүйгээс гадна эдэлгээ удаантай байдаг. Үүнээс гадна ширэм нь жигд халдаг бөгөөд халсныхаа дараа түлэгдэлт өгдөггүй. Мөн хоол хүнсний төмөрлөгийн хэмжээг нэмэгдүүлдэг учир эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
2
Хөнгөн цагаан сав суулга
Хөнгөн цагаан сав суулга хэрэглэхэд хялбар ч таны эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Учир нь энэхүү металл нь мэдрэлийн системийг гэмтээж альцгеймер болон склероз өвчний эх үүсвэр болдог байна. Хэдийгээр хөнгөн цагаан сав суулга нь хамгаалалтын бүрхүүлтэй байдаг ч энэ нь амархан гэмтэж, хоолонд өвчин үүсгэгч бодис бага багаар орох нөхцөлийг бүрдүүлдэг.
Шилдэг сонголт: Шилэн сав суулга нь халах үедээ ямар нэгэн хорт бодисыг ялгаруулдаггүй бөгөөд төрөл бүрийн үнэр шингээдэггүй. Шилний нэг сул тал нь түлэгдэлтийн эсрэг хамгаалалтгүй байдаг ч эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
3
Зэсэн сав суулга
Зэсээр хийсэн болон өнгөлсөн сав суулга харагдах байдлаасаа маш гоё үзэмжтэй байж чаддаг. Үүнээс гадна зэс нь дулаан дамжуулахдаа сайн учир гал дээр тавьсан сав жигд халдаг сайн талтай. Гэвч зэсийг гал тогооны сав суулганд зориулан ашиглах нь мөн л эрүүл мэндэд аюултай байдаг байна.
Зэс нь зарим нэг хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орох магадлалтай байдаг бөгөөд урвалд орсон тохиолдолд та металлын хордлого тусах эрсдэлтэй. Түүнчлэн савыг хэдэн удаа ашиглаад л хамгаалалтын бүрхүүлд гэмтэл үүсдэг учир хамгаалалттай гэж найдах хэрэггүй.
Шилдэг сонголт: Зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн сав суулга нь парапинд тэсвэртэй, зарим тохиолдолд түлэгдэхгүй байх ч давуу талтай. Үүнээс гадна эдэлгээ сайтай шүү.
4
Керамик бүрхүүлтэй сав суулга
Керамик бүрхүүлтэй сав суулга нь өнгө үзэмж сайтай, аюулгүй мэт харагддаг. Гэхдээ ийм материалтай сав суулганд дуураймал, жинхэнэ гэж байдаг бөгөөд хуурамч керамикийн цаана их хэмжээний хорт бодис агуулагдсан байдаг.
Зөөлөн керамик нь бат бөх биш учраас хэдэн удаагийн хэрэглээний дараа цууралт үүсэж эхэлдэг бөгөөд ингэснээр тугалга болон кадми хоол хүнсэнд орж, бие организмд нэвтэрнэ. Харин тугалгад хордох нь хамгийн аюултай хордлогын нэг бөгөөд гэдэс өвдөх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна үргүйдэлд хүргэж ч болзошгүй.
Шилдэг сонголт: Хамгийн гол нь та 100% керамик сав суулга сонгох хэрэгтэй. Хэдийгээр бага зэрэг үнэтэй ч удаан хугацааны туршид ашиглах боломжтой.