Урт хугацааны туршид төр биеэ үнэлэгчдийн асуудалд хутгалддаггүй байсан бөгөөд энэхүү асуудлыг сүмд шийдвэрлэдэг байсан гэнэ.
Гэвч "Петр I" төр барих болсноор энэ байдал өөрчлөгдөж, тэрээр Оросыг Европын хамгийн шилдэг орон болгохыг хүсэж байсан юм. Ингээд тэрээр биеэ үнэлэлтийг зогсоохыг хүсжээ. Гэхдээ "Петр I" иргэдийн сэтгэл санааны байдал бус харин эмсийн хүрээлэнгүүд цэргийн хуарангийн дэргэд байгаад ихээхэн зовниж байсан гэнэ. Учир нь энэ бүх хууль бус зүйлийн хамт бэлгийн замын халдвар ихээр тархах болсон юм. Үүнээс болоод биеэ үнэлэгчдийг цэргийн армийн орчим байхыг хориглосон бөгөөд цэрэгтэй дотно холбоонд орсон бүсгүйчүүдээр засан хүмүүжүүлэх ажил хийлгэж байжээ.
Хэдий чинээ он цаг өнгөрнө, төдий чинээ биеэ үнэлэлтийн хууль дүрэм улам чангарсаар байсан юм. Жишээлбэл Екатерина II хатан эмсийн хүрээлэнгийн эздийг шоронд хорьж байсан бол Павел I нь биеэ үнэлэгчдийг Иркутск руу явуулж байсан бөгөөд тэднийг зөвхөн шар хувцас өмсөх хэрэгтэй гэжээ. Энэ нь тэдгээр бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч гэдгийг ялгаж өгч байсан аж.
Николай I энэхүү бусармаг үйл ажиллагааг хориглоход их хэмжээний хөрөнгө үрэгдэж байгааг анзаарсан учир эмсийн хүрээлэнг хууль ёсны байгууллага болгожээ. Энэ нь ихээхэн давуу талтай байсан бөгөөд биеэ үнэлэгчид цагдаа нараас зугтах шаардлагагүй болж, эмчийн үзлэгт хамрагдах болсон байна.
Үүнээс гадна Николай I-ийн үед "Эмсийн хүрээлэн"-д зориулсан тусгай дүрэм гарсан бөгөөд үүнд эмсийн хүрээлэнг сургууль, сүм, цэргийн сургуулиас доод тал нь 300м-ийн зайд орших ёстой гэжээ.
Түүнчлэн биеэ үнэлэгчдийн паспортыг хураан авч оронд нь биеэ үнэлэх эрхийн бичиг өгч байсан гэнэ. Уг эрхийн бичиг нь паспорт болон ЭМД--ийн үүргийг зэрэг гүйцэтгэж байсан бөгөөд үзлэг хийсэн эмч гарын үсгээ зурж баталгаажуулдаг байжээ.
Ингээд бүр цаашлаад Оросын биеэ үнэлэгчдийг ангилах болсон байна. Өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгчид бараг л язгууртан мэт амьдарч байсан бөгөөд тэднээс үйлчилгээ авахын тулд хамтдаа зугаацаж, кино театр үзвэр үзэж, хоолны газар луу дагуулж явах ёстой байжээ.
Дараагийн ангилалд багтах бүсгүйчүүд нь эмсийн хүрээлэнд үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд энгийн хувиараа биеэ үнэлэгчид хүртэл байсан юм. Мэдээж энгийн биеэ үнэлэгчдийн тоо маш их байжээ.
Үүнээс гадна албан ёсоор биеэ үнэлэгч бус харин язгууртны ресторанд дуу дуулж, тодорхой үнэ, урамшуулал авч байж үйлчилгээ үзүүлдэг бүсгүйчүүд ч бас бий.
Мөн залхуурлаас болж биеэ үнэлэлт дэлгэрсэн гэвэл худал ойлголт юм. Учир нь санал асуулгын үеэр энэ төрлийн хариулт ирж байсан ч ихэнхдээ өөрийгөө, гэр бүлээ тэжээх зорилготойгоор биеэ үнэлэлт явагддаг байжээ. Судалгаанаас харахад Оросын хаант засаглалын үеийн 48% нь харц гаралтай бүсгүйчүүд байсан бөгөөд том хотод сайхан амьдрал мөрөөдөж ирсэн тэд ийнхүү өөрийгөө тэжээхийн тулд биеэ үнэлэгчийн ажлыг сонгодог байжээ.