Ажлын хүнд өдрийн дараа эсвэл онцгүй явдал тохиолдсоны дараа гэрийнхээ гал тогоонд хоол бэлдэж, хурц хутгаар мах ногоо хэрчинэ гэдэг л сэтгэл ханамжийг авах ганц зүйл гэлтэй. Хоол хийх нь оюун бодлыг үргэлж завгүй байлгадаг нэг ажил. Орц бэлдэж, хэмжиж, жорын талаар байнга бодох нь олон хүмүүст санаа амарч тайвшралыг олох хамгийн оновчтой арга болдог байна. Иймд хоол гэдэг зөвхөн биеийг биш оюун бодлыг ч тэжээдэг аж.
Саяхныг болтол бидэнд "Nutrition" буюу шим тэжээл, "Diet" буюу дэглэм барих зэргээс өөр хоолны сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар мэргэжлийн зөвлөгөө байдаггүй байв.
Сүүлийн хэдэн жилд хоол хийх үйлийг эмчилгээний зориулалтаар ашиглаж болохыг судалсан байгууллагуудын тоо нэмэгджээ. Мөн энэ нь мансууруулах бодист донтох болон хоолны дуршил буурах өвчнөөр шаналж байгаа хүмүүст илааршихад нь эерэг нөлөөтэй болох нь судлагджээ.
Олон хүмүүс гал тогооны ард цагийг өнгөрөөх нь ихээхэн ашигтай болохыг мэдэхийн хэрээр “Culinary Arts Therapy” хэмээх хөдөлгөөн дэлхийд нэрд гарч эхэлжээ. Тус хөдөлгөөний мэргэжилтэн Жюли Охана(Julie Ohana)–ийн "Huffington Post" сайтад өгсөн ярилцлагад "Хоол хийх нь сэтгэл гутрал, санаа зовнил, уйтгар гунигаас ангижрахад хамгийн чухал нөлөөг үзүүлдэг. Тодорхой үйлдэл, бодлыг дор хаяж нэг цаг хойш тавьж, өөр зүйлд анхаарал хандуулах нь сэтгэцийн үнэхээр гайхалтай эмчилгээ болдог” гэдгийг дурджээ.
“Wall Street Journal” сонинд дурдсанаар нийтлэлч Жан Вэйлэн(Jeanne Whalen)-ий Их Британид нэгэн судалгаа явуулсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн ангийн оюутнууд нарийн боовны сургалтанд хамрагдсаны дараагаар тэдний өөртөө итгэх итгэл болон сэтгэл зүйн байдал эрс сайжирсан нь ажиглагдсан байна.
Өнөөгийн нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн үнэ цэнийн талаарх ойлголт эрс нэмэгджээ. Сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь бие махбодын хувьд эрүүл байхтай адилхан чухал зүйл. Иймд хоол бол аль алинд нь олон талаараа чухал нөлөөтэй нь тодорхой юм.