1
Антонов Ан-225
"Антонов Ан-225 Мрия" каргоны хөлөг нь дэлхий дээр одоо ашиглагдаж буй хамгийн том нисэх онгоц юм. Украинд үйлдвэрлэгдсэн, зургаан турбо сэнс бүхий хөдөлгүүрээр тоноглогдсон тус хөлөг 250 тонн хүртэлх хүнд ачааг тээвэрлэх чадалтай. "Ан-225"-ыг анх зөвлөлтийн давтан ашиглах боломжтой сансрын хөлөг "Буран" болон пуужин тээвэрлэгч "Энергия"-г зөөвөрлөх зориулалттай бүтээжээ. ЗХУ задарснаар сансрын хөтөлбөр нь ч зогсож "Ан-225"-ыг агаарын ачаа тээвэрлэлтийн зориулалтаар ашиглах болжээ. Хөлгийн нийт хөөрөх жин (өөрийн жин, түлш, ачааг оролцуулаад) 600 тонн бөгөөд энэ нь Эрх чөлөөний хоёр хөшөө эсвэл 1500 зорчигчтой тэнцэх хэмжээ юм.
2
Ми-26
Оросын Ми-26 нь одоо үйлдвэрлэгдэж байгаа дэлхийн хамгийн том нисдэг тэрэг юм. Хоёр турбин, найман ротортой, америкийн C-130 каргоны хөлөгтэй ойролцоо буюу 20 тонн хүртэлх ачааны даацтай. C-130 нь бүрэн ачаатай байх үедээ 900 метр нислэгийн зурвасаар хурд авч байж хөөрдөг бол Ми-26 ойролцоо ачаатайгаар шууд дээшээ хөөрөх чадвартай аж. Энэхүү нисдэг тэрэг нь Чернобылийн ослын үед жинхэнэ ашиг тусаа гаргажээ. Гучин Ми-16-г цацрагийн хэмжээг тогтоох, ослын бүсэд тусгаарлагч бодисыг асгах гэх мэт олон үйл ажиллагаанд ашигласан байна.
3
Хинденбург
1937 оны тавдугаар сарын 6-нд алдарт "Хинденбург" (Hindenburg) хөлгийн эцсийн мөчүүдийг Нью-Жерсигээс Херберт Моррисоны хөтөлсөн радио нэвтрүүлгээр шууд дамжуулсан байдаг. Германд үйлдвэрлэсэн тус агаарын бөмбөлөгт хөлөг буух зурвасдаа ойртож байх үедээ гал авалцан шатахыг харсан Моррисон "Ай, хүн төрөлхтөн гэж!" хэмээн уулга алджээ. Түүхэн дэх хамгийн том агаарын бөмбөлөгт хөлөг болоод байсан "Хинденбург" болоод түүний цуут сүйрэл нь дэлхий дахинд сурталчилгааны зориулалтаар агаарын бөмбөлөг ашиглах явдалд цэг тавьсан юм. Харин саяхан анхны "хайбрид" хөдөлгүүрт агаарын хөлөг болсон Airlander 10-ийн үйлдвэрлэл нь дэлхийд агаараас хөнгөн хийт хөлөг бүтээх сонирхол дахин сэргэж эхэлснийг харуулсан байна. Үүний хэмжээ нь 245 метр урттай "Хинденбург"-ийн дэргэд харьцуулшгүй бага билээ.
4
"Spruce Goose"
H-4 Hercules гэдэг албан ёсны нэртэй, "Spruce Goose" хочтой, уснаа явах чадвартай, найман хөдөлгүүрт энэхүү аварга том хөлгийг цэргийн хүч тээвэрлэх зориулалттайгаар бүтээжээ. Дэлхийн II дайнаар германчууд сар бүр холбоотны 100 шумбагч онгоцыг сөнөөж байх үед Атлантын далай дээрх дайны талбарт энэхүү хөлгийг ашиглахад гол ач холбогдол өгч байв. Гэвч дайн дууссанаас хоёр жилийн дараа буюу 1947 оны 11 сарын 2-нд "Spruce Goose" хөлөг эхний бөгөөд цорын ганц нислэгээ үйлдсэн байна. Нислэгийн урт ердөө километр гаруй байсан ч нисгэгч Ховард Хьюз (Howard Hughes)-д түүхэн дэх хамгийн том нисэх онгоцыг жолоодох гайхалтай завшаан тохиолджээ. 2016 онд "Майкрософт" -ийн үүсгэн байгуулагчдын нэг, агаарын техникт хорхойтой Пол Аллен (Paul Allen) 117 метр урт далайц бүхий далавчтай, хос бүхээгтэй "Stratolaunch" хэмээх хөлгийг бүтээжээ. Энэхүү хөлөг нь хэрэв туршилтын нислэгээ амжилттай хийж чадвал "Spruce Goose"-ийн тогтоосон дээд амжилтыг эвдэх юм.
5
"Pelagornis sandersi"
Олигоцений үед амьдарч байсан Pelagornis sandersi хэмээх төрөл зүйл нь дэлхийн түүхэн дэх хамгийн том нисдэг шувуу болон үлджээ. P. sandersi -ийн чулуужмал үлдэгдлүүд анх 1983 онд олдож байсан ч шинэ төрөл зүйл гэдэг нь тодорхой болтол гучаад жил өнгөрчээ. Дэлгэсэн далавчных нь урт долоон метр хүрч байсан уг шувуу нь нисдэг шувуудын байх ёстой хэмжээн дээрх эрдэмтдийн бүх тооцооллыг давсан байна.
6
"Quetzalcoatlus"
Хожуу Цэрдийн галавын үед "птерозаврууд" хэмээх нисдэг үлэг гүрвэлүүд тэнгэрийг эзэгнэж байжээ. Тэдний дундаас хамгийн том нь Quetzalcoatlus гэдэг төрөл зүйл байв. Гаднах дүр нь ойролцоо байсан тул Төв Америкийн домгийн бурхан “Quetzalcoatl”-ийн нэрээр нэрлэсэн байна. Дэлгэсэн далавчны урт нь 11 метр буюу дэлхийн II дайны үеийн английн байлдааны онгоц Supermarine Spitfire-тай ойролцоо, өндөр нь өнөөгийн анааштай бараг чацуу байжээ. Харин биеийн хэмжээтэй нь харьцуулвал харьцангуй бага (200-250 кг) жин нь нисэхэд саад учруулахгүй байхад зохицсон байсан бололтой.
7
"Dobsonfly"
2014 оны долдугаар сард Баруун Хятадын музей Сычуан мужаас олдсон Dobsonfly хэмээх ялааны төрөл зүйлийг дэлгэн үзүүлжээ. Дэлгэсэн далавчных нь урт 21 см хүрч байсан тул уг ялааг дэлхий дээрх хамгийн том нисдэг шавьжаар тодруулжээ. Өмнөх дээд амжилтыг Өмнөд Америкаас олдсон damselfly хэмээх сонын нэгэн төрөл зүйл эзэмшиж байв. Гэхдээ энэ хоёрын хэмжээ нь 300 сая жилийн өмнө Карбоны галавын үед хаа сайгүй нисэлдэж байсан аварга том сононуудынхтай харьцуулахад юу ч биш юм. “Meganeura” хэмээх тэрхүү сононуудын дэлгэсэн далавчны урт 75 см шахам байжээ. Тэр үеийн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ их байсан нь сононуудыг тэгж томроход нөлөөлсөн байна.