1
Викингчүүдийн наран чулуу
Исландын домогт гардаг наран чулуу буюу "sólarsteinn" нь үнэхээр бодит байдал дээр оршдог байжээ. Викингийн домогт энэхүү чулуу нь хаан Олавад тэнгисийг даван туулахад тусалсан шидэт чулуу юм. Энэ бол Х зууны үед буюу Европт луужин үүсэхээс 600 жилийн өмнө тохиолдсон үйл явдал аж.
Наран чулуу нь – байгалийн кристалл бөгөөд нарны туяагаар зүг чигийг тодорхойлоход тусалдаг байжээ. Наргүй, үүлэрхэг байсан ч зүг чигийг тодорхойлох боломжтой бөгөөд 3 цаг тутам шалгахад ихэнх завь зорьсон газраа хүрч чаддаг.
2
Хувь заяаны гавал
XIX зууны сүүл үед Гватемалаас хувь заяаны кристал гавлыг олсон гэх яриа бий. Хүн төрөлхтөн энэхүү гавал ясыг шидтэй хэмээн үздэг байжээ. Харин эрдэмтэд гавал ясны учрыг олох гэж хичээж байгаа гэнэ.
Худалдаачид энэхүү гавлыг Майя, Инк, Ацтекүүдийн соёлын өв хэмээн үзэж байгаа аж. Луйварчид энгийн нэгэн кварц чулуугаар хийсэн гавал ясыг эртний олдвор хэмээн андуурсан байна. Харин гавлыг хийхийн тулд орчин үеийн техник технологийг ашиглажээ.
Хэдийгээр гавал яс хуурамч байсан ч түүхийн нэгэн өв болж үлдэж чадсан юм. Жишээлбэл, "Индиана Жонсын" кинон дээр гавал ясны шидийг харуулсан байдаг. Үүнээс гадна шилэн гавал олон төрлийн цуврал кинонд "тоглож", хэд хэдэн тоглоомын баатар болжээ.
3
Икийн чулуу
Чулууг Перугийн ойролцоох Ик хотоос олсон тул ийнхүү нэрлэх болсон байна. Хар чулуун дээр үлэг гүрвэл, түүхээс өмнөх үеийн загас, дэлхийн газрын зураг гэх мэтийг багтаасан түүхийн өв ХХ зууны дунд үеэс бидний амьдралд ил гарчээ. Гэхдээ эртний хүмүүст чулуун дээр өгүүлэх мэдээлэлтэй байх ямар ч боломж байгаагүй.
Икийн чулууны эргэн тойронд маш олон нууц байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь харь гаригийн өв байх магадлалтай гэсэн ойлголт аж. Орчин үеийн түүхчдийн үзэж байгаагаар, эдгээр олдворууд зүгээр л дуураймал, хуурамч загвар гэнэ. Эртний түүхийн мэргэжлийн судлаачдын үзэж байгаагаар, худалдан авагчдын итгэмтгий байдлыг ашиглаж, энэ төрлийн хуурамч чулууг маш ихээр борлуулдаг байсан гэжээ.
4
Хүүхдийн шил
Италийн археологичид нэгэн эртний оршуулгын газраас тоорой хэлбэртэй савыг олж байжээ. Энэхүү сав нь ойролцоогоор 2400 жилийн настай гэнэ. Гэхдээ энэ нь энгийн нэгэн шингэн зүйл хийх зориулалттай тоорой биш бөгөөд гэдсэн дотор нь хүүхэд саатуулах зорилготой шаржигнуур тоглоом байсан юм. Эрдэмтэд энэ савын түүх домгийг судалсан хэвээр байгаа ажээ.
5
Гүрвэл хэлбэрийн Убайд баримал
ХХ зууны эхэн үед Иракийн газар нутгаас археологичид эрт дээр үед үгүй болсон соёл иргэншлийн баримлыг олсон юм. Эдгээр баримал ойролцоогоор 7000 жилийн настай гэнэ. Хачирхалтай нь эдгээр баримлуудын толгой нь мөлхөгч амьтны хэлбэртэй юм. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дүрс бүгд хоёр нутагтны толгойтой аж.
6
Ад чөтгөрийн библи
Ад чөтгөрийн библи нь түүхэн дэх хамгийн том гар бичмэлийн ном юм. Түүний хэмжээ нь олны анхаарлыг маш их татдаг бөгөөд өндөр нь гэхэд нэг метр, өргөн нь 40 см аж. Харин жин нь 75 кг юм. Номыг хөдөлгөхийн тулд дор хаяж хоёр хүчтэй эрэгтэй хүн хэрэг болдог. Хэдийгээр Ад чөтгөрийн библи хэмээн нэрлэгдсэн ч уг номонд аймшигтай зүйл огтхон ч байхгүй бөгөөд зөвхөн эхний хуудсан дээрх чөтгөрийн зургаараа ийнхүү нэрлэгдэх болжээ.
Хамгийн хачирхалтай нь номыг нэг л хүн бичиж зурсан бөгөөд XIII зууны үеийн энэ номыг бичихэд доод тал нь 30 жил шаардлагатай байсан аж. Тус библид тухайн үеийн лам нарын зөвлөгөө, анагаахын зөвлөгөө, далд ертөнцийн талаар олон зүйл бичээстэй байжээ.
Зохиолчийн хувийн мэдээлэл байхгүй бөгөөд тэрээр одоогийн Чехийн газар нутаг, хуучнаар Богемид амьдарч байсан лам юм байна. Түүхээс харахад, тэрээр номыг нэг хоногийн дотор бичихийн тулд, харанхуйн сүнсэнд сүнсээ зарсан гэх яриа ч бий.
7
Кипу
МЭӨ олон мянган жилийн өмнө Инкүүд өдөр хоногийг тоолох "Кипу" хэмээх системийг зохиожээ. Энэ нь энгийн нэгэн тооллогын систем биш бөгөөд утсыг зангидаж, нууц мэдээлэл зэргийг хүртэл нууцлалын дээд зэргээр хадгалдаг байсан гэнэ.
Инкүүд энэхүү зүүлт мэт зүйлээр тайлан, санхүү хөтөлж, нэг нэгэндээ илгээмж хүртэл илгээдэг байжээ. Энэ бол хамгийн эртний, хамгийн хэцүү бичмэлийн нэгд тооцогддог юм. Зарим илгээмжийн утга одоог хүртэл гараагүй байгаа бөгөөд утасны өнгөнөөс хамаарч утга өөрчлөгдөх магадлалтай.
8
Катакомбын гэгээнтнүүд
XVI зууны үед Ромын усан үзмийн талбай дээр ажиллаж байсан иргэд анхны Христийн шашинтнуудын дурсгалыг олсон байна. Үүнээс дүгнэлт хийхэд Ром хотын доор нас барагсдын хот байдаг бололтой. Учир нь газар доороос хагас сая гаруй нас барагсдыг олжээ. Нутгийн сүмийнхэн гавал яснуудыг гэгээнтний гавал хэмээн үзэж, тэднийг Герман, Австри, Швейцараас гаралтай хэмээн тогтоох болсон байна.
Тухайн үед олдворуудыг олон нийтийн өмнө ил гаргахаас өмнө нямбайлан бэлдсэн аж. Ламтнууд яс бүрийг даавуугаар ороож, төрөл бүрийн үнэтэй чулуугаар чимэглэж байжээ. Орчин үед энэ төрлийн олдвор аймшигтай харагдаж байгаа хэдий ч эрт дээр үед бол энэ бүх гэгээн зүйл хэмээн тооцдог байсан юм.
9
Байгуны хоолой
1996 онд Хятадын Байгуншань уулан дээр сүлжсэн усны хоолой олдсон байна. 40 см-ийн диамертэй 20 орчим хоолой эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан юм. Энэ эртний усны хоолой юу, эсвэл харь гаригийнхныг газардахад зориулсан зүйл үү? Ийнхүү эрдэмтдийн анхаарлыг татах болсон шалтгаан нь уг олдвор 5000 жилийн настай байсан бөгөөд харин тухайн үед Хятадын газар нутаг дээр төмөр байхгүй байсанд оршино.
Гэтэл саяхнаас энэхүү нууц тайлагдсан бөгөөд эрдэмтэд усны хоолойн дээр олон жилийн настай цагираг байхыг илрүүлсэн байна. Бодит байдал дээр энэ нь гар аргаар хийсэн хоолой биш харин чулуужсан мод байсан гэнэ. Гэхдээ үүнд итгэхэд бэрх геохимийн үзэгдэл бөгөөд модны оронд бүхэлдээ төмрийн оксид үүссэн аж.