1
Цэнхэр халим манай гаригийн хамгийн том биет
Биологийн хичээл дээр цэнхэр халим бол манай гаригийн хамгийн том амьд биет гээд заадаг байлаа. Сүүн тэжээлтнүүдийн дундаа бол үнэхээр түүнтэй зэрэгцэх том амьтан байхгүй л дээ. Тэр чинь 30 метр урт, насанд хүрсэн халимын зөвхөн зүрх нь л гэхэд нэг тонн.
Харин бүх амьд организ дотор бол цэнхэр халимнаас том зүйл байна аа. Энэ бол мөөг. АНУ-ын Орегон мужийн Малурын тусгай хамгаалалттай газар ургадаг хүрэн мөөг (Armillaria ostoyae) 880 гаруй га талбай хамран ургадаг байна. Орегоны араатан гэгддэг энэ мөөг моддын үндсийг бүрхэн ургадгаас үхүүлдэг муу талтай.
2
Жоомнууд цөмийн дэлбэрэлтийг ч тэсвэрлэж чадна
Жоомыг дэлхий дээрх хамгийн бөх амьтай амьтан гэдэг. Жоом үнэхээр хоол хүнсгүй асар удахаас гадна толгойг нь тасалчихад хоёр долоо хоног амьдарна.Тэгээд ч энэ шавьжинд цөмийн дайн ч аюултай биш гэдэг яриа гарсан. Үүнийг туршихаар 1963 онд эрдэмтэн М.Росс, Д.Кокран нар жоомыг лабораторын нөхцөлд цацрагаар хордуулж үзсэн байна.
Үр дүнд нь жоом мөн л ялгаагүй цөмийн сүйрлийн золиос болох нь харагджээ. Радиацын түвшин 6400 болоход жоомнуудын 93 хувь нь үхсэн байна. Яахав энэ бол хүний тэсвэрлэх хэмжээнээс 10 дахин хүчтэй нь үнэн л дээ. Гэхдээ л жоом цөмийн аюулаас амьд үлдэж чадахгүй.
3
Ханиад дэлхийд хамгийн их тархсан өвчин
Хүйтэн цаг агаараас болж нэг удаа боловч ханиад шуухинаа хүрч үзээгүй хүн гэж байна уу. Ганцхан манай дэлхий дээр хамгийн их тархсан өвчин нь цаг агаартай огт холбоогүй өвчин юмсанж. Энэ бол бидний эрүүл мэндэд ихээхэн хор уршиг тарьдаг шүд хорхойтох.
Лондонгийн Хатан хааны их сургуулийн профессор Мария Вагнер Марценесээр удирдуулсан баг судалгаа хийж шүд хорхойтох нь өнөөгийн хамгийн гамшиг гэдгийг тогтоож. Энэ өвчнөөр манай гаригийн насанд хүрсэн 2,5 тэрбум хүн өвдсөн байдаг бол 621 сая хүүхэд өвчилжээ. Шүдээ байнга цэвэрлэж, шүдний эмчид очиж байх хэрэгтэй байх нь.
4
Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгч үү, 15 дахь нь уу
Нэг долларын дэвсгэрт дээр АНУ-ын анхны ерөнхийлөгч, авъяаслаг улстөрч, тусгаар тогтнолын төлөөх дайны дайчин Жорж Вашингтоны хөрөг байдаг гэж олон нийт мэднэ. Гэтэл өнөөдөр Жорж Вашингтоныг нэг хэсэг нь анхны ерөнхийлөгч гэхэд, нөгөө зарим нь 15 дахь ерөнхийлөгч гэж байна. Яагаад ингэх болов.
АНУ-ын Тусгаар тогтнолын тунхгийг 1776 онд баталсан. Тусгаар мужуудын тэргүүн нь 1789 оны дөрөвдүгээр сарын 30-наас Жорж Вашингтон болж: Тэгвэл 1776-1789 онд улс орныг хэн удирдсан бэ гэдэг асуулт гарна. Ингэж авч үзвэл анхны ерөнхийлөгч нь Пейтон Рэндолф гэж зарим эх сурвалж үздэг байна.
Харин Пейтон Рэндолф Тивийн нэг, хоёрдугаар конгрессын удирдагч байсан, харин анхны ерөнхийлөгч нь бол яах аргагүй Жорж Вашингтон л доо.
5
Хатагтай Годива татвар бууруулахын төлөө үнэхээр хотоор нүцгэн явсан уу
Домогт өгүүлснээр бол хатагтай Годива 1040 онд өөрийн нөхөр гүн Леофрикийг английн Ковентри хотын иргэдэд ногдуулдаг татвараа багасга гэж шаардаж. Нөхөр гүн нь ч зөвшөөрч, гэхдээ эхнэрээ нүцгэлээд хотын гудамжаар морь унан явах хэрэгтэй гэсэн болзол тавьсан гэнэ. Тэрбээр эхнэрээ ингэж явна гэж огт санаагүй хэрэг. Гэвч сайхан сэтгэлт хатагтай Годива эгэл ард түмний төлөө нөхрийнхөө энэ болзлыг биелүүлсэн гэсэн яриа байдаг. Энэ домог үнэн эсэхийг мэдэхээр XIII зууны эцэст Эдуард I хаан түүхийн баримт бичвэрүүдийг судлах үүрэг өгчээ. 1057 онд Ковентри хотод нэлээд олон татварыг өөрчилсөн нь үнэн боловч энэ нь хотоор нүцгэн эмэгтэй морьтой явснаас 17 жилийн дараа болсон өөрчлөлт байж. Нөгөө талаар Годивагийн талаарх ийм ярианы хамгийн эхнийх түүнийг нас барснаас 100 жилийн дараа гарсан байсан гэнэ.
6
Тахины хар цагаан зураас нь араатнаас хамгаах үүрэгтэй
Тахь яагаад хар цагаан зураас бүхий арьстай байдагт хариу өгөх гэж биологичид нэг биш зуун жилийн зарцуулжээ. Тэгээд ч олон хувилбар гаргаж. Нэг хэсэг нь араатан амьтан довтлоход энэ судлууд нь орчин тойронтойгоо холилдон араатны төөрөгдүүлдэг гэсэн бол өөр нэг хэсэг нь тахь бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц хээтэй байдгаар тэд бие биенээ ялгаж таньдаг гэсэн байна. Харин гурав дахь хэсэг нь ийм болохоор цус сорогч шавьжнууд тэднийг бага хаздаг гэнэ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тахины зураас, амьдралын нь нөхцөлийг судалж үзэж. Гэтэл агаарын дундаж температур өсөх тутам хар зураас нь илүү өргөн, тод болж байжээ. Сэрүүсэх тутам тахь зурааснууд бүдгэрч байлаа. Тэгэхээр агаарын янз бүрийн урсгал арьсны судлуудад нөлөөлж өөр өөр болон, улмаар арьсан дээрх энэ судал сэрүүцүүлэх үүрэг гүйцэтгэдэг байх нь. Өөрөөр хэлбэл хар цагаан зураас нь тахинд агаарын температур тохируулагч болдог байна.
7
Египетийн цац суварга дэлхий дээрх хамгийн том байгууламж
Сургуульд байхад дэлхий дээрх хүний гараар бүтсэн хамгийн том байгууламж бол Египетэд байдаг Хеопсын пирамид юмуу эсвэл аугаа их Гизийн пирамид гэж үздэг байсан. Египетийн пирамидуудын дотор бол үнэхээр хамгийн том нь байж болох л доо. Харин дэлхий дээр бол түүнээс том байгууламж байна аа.
Хамгийн том цац суварга бол Мексикт байдаг Чолула, буюу Тлачиуальтепетль гэнэ. Орчуулбал “Гараар барьсан уул” нэртэй энэ цац суварга Хеопсын цац суваргаас хоёр дахин, талбайгаараа дөрөв дахин том.
8
Луужин ямагт Хойд туйлыг заадаг
Луужингийн нэг зүү ямагт хойд зүгийг зааж, “хойд” гэдгээр бид бөмбөрцгийн хойд туйлыг нэрлэж ирсэн. Ингэж ч заадаг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш юмсанж. Манай гаригийн соронзон талбай ямагт умард, өмнөд чигийг тодорхойлдоггүй юм байна. Энэ Соронзон орон зөвхөн сүүлийн 160 жилд гэхэд л хамгийн багаар бодоход 100 удаа чиглэлээ өөрчилжээ.
Ингэхээр соронзон орон, газар зүйн хойд туйл хоёр өөр хоорондоо огт хамааралгүй. Одоо гэхэд л соронзон байрлалаар бол хойд туйл Канадын хамгийн хойд цэг болох Бутия хойгт байгаа. Бүх луужингийн зүү яг ийшээ зааж байгаа.
9
Заан бол харайж чаддаггүй цор ганц амьтан
Хэдийгээр дөрвөн хөлтэй, булчинтай, өвдөгтэй ч насанд хүрсэн заан харайж чаддаггүй амьтан. Тэр хүнд жин нь түүнийг агаарт өргөх ямар ч боломжгүй. Дөрвөн хөлөө нэгэн зэрэг өргөж чаддаггүй амьтан тэгтэл ганц заан биш юм байна. Сүүн тэжээлтнүүдээс ингэж чаддаггүй амьтан ленивец, усны үхэр, хирс байна. Яахав заанаас ялгагдах нь усны үхэр, хирс нь давхих үедээ дөрвөн хөл нь газраас зэрэг хөндийрдөг байна.
10
Архийг, химич Дмитрий Менделеев бүтээсэн
Оросын химич, химийн үелэх системийг нээсэн Дмитрий Менделеев 1865 онд “Спирт, устай нэгдэх нь” гэдэг диссертаци бичсэн нь үнэн ч энэ нь архитай ямар ч холбоогүй зүйл. Энэ бүтээлдээ Менделеев ус, спиртийн уусмал нь янз бүрий хольц, гадаад нөхцөлд ямар өөрчлөлт орохыг л авч үзсэн хэрэг. 40 хувийн спиртийн уусмалын амт, чанарын тухайд эрдэмтэн нэг их онцолж анхаарсангүй.
Харин архийг бол Менделеевийг төрөхөөс бүр өмнө гаргаж, хэрэглэж эхэлсэн. “водка” гэдэг үгийг 1405 онд Полшид хэрэглэж байжээ. Тэр үед энэ ундаа gorzałka буюу “шатах” хэмээн алдаршсан байж. Украинд өнөөдөр “горілка” белорусст “гарэлка” гэж байна.
1819 онд Александр I хаан архи нэрэх, шаардлагуудыг тодорхойлсон “Архины тухай” зарлиг гаргаж байжээ.