Намрын улиралд хийж идэхэд тохиромжтой амтат 5 хоолны жор

Навчис хийсэж, нар буцаад, өглөө оройдоо жихүүн салхи сэвэлзэх нь намрын өдрүүд хэдийнэ айлчилсныг илтгэнэ. Ийм сэрүүн өдрүүдэд юу хамгийн чухал гээч. Мэдээж хэрэг тэжээллэг, амин дэмтэй халуун хоол идэж байгаарай. Шинэхэн ногоог хүссэнээрээ хэрэглэх боломжтой энэ улиралд хүнсний ногоо ашиглаж амтат зоог хийх аргыг танд хүргэе.

Намрын улиралд хийж идэхэд тохиромжтой амтат 5 хоолны жор

1 Алим, хулуутай шөл

Орц:

  • Хулуу - 1 кг
  • Төмс - 2 ш
  • Сонгино - 2 ш
  • Алим -  2 ш
  • Сармис - 3-5 ш
  • Ногоон ногоо - 2-3 ш
  • Нунтаг карри - 1 ц\х
  • Оливын тос –-2 х\х
  • Давс, перец амталгаагаар

Алим, хулуутай шөл

Хулуу болон төмсөө цэвэрлээд дөрвөлжин хэрчинэ.

Сонгино, сармисаа жижиглэнэ.

Сонгино, сармисаа алтлаг өнгөтэй болтол нь хуурна.

Дараа нь хулуу, төмсөө нэмж хийгэд 1.5 л халуун ус нэмээд 15 минут буцалгана.

Алимаа дөрвөлжин хэрчээд шарна.

Бэлэн болсон хоолоо блэндердэж жижиглээд амтална.

Хоолоо аягалаад дээрээс нь алим болон ногоон ногоо тавьж өгнө.

2 Хайрсан хаш

Орц:

  • Хаш - 1 кг
  • Улаан лооль - 3 ш
  • Фета бяслаг - 200 гр
  • Оливын тос - 100 мл
  • Сүү - 1 аяга
  • Өндөг - 3 ш
  • Хэрчсэн яншуй - 2 х\х
  • Давс, перец амталгаагаар

Хайрсан хаш

50 мл оливын тосоо халаагаад дөрвөлжилж хэрчсэн хаш хийж 7-8 минут хуурна. Амтлаад халаасан шарах шүүгээнд 180 градуст 15 минут шарна.

Улаан лооль, яншуй, бяслагийг дөрвөлжилж хэрчинэ.

Бүгдийг нь хольж нэг саванд хийнэ.

Өндгөө давс, сүүтэй хольж хутгаад улаан лооль, яншуй, бяслаг, хаштай саванд хийгээд шарах шүүгээ рүү буцааж хийх хэрэгтэй.

200 градуст алтлаг өнгөтэй болтол нь шарна.

3 Ногооны рагу

Орц:

  • Төмс - 2 ш
  • Лууван - 1 ш
  • Сонгино - 1 ш
  • Амтат улаан чинжүү - 1 ш
  • Мөөг - 4 ш
  • Цөцгийн тос - 30 гр
  • Давс, төрөл бүрийн амтлагч
  • Төрөл бүрийн ногоон ногоо
  • Нэг нэгэндээ чөлөөтэй багтах хоёр хоолны сав

Ногооны рагу

Ногоогоо арилгаж бэлдэнэ.

Сонгино, лууван, амтат чинжүүгээ хэрчинэ.

Мөөгөө хэрчинэ.

Том савандаа халуун ус хийгээд дотор нь жижиг саваа болгоомжтой тавина. Жижиг тогоондоо бүх хүнсний ногоо, мөөгөө хийгээд 1.5 цагийн турш жигнэнэ.

Сайн гэгч нь таглаад онгойлгох хэрэггүй.

1.5 цагийн дараа таны хоол бэлэн болно.

Бэлэн болсон рагугаа аягалаад амтархан идээрэй.

4 Утсан махтай вандуйтай шөл

Орц:

  • Вандуй - 1.5 аяга
  • Тахианы цээж мах – 300 гр
  • Утсан хавирга – 500 гр
  • Төмс - 6-8 ш
  • Сонгино  - 1 ш
  • Лууван - 1 ш
  • Давс, перец амталгаагаар

Утсан махтай вандуйтай шөл

Хавирган дээрээ ус хийгээд 1 цаг орчим чанана.

Хавирганыхаа махыг салгаж авна.

Вандуйгаа 3-4 цаг усанд дэвтээх хэрэгтэй.

Сонгино, лууван, тахианы цээж махыг уртаар нь хэрчинэ.

Хуурай хайруулын таваг дээр тахианы цээж махаа шарна.

Дээрээс нь лууван сонгино нэмээд дахин хуурна.

Төмсөө дөрвөлжин хэрчээд шөлөндөө нэмж 5 минут болгоно.

Шөлөн дээрээ хуурсан тахианы цээж мах болон хүнсний ногоогоо нэмээд, өөрийн хүссэнээр амталж, дахин чанана. Хоолоо гаргахаас 10 минутын өмнө лаврын навч хийнэ. Ингээд галаа унтрааж 10-15 минут хүлээнэ.

Хоолыг шинэхэн яншуй, укроп гэх мэт ногоон ногоогоор чимж өгөх хэрэгтэй.

5 Хүнсний ногоогоор хийсэн хучмал

Орц:

  • Хаш - 3 ш
  • Цукини - 2-3 ш
  • Улаан лооль - 4 ш
  • Амтат чинжүү улаан - 2 ш
  • Сонгино - 2 ш
  • Яншуй - 1 багц
  • Моцарелла бяслаг - 200-250 гр
  • Пармезан \эсвэл бусад төрлийн хатуу бяслаг\ - 100-150 гр

Амтлахад:

  • Оливын тос - 150 мл
  • Цагаан дарсны уксус - 2 х\х
  • Сармис - 2-3 хумс
  • Давс, перец амталгаагаар

Хүнсний ногоогоор хийсэн хучмал

Хаш, цуккини, улаан лоолийг бөөрөнхий хэрчинэ.

Оливын тос, цагаан дарсны уксус, сармис, давс, перец хольсон уусмалаа дээрээс нь хийж 10-15 минут таглаж үлдээнэ.

Ингээд дээрээс нь улаан, шар чинжүүгээ давхарлаж тавина.

Хамгийн дээр нь бяслаг цацна.

Дараа нь тугалган цаасаар хучаад 180-200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 30-45 минут шарна.  30 минут  шарвал хүнсний ногоо илүү шаржигнасан болох бол 45 минутын дараа зөөлөрнө. Гаргахаасаа 5 минутын өмнө тугалган цаасаа аваарай.

Амтат хучмал бэлэн боллоо.  Та сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()