1
Эрт цагт мэдээ алдуулагчийг хар тамхины төрлийн цэцгээр орлуулж байв
Манай эриний өмнөх 4000 оноос анагаах ухааны практикт мэдээ алдуулагч хэрэглэсэн гэх баримт бий. Ойрхи дорнодын сав газраар амьдарч байсан эртний соёлт хүмүүс хар тамхины төрлийн намуу цэцгийг хандалж өвчтөнийг мэдээ алдуулахад ашигладаг байжээ.
Тухайн үеийн олдворуудад судалгаа хийсний үндсэн дээр хүмүүс шүд авах, эмчлэх үедээ энэ аргыг хэрэглэдэг байсан нь тогтоогдсон юм. Мөн тухайн үед энэ цэцэг нь хаа сайгүй элбэг, үндэс суурь сайтай байснаас гадна хүнийг хангалттай мэдээ алдуулахаар хүчтэй байсан аж.
2
Шар айраг
Хар тамхины төрлийн намуу цэцгээс гадна хүнийг мэдээ алдахад хүргэдэг бас нэгэн зүйл бол шар айраг юм. Хүн төрөлхтөн ойролцоогоор 12 мянган жилийн өмнө шар айраг хийж сурсан гэж эрдэмтэд үздэг.
Эртний Ойрхи дорнодын Шумер гэх үндэстэн тухайн цаг үедээ шар айргийг гаргууд сайн хийдэг байжээ. Тиймдээ ч шумерчүүд ямар нэгэн мэс засалд орохоосоо өмнө шар айраг согттолоо уудаг байсан аж. Шар айрагны концентраци нь янз бүрийн эмийн ургамал, цэцгээс бүрддэг байсан гэдэг. Тиймээс шар айраг уусан хүн хэсэгтээ л өвчин мэдрэхгүй, хагалгаагаа тэсвэрлэж чаддаг байсан юм.
3
“Henbane” ургамал
Зураг дээр харагдаж байгаа шар өнгийн маш хортой цэцэгт ургамлыг эртний Вавилон, Грект, Египет, Ром зэрэг улсад хүнийг анагаахад ашигладаг байжээ. “Henbane” хэмээх энэ цэцгийг шатааж шархан дээр дарахад хор нь үгүй болдог бөгөөд хүний биеэс өвчнийг гадагшлуулдаг юм. Хэрвээ шатаахгүйгээр хэрэглэвэл үхэлд ч хүргэх чадалтай.
Мөн гувай хатан хэмээх нэртэй ургамлыг хүмүүс шархны өвчин намдаахад ашигладаг байсан түүхтэй. Энэ нь эртний хүмүүс шар айраг, намуу цэцэг байгаагүй үед аргаа барахдаа ямар ухаалаг арга хэрэглэж байсныг харуулж байна.
4
Орчин үеийн мэдээ алдуулагчийн суурийг тавьсан хүн
1298 оны Зул сарын шөнө нэгэн итали эмч өөр дээр мэс ажилбар туршсаныхаа дараа өвчнөө даван туулахын тулд нэгэн санаа гаргажээ. Теодорик (Theodoric) нэртэй энэ эмч өмнө нь анагаах ухааны олон ном сурах бичиг гаргаж байсан аж.
Түүний эцэг хүнийг өвчнөөс нь хэрхэн ангижруулах тал дээр мэдлэгтэй нэгэн байсан тул тэрээр аавынхаа дэргэд юу хийж буйг нь ажиглаж өсчээ. Аав нь хүнийг мэдээ алдуулахын тулд хар тамхины ургамлыг чийгтэй алчууранд ороон үнэртүүлэхэд өвчтөн нь шууд л ухаангүй болдог байв. Ингэснээр илүү удаан хугацаанд мэдээ алддаг байжээ.
Чухам Теодорикийн бичсэн гарын авлага, бичвэрийн дагуу орчин үеийн мэдээ алдуулагч бий болсон гэвэл та итгэх үү.
5
Эфир
1504 онд Германы ургамал судлаач Валериус Кордус (Valerius Cordus) эфирийн шингэн анх гарган авчээ. Эфир нь шатамхай хий болохоор лаа асааж мэс засал хийдэг байсан эмч нарын хувьд ашиглахад маш төвөгтэй эд байсан юм.
Багахан салхинд л гал авалцаж мэдэхээр байсан тул үр дүнтэй хэрнээ осолтой эфирийг эмч нар ашиглахаас татгалздаг байв. Хэдий Кордус эфирийг гаргаж авсан гавьяатай ч швейцарь гаралтай эмч Парацель (Paracelsus) эфирийг илүү аюулгүй ашиглах талаас нь судалгаа хийжээ. Тэрээр үүнийг амьтад дээр туршиж үзэх явцдаа эфир нь мэдээ алдуулахаас гадна өвчин намдаагч чадвартайг нь илрүүлсэн юм.
6
Азотын исэл
1772 онд Английн эрдэмтэн Жозеф Пристли (Joseph Priestly) “Агаарын олон хэлбэр дээр хийсэн туршилт, шинжилгээ” хэмээх зургаан боть номдоо 10 шинэ хий олж нээснээ бичсэн юм. Тэдний нэг нь азотын исэл ажээ.
1800 онд Английн химич Хампри Дэйви (Humphry Davy) азотын исэл үнэртэж өөр дээрээ туршилт явуулсан байдаг. Тэрээр тус хийг үнэртээд инээд нь ихээр хүрэхээс өөр юу ч мэдрээгүй гэнэ. Тиймээс дараа нь амьтан дээр туршиж, мэс засал хийж байхдаа азотын ислийг үнэртүүлэхэд, илүү бага өвчин мэдэрч байгааг нь олж илрүүлсэн байна. Хэдий түүний энэ нээлт чухал байсан ч тухайн үед нарийвчлан авч үзээгүй юм.
Харин 20 жилийн дараа Америкийн Самуель Күүли (Samuel Cooley) хэмээх эр азотын исэл үнэрлэснийхээ дараа хөлдөө шарх авчихаад өвдөлт бараг мэдрээгүй гэнэ. Чухам үүний дараа азотын ислийг мэдээ алдуулахад ашиглах болжээ.
7
Хлороформ
1831 онд хийсэн нэгэн нээлт анагаах ухааны салбарт томоохон хувь нэмрээ оруулсан юм. Самуель Гутри (Samuel Guthrie) хэмээх америк эмч хлороформыг анх гарган авчээ. Энэ химийн бодис нь хүнийг ухаангүй болтол нь мэдээ алдуулах чадалтай байсан юм.
1847 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Жэймс Ян Симпсон (James Young Simpson) гэгч хүн хлороформоор өөрийгөө тэр чигт нь мэдээ алдуулж ухаангүй болсон тохиолдол гарсан гэнэ. Үүний дараа хлороформыг олон төрлийн хагалгаанд ашиглах болсон байна.
Гэхдээ гол асуудал нь хлороформ 3000 өвчтөн тутмын нэгийнх нь амийг авч оддог байсан аж. Тиймээс анагаах ухаанд ашиглахад тийм ч таатай эд биш байлаа. Гэсэн ч хүмүүс өргөн дэлгэр ашигласан хэвээр байв. Сонирхолтой баримт хэлэхэд, Английн хатан хаан Виктория хүүхдээ төрүүлэх үедээ хлорофромоор мэдээ алдуулсан аж.
8
Морфин
Морфиныг 1804 онд хар тамхины гаралтай цэцэгнээс анх гарган авсан байдаг. Германы эм судлаач Фредрих Сертюрнер (Friedrich Wilhelm Serturner) морфиныг анх нээсэн даруйдаа бага хэмжээгээр өөр дээрээ туршжээ. Тухайн үед түүнд ямар ч сөрөг нөлөө илрээгүй байна.
Хожим тарианы зүү бий болсны дараа морфиныг өвчтөнүүдэд тарьж, бүр худалдаалдаг болсон гэнэ. Гэхдээ морфин тариулсан хүмүүс тэр дундаа цэргүүд үүнд донтож эхэлсэн байна. Тэр үед л анх морфиныг донтуулагч бодис гэдгийг олж мэджээ.
9
Героин
1895 онд Германы “Bayer” хэмээх эмийн компани героиныг өвчин намдаагч хэлбэрээр олон нийтэд худалдаалж эхэлсэн байна. 1874 онд Германы Феликс Хоффмэн (Felix Hoffman) хэмээх эр героиныг бусад бодистой исэлдүүлэх хүртэл эрдэмтэд бүрэн “боломжийг” нь олж хараагүй байжээ.
Гэхдээ худалдаанд гарсан цагаас хойш 25 жилийн дараа героинд хүмүүс донтох болж, АНУ л гэхэд энэ эмэнд хориг тавьсан юм.
10
Өнөө цагт
Героин болон хар тамхины төрлийн өвчин намдаах, мэдээ алдуулах бусад бодисыг ашиглах, хэрэглэхийг хорьсноос хойш хүн төрөлхтөн илүү эрүүл хэрнээ үр дүн сайтай янз бүрийн мэдээ алдуулагч гаргаж авсан юм. Жишээ нь, кетаминыг нэрлэж болно.
Одоогийн байдлаар мэдээ алдуулах, өвчин намдаах эм бодис үйлдвэрлэдэг бие даасан шинжлэх ухаан бий болсон нь “anesthesiology” юм. Мөн өнөөдрийг хүртэл хар тамхины төрлийн намуу цэцэг мэдээ алдуулагч олон төрлийн эм, бодисын гол түүхий эд болсон хэвээр байна.
Өнгөрсөн зуунд мэдээ алдуулах янз бүрийн арга туршсаны үр дүнд олон ч хүн нас барсан юм. Ттухайлбал бид өмнө нь дурдсанчлан холороформоор амьсгалсан 3000 өвчтөн бүрийн нэг нь хорвоог орхидог байсан бол өнөөдөр мэдээ алдуулах тариа хийлгэсэн 300 мянган хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр хүн төрөлхтөн энэ салбарт тодорхой амжилт олсныг илтгэх болов уу.