1
Чадварлаг удирдагч У Зэ Тянь хатан
Тан улсын их хатан У Зэтянь (Wu Zetian) Хятадын түүхэн дэх цорын ганц эмэгтэй удирдагч юм. Манай эриний 690-705 оны хооронд хааны сэнтийд заларч байхдаа тэрээр өөрийгөө ямар чадварлаг удирдагч гэдгийг баталжээ.
Анх хааны ордны шивэгчин байсан авч Гаозун хаанд хайр сэтгэлтэй болж, улмаар хатны суудалд заларчээ. Мөн их хатан байх үедээ эрх мэдлээ хадгалах үүднээс маш олон хүнийг хорлож алсан байдаг. Тэр дунд өөрийнх нь хүү, охин, эгч дүүс, сайд ноёд, бэрүүд гэх мэт олон хүн багтдаг. Ийнхүү тэрээр засгийн эрхийг атгаж Тан улсын нэрийг Жоу улс болгон сольсон ажээ.
Гэхдээ хатны тухай ийнхүү сөрөг зүйл олон бичсэн байдаг ч тэрээр Хятадын түүхэнд өөрийн нэр нөлөөг үлдээж чадсан юм.
2
Далайн дээрэмчин Чин Си
1775-1844 онд амьдарч байсан Чин Си (Ching Shih) хэмээх бүсгүй бүх цаг үеийн хамгийн зартай далайн дээрэмчдийн тоонд ордог гэдгийг та мэдэх үү? Тэрээр Хятадын Гуандун мужид төрсөн бөгөөд анх гудамжны биеэ үнэлэгч байсан боловч далайн дээрэмчинтэй гэрлэснээр нөхрөө даган далайд гарчээ.
Тухайн үед Чин Си ойролцоогоор 300 гаруй далайн дээрэмчний онгоцыг хариуцдаг, мөн түүнд 20-30 мянган хүн хүчин зүтгэдэг байсан юм. Ийнхүү тэрээр Өмнөд Хятадын тэнгист өөрийн ноёрхлоо тогтоож байх үедээ Англи, Португал болон Чин улсын хөлөг онгоцнуудыг дээрэмдэж байжээ.
3
Мулан үнэхээр бодит хүн үү?
V зууны үеийн Хятадын уран зохиолд аавынхаа оронд цэрэгт явж, баатарлагаар тулалдсан Хуа Мулан (Hua Mulan) бүсгүйн тухай гардаг юм. Мулан эрэгтэй хүний дүрд хувирч, цэргүүдийг захирч, Хүннүчүүдтэй хийсэн тулаанд баатарлагаар амьд үлдсэн гэдэг. Ийнхүү хаан түүний гавьяаг өндрөөр үнэлэн ордондоо дуудахад эмэгтэй хүн гэдэг нь илэрч, ордноос хөөгддөг ажээ. Хэдий Мулан түүхэн бодит хүн байсан эсэх нь тодорхойгүй ч түүний эгэл биш дүрд Хятадын ард түмэн хайртай билээ. Сонирхуулахад, Сингапур улсад байдаг Хятадын түүхэн дэх нөлөө бүхий хүмүүсийн дурсгалт хөшөөний цэцэрлэгт Хуа Муланы хөшөө байдаг юм.
4
70 мянган цэргийг удирдсан Пин Ян гүнж
Хятадын түүхэнд гоо үзэсгэлэн, хурц оюун ухаанаараа гайхагдсан Пин Ян (Pingyang) гүнж манай эриний 600-аад онд Тан улсыг байгуулж байсан гавьяатай. Тэрээр аав Ли Юань (Li Yuan)-ы хамтаар Сүй улсад төрийн эргэлт хийж, нийт 70 мянган цэргийг удирдан зэвсэгт хөдөлгөөн босгосон юм. Гүнж Сүй улсын эзэн хаан Янди (Yangdi)-тай тулалдан, дийлж эцэг нь Хятадын түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрэн Тан улсын хаан болсон билээ.
Пин Ян ийнхүү олон ардыг байлдан дагуулж чадсан нууц нь тэрээр хүн бүртэй тэгш харьцаж, сайхан сэтгэлээр харамгүй тусламж үзүүлдэг байсан гэдэг. Гэхдээ харамсалтай нь гүнж ердөө 23 настайдаа өөд болсон юм.
5
Хосгүй эрдэмтэй Ван Жен И
Ван Жен И (Wang Zhenyi) нь өндөр боловсролтой, эрдэм мэдлэгтэй Хятадын түүхч байсан юм. 1768 онд Чин улсад төрсөн тэрээр тоон болон шинжлэх ухааны олон боть гаргаж ард түмнээ гэгээрүүлж байжээ. Тэрээр одон орон, газарзүйгээр тогтохгүй анагаах ухааны хосгүй мэдлэгтэй байсан аж.
Үүнээс гадна тулааны урлаг гадарладаг, нум сум харваж хүмүүст хичээл заадаг байсан юм. Өөрийн олж мэдсэн эрдэм мэдлэгээ бусдад харамгүй түгээдэг буянтай нэгэн байсан ч тэрээр дөнгөж 29 настайдаа харамсалтайгаар нас баржээ. Түүний шинжлэх ухаан болоод Хятадын ард түмэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Олон улсын одон орны нэгдэл 2004 онд Сугар гаригийн гадаргуу дээрх тогоог Ван Жен Игийн нэрээр нэрлэсэн байна.
6
Түүхэнд нэр нь мөнхөрсөн жүжигчин Ёсико Ямагачи
1920 онд Манжид төрсөн жүжигчин Ёсико Ямагачи (Yamagachi Yoshiko)-гийн түүх хүмүүст ихээхэн сонирхолтой санагдах болно. Түүний эцэг эх Манжид амьдардаг япон хүмүүс байсан бөгөөд тэрээр Ли Шианлан нэрээр кинонд тоглодог байв.
Гэхдээ тэр зүгээр ч нэг уран сайхны кино биш, харин Японы суртал ухуулгын кинонд тоглож Хятадын ард иргэдийн дунд зарим нэг үл ойлголцлыг төрүүлж байсан юм. Тиймээс түүнийг Хятад улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн 1945 онд баривчилж, цаазын ял оноож байв. Гэхдээ цаазаар авахуулахаасаа өмнө тэрээр Хятадаас зугтаж, Японд ирж амжжээ.
7
Бие хамгаалах урлагийг төгс эзэмшсэн У Мэй
Бие хамгаалах урлагийг зөвхөн эрчүүд гарамгай эзэмшдэггүй гэдгийг У Мэй (Ng Mui) хэмээх эмэгтэй баталсан юм. Хятадын түүхэн дэх хамгийн чадварлаг бие хамгаалах урлагийн мастер нь У Мэй байлаа. Зарим тохиолдолд Хятадын ард түмэн нийтээрээ бие хамгаалах урлагаар хичээллэх болсон шалтгаан нь түүнийг гэж үздэг юм.
У Мэй 1700-аад онд Шаолины сүмийн лам байсан бөгөөд кунг-фугийн нэг төрөл болох Вин-чунийг зохиосон байна. Түүхэнд түүнийг маш хурдан шаламгай хөдөлгөөнтэйн дээр бусдын үйлдлийг гярхай сайн ажигладаг, гүйлгээ ухаан сайтай, дараагийн хийх үйлдлээ аль эртнээс тооцоолж чаддаг нэгэн байсан гэж бичжээ.
8
Гэгээн үйлстэй сувилагч Хуан Хун Шао
Дэлхийн II дайны үед “Нисдэг барс” хэмээх нэртэй АНУ-ын агаарын хүчин Хятадын Баруун өмнөд мужид байрлаж байв. Хонконгод сувилагчийн сургууль төгссөн Хуан Хун Шао (Huang Huanxiao) хэмээх сувилагч тус цэргийн баазад ажиллаж байсан юм. Дайны үед тэрээр цэргүүдийн амийг аврахын тулд бүх хүчээ шавхан ажилладаг байсан тул дайн дууссаны дараа америк цэргүүд түүнийг зорин ирж, баярласан талархсанаа илэрхийлж байсан гэдэг.
Хожим анагаахын сургуульд хичээл зааж, бусдад зааж сургадаг байсан бөгөөд тэрээр 95 насалжээ. Түүний гавьяа нь АНУ, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд бага ч болов уу хувь нэмрээ оруулсан юм.
9
Хятад улсыг дахин хөл дээр нь босгосон хатан эх Цыши
Хятадын хамгийн хүчирхэг удирдагчдын нэгд тооцогддог Чин улсын хатан эх Цышигийн талаар та сонсож байсан уу. Тэрээр тус улсын түүхэн дэх “Хар тамхины дайн” (1856-1860 онд үргэлжилсэн)-ы үед Хятад улсыг дахин хөл дээр нь босгож байсан гавьяатай. Тан улсын У Зэ Тянь хатны нэгэн адил Цыши нь хэрцгий хэрнээ, ухаалаг нэгэн байсан бөгөөд түүний замд саад болсон хэнийг ч болов цааш харуулахаас зайлсхийдэггүй байжээ.
Цыши нь Ихэтауны бослогыг эрчимтэй дэмжиж байснаараа алдартай бөгөөд чухам Хятадад гадны улс орны зах зээл орж ирж, хоёр ч удаа Хар тамхины дайн өрнүүлсэнд ихэд хилэгнэдэг байв. Гэсэн ч өрнөдийнхөн Бээжин рүү дайрч Цыши хатанд боомт хотуудыг нээх, мөн гурван арлыг хүчээр авах шаардах бичиг тулгасан юм. Чухам энэ л мөчөөс Хонконг, Макао, Сингапур өрнөдийнхний мэдэлд шилжин Хятадын түүхэнд хар толбо бий болжээ.
10
Цэргийн гарамгай жанжин Чин Лянъюй
Мин гүрний түүх дэлхийд алдартай боловч тухайн үед их үйл хэргийг бүтээж байсан Чин Ляньюй хэмээх цэргийн жанжин бүсгүйг хүмүүс тэр бүр мэддэггүй. Цэргийн жанжинтай гэр бүл болсон тэрээр Мин улсын бослого үймээний үеэр нөхрийнхөө хамтаар Чунчин мужийн цэргийг удирдаж байсан юм.
Нөхөр нь 3000 мянган цэрэг удирдаж байсан бол Чин Ляньюй 300 цэрэг дагуулан түүнд туслалцаа үзүүлж байв. Тэд хамтдаа хэд хэдэн тулаанд ялалт байгуулсан ч нөхөр нь хожим баривчлагдан, цаазаар авахуулсан юм. Иймд Чин нөхрийнхөө удирдлага дор байсан цэргүүдийг удирдахаар болж Сичуань мужийн босогчдын армийг толгойлсон ажээ. Чин Ляньюй нь Хятадын түүхэн дэх цор ганц язгууртан цустай эмэгтэй жанжин гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.