1
Никита Шалауровагаар удирдуулсан баг (1764 он)
XVIII зуунд амьдарч байсан худалдаачин Никита Шалаурива шинэ газар оронтой танилцах хүсэлдээ автаж, Оросын Чукоткийн эрэг хавийн газар судалгаа хийхээр явжээ. Чукоткийн хажууд байрлах Берингийн хоолой руу өмнө нь ямар ч хүн очиж байгаагүй бөгөөд чухам энэ газарт л Никита очихыг хүссэн байна. Мөн улсаас тодорхой хэмжээний дэмжлэг авч, шинэ газар нээх судалгаагаа хийхээр болжээ.
Никита өөрийн хөрөнгөөр худалдаж авсан “Итгэл, найдвар, хайр” нэртэй хөлөг онгоцыг бадриун биетэй залуусаар дүүргэн аян замд гарсан байна. Ийнхүү 1761 оны намар Чукоткийн Ляховскийн арал, цаашлаад Нижне-Колымск нэртэй газар очиход тэндхийн уугуул иргэд түүний хөлгийн багийнхныг хүлээн авахаас татгалзжээ. Тэр өвөл хөлгийн багийнханд өвөлжих газар олдоогүйн улмаас хэд хэдэн гишүүн нь осгож үхсэн аж.
Өвөлжин судалгаа хийж явсны дараагаар Никита эргэн Петербургийг зорьсон юм. Жилийн дараа Никита дахин нэг аялал хийхээр болж, энэ удаа 60 хүний бүрэлдэхүүнтэй хөлгийн багийг бүрдүүлэн Оросын зүүн хязгаарыг зорьсон байна. Гэтэл төд удалгүй тэднээс сураг тасарсан гэнэ. Ийнхүү тэднийг орон даяар эрж хайхад зарим хүмүүс тундрт харсан эсвэл далайд баахан хүний цогцсоор дүүрсэн хөлөг онгоц хөвөхийг харсан гэх мэт олон мэдээ дуулдсан юм. Гэхдээ өнөөг хүртэл хөлгийн багийнханд юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр үлджээ.
2
Людвиг Лейхгардтагийн судалгааны баг (1848 он)
Германы геологич Людвиг Лейхгард (Ludwig Leichhardt) бол Австрали тивийгхөндлөн гулд алхаж, явганаар судалгаа шинжилгээний ажил хийхээр зориглосон анхны хүн юм. Үүнээс өмнө буюу 1844-1845 оны хооронд тэрээр Австралийн зүүн-хойд хэсэгт 4500 км газар судалгаа хийж хэд хэдэн гол мөрөн, уулыг шинээр нээсэн байна.
Анх 1846 онд тэрээр хамгийн анх удаа тус тивийг хөндлөн гулд туулахаар аяллаа эхлүүлсэн ч бүх зүйл азгүйтлээр дууссан аж. Ердөө 500 км газар яваад л буцах шаардлага гарсан гэнэ. Шалтгаан нь түүний багийн гишүүд хоорондоо таарч, тохироогүйгээс болжээ. Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа Людвиг дахин судалгаагаа эхлүүлэхээр замд гарсан бөгөөд энэ удаа долоон гишүүний бүрэлдэхүүнтэй явсан байна. Австралийг явган туулахад нийт гурван жил зарцуулна гэж тэд төлөвлөжээ. Тэд хүнсэндээ зориулж долоон морь, 20 илжиг, 50 үнээ дагуулж явжээ. Ийн замд гарснаас нь хойш хэн ч тэднийг болон амьтдыг хараагүй байна.
Людвигийн судалгааны багийнхны эрлийн ажиллагааг 1852-1869 оны хооронд зохион байгуулсан авч тэдний талаар ямар ч сураг ажиг гаргаж чадаагүй юм. Хожим тус багийн нэг гишүүн бараг 30 жил нутгийн уугуул иргэдийн хорионд амьдарч, хожим зугтах гэж оролдох үедээ алуулсан гэх сураг гарсан байна. Людвиг болон түүний нөхдөд аймшигтай зүйл тохиолдсон байх гэж хүмүүс таамагладаг ажээ.
3
Эдуард Толлягийн судалгааны баг (1902 он)
Арктик руу судалгаа хийх гэж яваад ор мөргүй алга болсон хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл 1900-1902 оны хооронд Оросын геологич Эдуард Толль “Үүрийн гэгээ” хэмээх хөлөг онгоцоор Арктикийн Санников нэртэй “үлгэрийн” мэт газарт очихоор болсон юм. Түүний багт ирээдүйн цэргийн адмирал дэслэгч Александр Колчак явж байв.
1902 оны тавдугаар сарын 23-ны өдөр Толль гурван гишүүнийхээ хамтаар хөлгийг орхижээ. Далай хэтэрхий мөстсөн байсан тул хөлөг тийш очих боломжгүй болсон тул Толль явган явахаас өөр аргагүй болсон аж. Төлөвлөгөө ёсоор наймдугаар сарын сүүл гэхэд тэдний хөлөг Арктикийн ойролцоох Беннетт арал дээр эргэн очих ёстой байв. Тиймээс Толль болон түүний залуусыг тэнд нь үлдээхээс өөр сонголт хөлгийн ахмадад үлдээгүй юм.
Дараа жил нь Толль болон түүний нөхдийг хайх 17 хүн, 160 нохойтой баг замдаа гарсан байна. Тэд Беннетт арал дээрээс Толлийн эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг олсон ч түүний болон бусдынх нь цогцсыг олоогүй юм.
4
Эльдорадогийн эрэлд (1925 он)
Их Британийн хурандаа Перси Харрисон Фосетт (Percy Harrison Fawcett) Өмнөд Америкийн ширэнгэн ойд эртний Эльдорадо хот байгаа гэдэгт маш их итгэдэг байжээ. Тиймээс Эльдорадог олохын тулд Перси 1906-1924 оны хооронд Амазонкийн сав газраар нийт долоон удаагийн судалгааны ажил хийсэн ч олоогүй юм. Ийнхүү найм дахь удаагийн ээлжит аялалд гарахдаа өөрийн том хүү болон түүний найзыг дагуулан явжээ. Харин 1925 оны тавдугаар сарын 29-ний өдөр тэднээс ирсэн захидалд Амазонк мөрний нэг цутгал болох Шинга голд явж байгаа талаар өгүүлсэн байсан ч түүнээс хойш Персигээс дахин хэзээ ч сураг гараагүй юм.
Түүнээс хойш нийт 10 удаа хурандаа Персиг хайх эрлийн ажил явагдсан байна. Эрлийн явцад нийтдээ 100 хүн золгүйгээр нас барсан болохоор хайгуулын ажлыг зогсоожээ. Хожим 1997 онд Норвегийн антропологич Ларса Хафксьёлд (Lars Hafksjöld) дахин эрлийн ажлыг эхлүүлсэн ч мөн л сураггүй алга болсон юм.
Сүүлд 2016 онд хурандаа Перси Харрисон Фосеттийн амьдралаас сэдэвлэсэн “The Lost City of Z” киног Холливудын найруулагч бүтээсэн юм. Тус бүтээлээрээ түүнд юу тохиолдсон талаар бага ч гэсэн таамаг дэвшүүлэхийг оролджээ.