Америкийн Тагнуулын төв газрынхнаар төрөө самруулсан 7 орон

XX зууны турш АНУ-ын эрх баригчид дэлхийн зарим улс орныг хэрхэн самарч, орвонгоор нь эргүүлж байсныг доорх жишээ танд харуулна. Америкчууд Тагнуулын төв газар (ТТГ)-аараа дамжуулан өөрсдөд нь таалагдахгүй зарим удирдагчийг суудлаас түлхэн унагахын тулд тоо тоймшгүй их хөрөнгө хүч, зэвсэг техник, мөн ил далд олон төсөл хэрэгжүүлж байжээ. Гадаадын улс орнуудын Засгийн газрын бодлогод нөлөөлөх гэсэн америкчуудын долоон удаагийн оролдлого нь амжилттай болсон жишээг танд сонирхуулж байна.

Америкийн Тагнуулын төв газрынхнаар төрөө самруулсан 7 орон

1 Иран улс (1953 он)

1951 онд Ираны төрийн эрхэнд гарсан Мохаммед Мосаддык (Mohammad Mosaddeq) тус улсын  хамгийн том газрын тосны үйлдвэрүүдийг Их Британи эзэмшдэг байсныг болиулж, төрийн өмч болгосноор ард иргэдийнхээ дунд улам нэр хүнд, эрх мэдэлтэй болсон байна. Уг шийдвэр Британийн Засгийн газарт мэдээж таатай байгаагүй тул Лондоны удирдлага өөрийн сайн түнш болох Америкийн Засгийн газарт хандан Мохаммед Мосаддыкийг зайлуулж өгөхийг хүссэн байна. АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Эйзенхауэр 1953 онд ТТГ-ын ажилтнуудаа Иран руу илгээсэн юм.

Удалгүй Иранд ард иргэд нь төрийнхөө эсрэг бослого гаргасан бөгөөд үүнд АНУ-ын ТТГ-ынхны оролцоо их байсан юм. Иранд төрийн эргэлт гарахад америкчууд Их Британийн Тагнуулын байгууллага “МИ6”-тай хамтран ажилласан байна. Уг төрийн эргэлтийн дараа Мохаммед Мосаддык ялагдал хүлээж, түүний оронд шейх төрийн эрхэнд гарчээ. 

Гэсэн ч иранчууд амар тайван амьдралтай золгосонгүй. Шейхийн хэт дарангуйллын дэглэмийг эсэргүүцэн ард иргэд нь 1979 онд түүний эсрэг Исламын хувьсгалыг эхлүүлж, ингэснээр улс орноо хямрал руу хөтөлсөн билээ. 

Иран улс (1953 он)

2 Гватемала улс (1954 он)

АНУ-ын ТТГ-ынхан Латин Америкийн орнуудаас Гватемала улсад хамгийн саад багатай, тааваараа ажилласан гэхэд болно. Ираны Ерөнхийлөгч Мохаммед Мосаддыкийг Ираны тэргүүн болох үеэр Төв Америкийн жижигхэн улс Гватемалыг Хакобо Арбенс (Jacobo Arbenz) удирдахаар сонгогдсон юм. Харамсалтай нь түүний улс төрийн замнал Мохаммед Мосаддыкийнх шиг төгссөн билээ.

Тэрбээр Мохаммед Мосаддыкийн нэгэн адил барууны компаниудыг өөрийн нутаг дэвсгэрээс бүрэн зайлуулах бодлого явуулсан нь их гүрнүүдэд мэдээж таалагдаагүй юм. Энэ удаа АНУ-ын ТТГ маш ухаалгаар энэхүү асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тэд тэнгисийн цэргийн хүчийг ашигласан юм.

АНУ-ын Гватемала дахь Элчин сайд Жон Пийрифой тус улсад гарсан төрийн эсрэг бослогыг зохион байгуулж, цэргийн удирдагчдад нь санхүүгийн туслалцаа үзүүлж, тэнгисийн цэргийн хүчинд нийслэлээ эзэлж авахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Уг төрийн эргэлтийн үр дүнд Хакобо Арбенсийн засаглал нуран унаж, АНУ-д талтай дарангуйлагч удирдагч төрийн тэргүүн болсон юм.

Дашрамд хэлэхэд, энэхүү төрийн эргэлтийг хийхэд дусал ч цус асгараагүй гэхэд болно. Харамсалтай нь тус төрийн эргэлтийн дараа гарч ирсэн дарангуйлагч удирдагчаас болоод улс орон нь хэдэн арван жил үргэлжилсэн хямралтай нүүр тулсан юм.

Гватемала улс (1954 он)

3 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (1960 он)

Иран болон Гватемалад амжилттай төрийн эргэлт хийсний дараа Америкийн ТТГ  зургаан жил завсарлага авсан юм. 1960 онд Бельгийн колони улс байсан Конго (Одоогийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс) тусгаар тогтнолоо зарлаж, шинэ засаг захиргаагаа байгуулж байв.

Энэ үйл явдал АНУ-ын анхаарлын гадуур өнгөрсөнгүй, гярхай ажиглаж байсан юм. Гэхдээ энэ удаа ТТГ-ынхны золиос болсон хүн бол бүх африкчуудыг нэгтгэх хүсэлтэй, Конго улсын Ерөнхий сайд Патрис Лумумба (Patrice Lumumba) байв. Тэрээр өөрийн нутаг дэвсгэрт бельги хүн дахин ирүүлэхгүй байхын төлөө тэмцдэг үндэсний үзэлтэй улстөрч байсан юм.

Харин АНУ-ын ТТГ-ынхан түүнийг капитализмын эсрэг үзэлтэй гэж ойлгон цэргийнхний хүчээр Патрис Лумумбаг зайлуулахыг оролдсон юм. Үүнийг нь олж мэдсэн Патрис тухайн үеийн Зөвлөлт холбоот улсаас туслалцаа хүссэн байна. Асуудал ийн хурцадсаны дараа ТТГ-ынхан ажиллагаагаа зогсоож, хумсаа нуусан муур шиг чимээгүй болсон аж.  Гэвч Конго улсын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд Патрис Лумумбаг ЗХУ-ын дэмжлэгтэйгээр засгийн эрхийг гартаа авах нь хэмээн баривчилж, дараа нь цаазаар авсан юм.

Энэхүү үйл явдалд ТТГ-ынхны оролцоо тун бага байсан ч мэдээж тэд хамгийн том нөлөө үзүүлсэн. Патрис Лумумбагийн үхэл БНАКУ-ын түүхийн хамгийн дуулиан тарьсан үйл явдлын нэг болж үлджээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (1960 он)

4 Доминикан улс (1961 он)

Рафаэль Трухильо (Rafael Trujillo) Бүгд Найрамдах Домникан улсын болоод дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдын нэг байв. Түүний хийсэн олон шигшмээр үйлдлийг одоо ч хүмүүс дурсдаг. Тэрээр олон мянган хүнийг баривчилж, акул хооллодог байсан бөгөөд үндэстнээ цэвэршүүлэх нэрийн дор Гайти улсын олон мянган цагаачийг хоморголон устгажээ. Бас Венесуэлийн Ерөнхийлөгчийг алахыг завдаж байсан удаатай. Рафаэль Трухильог Латин Америкийн түүхэн дэх хамгийн харгис дарангуйлагч гэдэг.

Түүнийг хороосон нь АНУ-ын ТТГ-ын чухал ялалтуудын нэг юм. Энэ нь ч аргагүй үнэн. Америкийн тагнуулынхан түүнийг 1961 онд хороохоор төлөвлөж байсан бөгөөд мөн л тус улсын цэрэг армийн удирдагчдыг энэ зорилгодоо ашигласан юм.

Нэгэн орой Трухильогийн сууж явсан машин гэр рүүгээ явах замдаа гэнэт замаасаа гарч зогсчээ. Хамгаалагчид нь сандран машин руу очиход тэр хэдийнэ буудуулсан байсан гэнэ. Уг аллагад АНУ-ын ТТГ оролцсон нь тодорхой байсан юм. Асуудал гэхдээ үүгээр дуусаагүй. 1965 онд АНУ-ын арми Тружиллогийн дарангуйлагч засгийг үр үндсээр нь устгаж, оронд нь консерватив Засгийн газар байгуулсан юм.

Доминикан улс (1961 он)

5 Өмнөд Вьетнам улс (1963 он)

Дараах зургийг жараад оны үед авчээ. Мэдээж хэрэг тухайн үеийн Вьетнамын Засгийн газарт Америкийн тусламж, дэмжлэг хэрэгтэй байсан уу гэвэл үнэхээр тийм.

1963 онд Өмнөд Вьетнамын удирдагч нь Нго Динь Зьем (Ngo Dinh Diem) байв. Тэрээр Буддын шашинтай үндэстнийг удирддаг католик шашинтан байсан бөгөөд католик шашинтан л биш бол хүн гэж үздэггүй байжээ. Буддын шашинтнуудыг дарангуйлж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннидид таалагдаагүй тул ТТГ-ынхнаа явуулж, түүнийг суудлаас нь зайлуулахаар болсон юм. Өмнөд вьетнамчууд ч түүнтэй санал нэг байжээ.

1953 оны аравдугаар сард Өмнөд Вьетнам улсын генералууд Америкийн ТТГ-ынхантай нууцаар уулзаж, нэгэн хүсэлт тавьсан юм. Хэрэв АНУ тэднийг санхүүжүүлэх юм бол Нго Динь Зьемийг тэд төрийн сэнтийгээс зайлуулахаа тэд амласан аж. ТТГ-ынхан үүнийг зөвшөөрсөн юм. Тэгээд арваннэгдүгээр сарын 1-нд тус улсын цэрэг арми ерөнхийлөгчөө суудлаас нь авч хаяж, түүнийг ахынх нь хамт хороосон байна. Өмнөд вьетнамчуудын ихэнх нь төрийн эргэлтийг нааштай хүлээн авсан ч Хойд Вьетнамын коммунистууд хожим нь эсэргүүцэл гаргаж, мөргөлдөөн үүсгэсэн юм. 

Өмнөд Вьетнам улс (1963 он)

6 Бразил улс (1964 он)

1960-аад оны үед Америкийн ТТГ-ынхан Патрис Лумумба, Рафаэль Трухильо, Нго Динь Зьем нарыг суудлаас нь авч хаясантай адил Бразилийн Засгийн газрыг мөн самрахаар шийджээ.  

Энэ удаагийн тэдний онилсон хүн нь тухайн үеийн Латин Америкийн хамгийн том үндэстнийг удирдаж байсан Жуан Гуларт (João Goulart) гэх үндсэрхэг үзэлт, зүүнийг баримтлагч нөхөр байв. Гуларт коммунист орнуудтай найрсаг харилцаатай, тэр дундаа Хятад улстай түнш байжээ. Түүнийг суудлаас нь зайлуулахын төлөө ТТГ чадах бүхнээ хийсэн гэж хожим АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон хэлж байсан юм. 

Бразилийн иргэний бослогыг дэмжихийн тулд ТТГ-ынхан босогчдыг галт зэвсэг, түлш, техник хангамж гэхчилэн бүх талаар тусалж байв. Америкчуудын зохион байгуулсан бослогын үр дүнд Гулартын Засгийн газар хоёрхон өдрийн дотор нуран унасан юм.  

Гэвч үүнээс хойш 20 жилийн турш Бразилд харгис цэргийн дарангуйлал ноёрхсон гэдэг. Энэ дарангуйллын дэглэмийн үед маш олон улс төрчийг хөнөөж, тамлан зовоосон аж. Энэ бүхэн ТТГ-ын хүлээж байсан үр дүн магадгүй биш байж магадгүй юм.

Бразил улс (1964 он)

7 Чили (1973 он)

АНУ-ын ТТГ-ын дэмжсэн хамгийн том цэргийн бослого магадгүй Чилийнх байх. 1970 онд Сальвадор Альенде (Salvador Allende) Чили улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрээр Өмнөд Америкийн түүхэнд шударга сонгуулийн үр дүнд төрийн эрхэнд гарсан цорын ганц марксист үзэлтэй хүн байв. Хэт зүүний үзэл баримтлалтай Сальвадор Аллендегийн удирдсан энэ улс аажмаар коммунист орон болох нь гэсэн айдас Америкийн эрх баригчдад төрсөн юм. Сальвадор Альендег Засгийн эрхэнд гарсан үеэс л ТТГ-ынхан бослого зохион байгуулж, түүнийг хороохыг санаархаж эхэлсэн юм. Эхний бослого бүтэлгүйтсэнээс хойш дараагийн гурван жилд бослогод хүмүүсийг бэлтгэж байлаа.  Мөн америкчууд Чилийн эдийн засагт гаднаас нь дарамт үзүүлж байсан төдийгүй Ерөнхийлөгчийнхөө эсрэг үзэлтэй Чилийн армийн удирдагчидтай холбоо тогтоож эхэлжээ.

Эцэст нь 1973 он есдүгээр сарын 11-нд Чилийн агаарын хүчин Ерөнхийлөгчийн ордныг бөмбөгдөж, Сальвадор Альенде амиа хорлосон байна. Чилийн генерал Аугусто Пеночет засгийн эрхийг гартаа авч дараагийн 15 жилийн турш төр барьжээ. Гэхдээ энэ хугацаанд тэр өөрийн эрх мэдлээ ашиглаж, төрийн мөнгөнөөс 17 сая доллар хувьдаа завшиж, 3000 гаруй хүн хороож, мөн 28 мянган хүнийг тамлан зовоосон гэдэг. Түүний дарангуйлалтай харьцуулахад Сальвадор Альенде тийм ч муу удирдагч байгаагүй бололтой.

Чили (1973 он)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()