Сталин эрх мэдлээ ашиглан өөрийн орны маш олон иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн дарангуйлагч юм. 1953 оны гуравдугаар сарын 5-нд тэрээр нас барсан бөгөөд түүний үхэлтэй холбоотой маш олон таамаг байдаг. Энэ талаар уншигчдадаа сонирхуулъя.
1
Эмч нарын хэлмэгдүүлэлт
Нас барахаасаа өмнө Сталин маш аймхай болсон бөгөөд түүний эргэн тойронд байгаа хүмүүс үгсэн хуйвалдаж өөрийг нь хуурч байна хэмээн байнга сэжиглэдэг байжээ. Ааш зан нь тааварлахын аргагүй, аймшигтай муухай болж өөрчлөгдсөн байна.
Нэг удаа Сталины эмч Владимир Виноградов түүнд зовлон багатай үхэх талаар цухуйлгаад түүнийг маш их уурлуулж орхижээ. 1952 онд Сталины бие ихээхэн муудсан байсан ч дээрх явдлаас болоод хувийн эмчээ шоронд хорьсон байна.
Үүгээр зогсохгүй Сталин өөр есөн эмчийг хорьж, тамлаж байсан нь "Эмч нарын хэрэг" нэрээр түүхэнд алдаршсан билээ. Иймэрхүү үйлдэл нь Зөвлөлтийн эрх мэдэлтнүүдийн аминд хүрэх зорилготой "Алуурчин эмч нарын гэмт хэргийн бүлэглэл" гэх цуурхал дээр тос нэмж байлаа.
Эдгээр есөн эмчийн зургаа нь ЗХУ-ын хэмжээнд семитийн эсрэг хөдөлгөөнийг удирдан явуулсан еврей үндэстэн байв. Яллагдагч эмч нарыг шүүх хурал хийхээр товлож, улмаар цаазаар авах ялыг гүйцэтгэхээс өмнө Сталин гэнэт нас баржээ. Ингэснээр эмч нар амь аврагдсан байна.
2
Ухаангүй байхад нь анх түүнийг олжээ
Нэгэн өглөө Сталин өөрийн шингэндээ нэвт норчихсон ухаангүй газарт хэвтэж байхыг нь хувийн эмч нь болон Коммунист намын удирдагчид анх олж хараад мэл хөшиж орхисон гэдэг.
Үхэл үнэртсэн өрөөнд юу хийхээ мэдэхгүй байсан тэд айдас хүйдэст автжээ. Сталиныг тийм байдалтай байхыг анх харсан хүмүүсийн нэг, цэргийн дарга Кунцево хэдэн жилийн дараа Оросын сэтгүүлч Эдвард Радзински, Петер Лозгачев нартай ярилцах үеэрээ "Эмч нар бүгд хөшиж орхисон. Тэд түүн рүү хараад л салгалан чичирч байв. Уг нь түүний биеийн байдлыг шалгах ёстой ч гар нь чичирсээр байсан" хэмээн дурсан ярьсан юм.
Эмч нарыг биед нь үзлэг хийхэд Сталины цусны даралт аль хэдийнэ 210/120 хүрч, баруун гар, хөл нь татаж, хиймэл шүд нь цуурсан байжээ. Эмч нарын нэг нь Сталины хиймэл шүдийг авсан ч сандарч чичгэнэсэн гар нь өөрийн мэдэлгүй газарт унагаж орхижээ.
Кремлийн шүдний эмч Алексей Доиниковын өгүүлснээр Сталин нас бардаг өдрөө гуравхан шүдтэй байсан гэнэ.
3
Хэн ч түүнийг аврахыг хичээхгүй байлаа
Сталиныг ухаангүй олсноос хойш дөрвөн өдрийн дараа хүнд өвчин туссан гэдгийг нь тогтоосон байна. Түүний ойр тойрныхон эмчилгээ хийхээс алгуурлаж, хугацаа хожин хойшлуулж байх хооронд Сталин буйдан дээрээ суугаад өвчин зовиуртаа шаналж байв. Түүхчид үүнийг хүчээр бий болгосон аж үйлдвэржилт, олныг хамарсан их өлсгөлөн зэргээс болж Сталины намынхан түүний амийг аврах гэж төдийлөн хүчлээгүй байх хэмээн таамагладаг.
Коммунист намын удирдагчийг сахиж байсан хүмүүс эмчийн оронд төрийн аюулгүй байдлын сайдыг дуудуулсан байна. Сталины хамгийн ойр дотны холбоотон, хамтрагчид ч түүнээс нүүрээ буруулжээ. Ер нь Сталины хувирамтгай зан чанар, тааварлашгүй галзуурлаас болж хэн ч түүний удирдлага дор аюулгүй байх нотолгоо үгүй болов.
Сталины биеийн байдал үнэхээр дээсэн дөрөөн дээр байгааг мэдсэнээс хойш ойролцоогоор 12 цагийн дараа эмч дууджээ. Түүнийг өмнө нь эмчилж байсан ЗХУ-ын хамгийн сайн эмч нарыг тэр өөрөө хорьсон учраас тэдний тусламжийг авч чадаагүй юм. Хоригдож байгаа эмч нараас зөвлөгөө сонсож, онош тавиулахаар хэд хэдэн хүнийг явуулсан байдаг.
4
Хануур хорхой, тарилга, шим тэжээлт бургуй
XVII, XIX зууны үед хануур хорхойг эм бэлдмэлийн хэрэгцээнд болон өвчтөний цусыг шимүүлж, даралтыг буулгах зорилгоор хэрэглэдэг байв. Энэхүү аргыг хамгийн сүүлийн найдвар хэмээн Сталины толгойд хийж үзжээ.
Мөн түүнд кампор тос түрхэж, массажилдаг байсан ч үр дүнд хүрээгүй тул шим тэжээлийн бодисоор сэргээх гэж оролдсон байна. Үүний тулд өдөрт хоёр удаа түүнд крем, өндөгний шартай шим тэжээлт бургуй тавьдаг байжээ.
Биеийн байдал нь дээрдэхгүй байсан тул эмч нар хүйтэн жин тавьж, хиймэл амьсгаа хийж, адреналинийг хэд хэдэн удаа тарьсан байдаг. Энэ үеэр Сталины хүү Васили: "Муу новшнууд аа, та нар миний аавыг алж байна" хэмээн хашгирч байсан гэнэ.
Сталины охин Светлана Аллилуева "Тэр гэнэт нүдээ нээж, өрөөнд байсан бүх хүн рүү харсан. Түүний харц нь ууртай эсвэл үхлээс айсан айдсаар дүүрэн харагдсан" хэмээн эцгийнхээ эцсийн мөчийн талаар дурсан ярьсан байна.
Сталин амьсгал хураасан хойно хүн бүр өвдөглөн сууж, гарыг нь үнссэн бол цагдаагийн дарга Лавренти Бериа эсрэгээрээ түүн рүү нулимсан гэсэн цуурхал байдаг.
5
Занданшуулах ажил бүтэлгүйтсэн нь
1924 оны нэгдүгээр сард Владимир Ильич Ленинийг нас барахад түүний цогцсыг олон нийтэд ил харуулах ёстой гэсэн санааг Зөвлөлтийн удирдагчид эсэргүүцэж байсан ч Сталин дэмжиж байсан юм. Ихэнх нь оршуулгыг уламжлалт аргаар хийх хэрэгтэй гэж маргаж байсан ч эцэст нь тухайн үед туршигдаж байсан микро тарилгын занданшуулах аргыг хүлээн зөвшөөрчээ.
Сталин өөрийнхөө оршуулгыг мөн адил зохион байгуулахыг хүссэн нь гайхмаар явдал байсангүй. Гэвч үүнд хэд хэдэн асуудал тулгарчээ.
Сталиныг нас барахад Лениний цогцсыг занданшуулсан профессор Воробьев аль хэдийнэ өөд болсон байв. Ингээд түүний үүрэгт ажил Воробьевийн туслах профессор Зарскигийн толгой дээр буув. Сталины цогцсыг үеийн үед олонд харуулах зорилготой байсан ч ердөө гуравхан өдөр болгоод хураасан нь занданшуулах ажиллагаа зүй зохистой хийгдээгүйн тод баталгаа юм.
Сталины цогцсыг муудаад ирмэгц нь буцаагаад цогцос хадгалах газарт аваачсан байна. Занданшуулах ажлыг дахин хэд хэдэн удаа хийсэн гэнэ. Түүний цогцсыг Лениний хажууд шилэн хоргонд хийж тавьсан ч удалгүй буцаагаад авчээ.
6
Сэтгэцийн өвчтэй хүн Орос орныг удирдаж байжээ
Сталины хувийн эмч Александр Мясниковын өдрийн тэмдэглэл сүүлийн жилүүдэд ил болсноор дарангуйлагчийн дотоод сэтгэхүй, галзуурал нь анагаахын салбарынхны дунд чухал сэдэв болоод байна. Ор мөргүй устсан гэгдэж байсан Мясниковын тэмдэглэлээс Сталины эрүүл мэндийн байдал, шинжээчдийн дүгнэлтийг олж илрүүлжээ.
Хачирхалтай нь Мясников Сталиныг сэтгэцийн өвчтэй байсан гэдгийг тодорхой дурдсан бөгөөд яагаад ийм өвчтэй болсон нь маш сонин шалтгаантай байлаа.
Сталины сэтгэцийн өвчин нь атеросклероз буюу тархин дахь артерийн судасны хатууралтай холбоотой гэж Мясников дүгнэжээ. Энэхүү өвчин нь ямарваа шийдвэр гаргах, айдас мэдрэх, бусдыг хардах, мөн жилээс жилд өөрчлөгдөх зан аашинд нь нөлөөлсөн байна.
Мясниковын тэмдэглэлийн хэсгээс:
Бидний задлан шинжилгээ хийж байхдаа илрүүлсэн, хэдэн жил даамжирсан түүний тархин дахь атеросклероз нь Сталины эрүүл мэнд, зан ааш, үйл хөдлөл зэрэгт хэр их нөлөөлсөн бол гэсэн асуулт урган гарахад хүргэж байна. Сталин сайн муу, аюултай, аюулгүй, нөхөр дайсан гэх мэтийг ялгахаа байсан байх магадлалтай. Зан ааш өөрчлөгдөх буюу сэжиглэмтгий хүн аймхай болж болно. Миний бодлоор түүний харгислал, дайснаасаа айх айдас нь тархин дахь артерийн судасны хатууралтай холбоотой. Энэ орныг өвчтэй хүн удирдаж байжээ.
7
Халловин өдрийн нүүлгэн шилжүүлэлт
Сталины дараа Никита Хрущёв ЗХУ-ын засгийн эрхийг гартаа авч удирдах болжээ. Эрх мэдэлтэй болсон эхний хэдэн жилүүдэд Хрущёв өмнөх хаанчлалын байдлаас гарах гэж "de-Stalinization"-ыг явуулахаар улайрч байлаа.
Сталины харгис хэрцгий байдлаас болж амиа алдсан Зөвлөлтийн 20 сая иргэнийг бодсон ч түүний шарил Лениний хажууд мөнхрөх эрхгүй хэмээн Хрущёв боджээ. Ингээд нас барснаас нь хойш найман жилийн дараа Сталины цогцсыг Кремлийн ойролцоо булсан байна.
Тохиолдлоор Сталины цогцсыг нүүлгэн шилжүүлдэг өдөр нь 1961 оны Халловины баярын өдөр таарчээ.
8
Үхэл нь хүртэл айдас дагуулав
Зөвлөлтийн ард иргэд хүчирхэг удирдагчаа алдсандаа харуусан гашуудаж, улс орныхоо цаашдын ирээдүйд санаа зовж байв. Түүнийг нас барсанд харууссан мянга мянган хүн Трубная талбайд цуглаж, оршуулганд нь оролцжээ.
Сталины цогцсыг харах гэсэн сониуч хүмүүс бөөгнөрөн цуглаж, үүнээс үүдэн эмх замбараагүй байдал үүсчээ. Дарангуйлагч эр нас барсан хойноо ч ЗХУ-ын гудамж талбайг айдас хүйдсээр дүүргэсэн юм. Хүмүүсийн орилж хашгичих дуу аажмаар ёолох чимээгээр солигдож, олны хөлд дарагдан гишгүүлж, зуу зуун хүн амиа алдав.
Намхан нуруутай хүмүүс газарт унасан бол чадал муутай зарим нь хана, замын гэрэл зэрэгт шахагдан дарагдаж, гудамжны хаа сайгүй цус урссан харагдаж байв.
9
Цуурхал
Сталины үхлийн шалтгааныг нарийн тайлбарласан нотлох баримтууд ил болсны дараа ч элдэв цуурхал, цуу ярианууд гарсаар байв. Түүх судлаачид түүний үхэл урт хугацааны хордуулалтаас үүдэлтэй байх боломжтой гэж үзсээр ирсэн.
Сталин нас бардаг оройдоо дотуур цус алдалтаас болж цусаар бөөлжсөн байдаг. Түүний үхлийн талаарх энэхүү нарийн мэдээлэл хагас зуун хэдийнэ өнгөрсний дараа буюу 2011 онд олон нийтэд ил болсон юм. Магадгүй түүний ойр дотны хэн нэгэн түүнд варфарин хэмээх өнгөгүй, амтгүй цус шингэлэгч өгсөн байх гэсэн цуурхал тархсан байна.
Мөн тэрээр ухаангүй олдсон өглөөний урд орой буюу хамгийн сүүлийн оройн зоогоо Политбюрогийн дөрвөн гишүүн (түүний өв залгамжлагч Хрушёв, цагдаагийн дарга Лавренти Бериа нар мөн багтана)-тэй барьсан бөгөөд энэ үеэр хархны хор идүүлсэн байх ч гэж ярьдаг. Үнэндээ Бериа Сталиныг нас барснаас хоёр сарын дараа "Би түүнийг алсан. Би та нарыг бүгдийг нь аварсан" хэмээн онгирон ярьсан гэдэг.
АНУ-тай цөмийн дайн өдөөхөөс нь айж, тэд Сталиныг 5-10 өдрийн турш бага багаар хордуулан аминд нь хүрсэн байх гэж зарим хүмүүс ярилцдаг.
10
Сталины үхэл Жон Уэйний амийг аварчээ
Сталины үхэл сая сая хүний амийг авраад зогсохгүй Холливудын хамгийн алдартай жүжигчнийг ч мөн амьд үлдээсэн юм. Түүх судлаачдын мэдээллээр, Сталин коммунизмын эсрэг Холливудын кинонуудыг үзэн яддаг байсан тул Дюк нэрээрээ алдаршсан жүжигчин Жон Уэйнийг үхэх ялтай гэж үзсэн байна.
Сталин түүний аминд хүрэх гэж хэд хэдэн удаа оролдсон ажээ. Нэг удаа холбооны ажилтны дүр эсгэсэн Зөвлөлтийн хоёр эрийг 1951 онд "Warner Brothers Studios" дахь Вэйний оффисоос баривчилжээ. Никита Хрушёв 1953 онд Сталиныг нас барснаас хойш Жон Уэйний аминд хүрэх ажиллагааг зогсоосон байна.
1958 онд Хрушёв түүнд энэ талаар тайлбарлахдаа "Энэ бол Сталин галзуурсан байсан таван жилийнхээ үед гаргасан шийдвэр. Түүнийг нас барсны дараа би шийдвэрийг нь хүчингүй болгосон" гэжээ. Жон Уэйн 1979 онд 72 настайдаа хорт хавдраар нас барсан билээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.