1
Бэлэвсэрч хоцорсон хүн бөгжөө зүүн гарынхаа ядам хуруунд зүүдэг
Цул алтан бөгжийг ураг барилдан, гэр бүл болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс баруун гарынхаа ядам хуруунд зүүнэ. Хэрвээ эхнэр буюу нөхрийн аль нэг нь нас эцэслэх, салж сарних зэргээр бэлэвсрэх аваас уг бөгжийг зүүн гарынхаа ядам хуруунд зүүдэг. Баруун, зүүн гарын ядам хуруунд бөгж зүүснээр нь эхнэр, нөхөртэй, бэлэвсэн алин болохыг илэрхийлдэг.
Харин гэр бүл болоогүй хүмүүс хурц тод өнгийн чулуун шигтгээтэй бөгжийг зүүн гарынхаа ядам хуруунд зүүдэг. Ер нь чулууны өнгө, бөгжний материалыг сонгохдоо уламжлалт ёсыг дагавал сайн.
Дээхнэ үед хөрөнгөтэй, баян чинээлэг хүмүүс нэн ялангуяа төв болон дундад Азийнхан, баруун Европын хаад ноёд, баячууд хуруу бүртээ том том алтан бөгж зүүдэг байсан. Энэ заншил эдүгээ хуучирч үгүй болсон байна.
2
Бөгж нандин бэлэгт тооцогддог
Бөгжийг эрэгтэй эмэгтэй хэн боловч бие биедээ дурсгал болгон өгөх нь хамгийн нандин бэлэгт тооцогддог тул хаяж үрэгдүүлэхгүй нандигнан хадгалдаг.
Хэрвээ цул алтан бөгжийг хэн нэгнээс бэлгэнд авбал чулуун шигтгээтэй бөгж давхарлан зүүнэ. Гэхдээ мэдээж бөгж зүүхэд мэргэжлийн болон ажил төрлийн ямар ч ялгаа байдаггүй.
3
Насандаа тааруулж бөгж сонгох
Өдөр тутмын хувцаслалтаас хамааран бөгжөө сонгох нь зүйтэй. Хэрэв та жижиг хумсны толь, хуруутай бол жижиг шигтгээтэй бөгж сонгоорой. Энэ нь таныг оворгүй, ухаалаг, дэгжин харагдуулах болно. Хэт их гоёл чимэглэл гартаа зүүх нь зохимжгүй харагддаг гэдгийг байнга санах хэрэгтэй. Том овор ихтэй чулуун бөгж гарын өө сэвийг тодруулж харагдуулдаг. Гэхдээ бөгж нь их, бага хэмжээгээр эзнийхээ сорирхлыг илэрхийлж, таны тухай "ярьдаг" гэдгийг та бүү мартаарай.
4
Гарын хэлбэр, хэмжээнд тааруулан бөгж сонгох
Хэрэв та жижигхэн хуруутай бол том биш хэрнээ урт шовх, нарийн хэлбэртэй бөгж сонгох нь дээр. Энэ нь гарыг урт нарийн харагдуулах сайн талтай. Харин та хэт урт хуруутай бол дунд хуруундаа хоёр бөгж, зэрэгцүүлэн зүүвэл илүү зохимжтой юм.
Бидний хэлж заншсанаар мойног том ястай хуруутай бол том чулуун бөгжний оронд дугуй хэлбэр бүхий дунд зэргийн овортой бөгжийг сонгоорой. Энэ нь хурууны том ясыг жижиг болгож, зохистой харагдуулдаг. Мөн геометрийн дүрстэй бөгж, гоёл чимэглэл хурууг жижиг хэмжээтэй харагдуулах сайн талтай.
5
Ямар бөгжийг хаана хэрэглэх вэ?
- Алмаазан эсвэл шигтгээтэй бөгжийг чөлөөт хувцас дээр зүүх нь зохимжгүй харагддаг. Харин оройн үдэшлэг, хүлээн авалтанд даашинзтай хослуулах нь зохимжтой бөгөөд хувцаслах соёлд сайн суралцсаныг илтгэнэ.
- Нэг гарт хэт олон бөгж байх зохимжгүй. Аливаа зүйлийн тун хэтрэх нь хувцаслалтандаа онцгой муу нөлөө үзүүлдэг. Энгийн хэрнээ дэгжин байх тусам сайхан харагдуулна.
- Өөр өөр төрлийн материал, өнгө орсон бөгж нэг гарт хамтдаа байх зохимжгүй. Тухайлбал, алт, мөнгө, монетон бөгжийг хамтад нь нэг дор зүүх хэрэггүй.
- Хумсаа тод өнгөөр будсан бол тод гялалздаг бөгж бүү сонго. Энэ нь таны гарыг бүдүүн, өргөн харагдуулдаг. Хэт тод өнгийн зүйлс нэг дор байрлах нь “гоёх гэж ядсан” мэт харагдуулна.
- “Dress Code” заасан үдэшлэгт очихдоо ямар бөгж, ээмэг сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл хуримын бөгжөө зүүгээд гараарай. Энэ нь таныг илүү сайхан харагдуулж, эерэг сэтгэгдэл төрүүлнэ.
- Та эрхий болон чигчий хуруундаа бөгж зүүдэг бол элдэв содон өнгийн биш энгийн бөгж зүүхийг санал болгож байна.