Химийн хорт бодисоор хүмүүсийг хордуулж алсан аймшигт 10 үйл явдал

2018-07-20, 14:53
8,158

Дэлхий нийтээр химийн зэвсэг хэрэглэхийг хориглодог. Гэхдээ ийм хориг тавихад чухам юу нөлөөлсөн юм бол? Мэдээж хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн аймшигт явдлууд гэж та хариулах байх. Үй олноор нь хөнөөх зэвсгээс химийн бодим хамгийн аймшигтайд тооцогддог. Хүнийг дээд зэргээр тамлан зовоож үхүүлдэг энэ аймшигт зэвсэг, химийн бодистой холбоотой хамгийн эмгэнэлт явдлуудыг бид танд хүргэж байна. 

Химийн хорт бодисоор хүмүүсийг хордуулж алсан аймшигт 10 үйл явдал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины устгал: Америк дахь Гавлын хөндий

Юта мужийн “Dugway Proving Ground” нэртэй АНУ-ын армийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт химийн хорт бодисыг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан юм. Харин 1968 оны гуравдугаар сарын 13-ны өдөр 1211 литр “VX” төрлийн химийн бодис задарч, ойр хавийн газар нутагт бүхэнд нь тархжээ. Дараа өдөр нь  мал амьтад нь хордон ухаан алдаж, удалгүй үхсэн талаар тэр хавьд амьдардаг фермерүүд болон хоньчид мэдээлсэн байна. Хонинууд эхлээд галзуу юм шиг аашилж, ийш тийш савчиж байгаад газар дээрээ үхэтхийн унацгаасан гэнэ. Химийн бодис алдагдсанаас хойш нийтдээ 6000 хонь үхсэн байна. 

Найман өдрийн дараа цэргийн нууц материалд хонинуудын үхэл химийн бодис задарсантай холбоотой байх гэж бичсэн аж. Гэхдээ сэтгүүлчид одоог хүртэл тус химийн бодис хүний биед ч хүчтэй нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг. Ютад болсон үйл явдлаас хойш нэг жилийн дараа Америкийн 37 дахь Ерөнхийлөгч Никсон (Nixon) олон улсад биологийн зэвсгийг хориглох тушаал гаргасан юм. Хонь хэдэн мянгаараа үхсэн энэ газрыг хожим Америк дахь Гавлын хөндий гэж болсон. 

Хонины устгал: Америк дахь Гавлын хөндий

2 Англи дахь Портон-Дауны туршилт

1916 онд Английн Уилтширт идээтүүлэх хийн туршилтыг явуулах Портон-Даун нэртэй судалгааны газар байгуулагджээ. Дэлхийн II дайны сүүлчээр химийн бодисыг туршиж эхэлсэн байна.

1953 онд Их Британийн агаарын хүчний хөлгийн механик 20 настай Рональд Мэддисон (Ronald Maddison) гэх залуу Уилтширийн Портон-Даун судалгааны газарт иржээ. Рональд тухайн үед ханиадаа эмчлүүлээд дараа нь туршилтанд орох бодолтой байсан гэнэ. Туршилтанд орвол түүнд 15 шиллинг (зоосон мөнгө) өгнө хэмээн амлаж байсан тул тэр мөнгөөрөө хайртай бүсгүйдээ сүйн бөгж авч өгөхөөр төлөвлөсөн байв. Гэтэл судлаачид түүнийг амьтан мэт тамлажээ. Рональд дээр "сарин" нэртэй бодис туршсан юм. Уг туршилтанд орсон өөр нэгэн эр ухаан алдаж, комд орж байсан ч залуу дээр туршилт хийхээ зогсоогоогүй байна.

Рональдад хоёр давхар цамц өмсүүлэн туршилтын өрөөнд оруулж, түүний дээрээс 200 миллиграм "сарин" дусаажээ. Тэр шууд л хөлөрч, удалгүй сонсголоо алдаж эхэлсэн юм. Минутын дотор газарт унан татганаж, амнаас нь хөөс сахарчээ. Түүнийг эмнэлэгт хүргэхэд бие нь тэр чигтээ хөхөрсөн байв. Хэдий түүнд хүчилтөрөгчийн баг зүүлгэсэн боловч агаар дутагдсан хэвээр байлаа. Эмч нар түүний зүрхэнд адреналин тарьсан ч амь оруулж чадаагүй гэнэ.

Портон-Дауны энэхүү туршилтад хэдэн зуун хүн орсон гэдэг. Хожим 2004 онд Рональдын гэр бүлд хүүгийнх нь нөхөн төлбөрийг олгожээ.

Англи дахь Портон-Дауны туршилт

3 Орос эрдэмтний бүтэлгүйтсэн судалгаа

1987 онд ЗХУ-ын химийн зэвсгийн эрдэмтэн Андрей Железняков “новычок” нэртэй химийн хорт бодис гаргаж авах судалгааны ажил хийж байсан юм. Тавдугаар сарын нэгэн өглөө химийн бодисын хавхлага задарч Андрей “новычок-5” бодисондоо үл ялиг түлэгджээ.

Андрейгийн нүдэнд тэр дороо өөрчлөлт орж, шар, улаан гэрэл гялбаж байгаа мэт болж, чих нь шуугиж, ханиаж эхэлсэн гэнэ. Түүнд аяга цай уулгаж, ерөндөг тарьжээ. Тэр шууд л гэртээ харьсан байна. Гэхдээ явах замд нь толгой нь эргэж унасан тул эмнэлэгт хүргэгдсэн аж. Тэрээр бараг долоо хоног комд ухаангүй хэвтсэн байна. Дараа нь хэдэн сарын турш тэр хөл дээрээ тогтож чадаагүй юм.

Дараагийн таван жил нь тэрээр анхаарлаа төвлөрүүлж чадахаа больж, үе үе татаж унан, элэгний үрэвсэл, үе мөчний өвчнөөр шаналсан гэнэ. 1993 онд тэрээр эхнэрээсээ салж, найз нөхөд ч үгүй болж, ганцаараа гэртээ нас баржээ.

Орос эрдэмтний бүтэлгүйтсэн судалгаа

4 Оросын банкир болон түүний нарийн бичгийн үхэл

1995 онд Оросын томоохон банкны ерөнхийлөгч Иван Кивелиди болон түүний нарийн бичгийн дарга Зара Исмайлова нарыг хордуулж алсан явдал томоохон дуулиан тарьсан ч алуурчдыг өнөөдрийг хүртэл олоогүй байна. Иван Кивелиди эдийн засгийн авлига болон Оросын мафуудыг зоригтойгоор шүүмжлэгч нэгэн байсан аж. Тиймээс түүнийг замаасаа зайлуулах хүсэлтэй хүн мундахгүй байсан гэх. Уг хор нь “новычок”-оор баяжуулсан химийн бодис байсан гэж шинжээчид таамагладаг.

Кивелидикийн гар утсанд химийн бодис түрхсэн байсан бөгөөд ажилдаа ирэхээс хоёр цагийн өмнө түүний зүрх хүчтэй өвдөж эхэлжээ. Ийнхүү эмнэлэгт ирэхэд түүний дотор эрхтэн ажиллахаа больж комд оржээ. Үүнээс гурав хоногийн дараа тэр нас барсан гэнэ. Харин түүний нарийн бичигт яг адилхан зүйл тохиолдож мөн амьсгал хураажээ.

Оросын банкир болон түүний нарийн бичгийн үхэл

5 Малайзын Куала Лумпур нисэх онгоцны буудалд болсон аллага

2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала Лумпур нисэх онгоцны буудал дээр хоёр эмэгтэй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны (Kim Jong Un) үеэл ах буюу Ким Жон Нам руу химийн бодис цацжээ. Түүнийг шууд нисэх буудлын эмнэлгийн тасагт аваачсан бөгөөд цусны даралт нь ихсэж, багтарч эхэлсэн гэнэ. Эцэст нь тэр ухаан алдаж, түргэний тэргээр эмнэлэг рүү явах замдаа нас барсан байна.

Түүн рүү “VX” нэртэй химийн бодис цацсан нь илэрсэн юм. Гэхдээ хэргийг үйлдсэн этгээдүүд өөрсдийгөө иргэдийг цочоох телевизийн нэвтрүүлгийн оролцогчид гэж хэлжээ. Харин тус нэвтрүүлгийн зохион байгуулагчид нь Хойд Солонгосын иргэд байсан нь тогтоогдсон юм. Энэ хэргийн бас нэг хачирхалтай зүйл нь хэрэг гарах үед Ким Жон Нам цүнхэндээ  “VX” бодисын ерөндөг авч явж байжээ. 

Малайзын Куала Лумпур нисэх онгоцны буудалд болсон аллага

6 Английн Эймсбери хотод болсон явдал

Английн Эймсбери бол 11.000 оршин суугчтай, жижигхэн, нам гүм хот юм. Гэтэл 2018 оны зургадугаар сарын 30-ны өдөр хотын оршин суугч Даун Стургесс (Dawn Sturgess) болон түүний хамтрагч Чарли Роули (Charlie Rowley) нар гэртээ ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгджээ. Тэднийг хар тамхи хэрэглэдэг байсныг оршин суугчид баталсан тул мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж оношилсон байна. Гэсэн ч тэд хөлөрч, татаж унаж, амнаас нь хөөс сахарч, хүүхэн хараа нь томорч байсан нь эмч нарыг дахин онош тавихад хүргэжээ. Харин Портон-Дауны химийн зэвсгийн судалгааны эрдэмтэд тэднийг “новычок” бодист хордсон гэдгийг нотолжээ. Эмнэлэгт хүргэгдсэнээс хойш найм хоногийн дараа Даун нас барсан юм.

Энэ явдал болохоос бараг дөрвөн сарын өмнө Эймсбери хотын ойролцоох Салисбури хотод амьдардаг Оросын хуучин тагнуул Сергей Скрипал охины хамтаар “новычок” бодист хордож байжээ. Сергейгийн гэрийн хаалганы ойролцоо уг бодисыг агуулсан лонх байсан бөгөөд шинжээчид Даун, Чарли хоёр тус лонхыг олсон байх гэж таамаглаж буй.

Английн Эймсбери хотод болсон явдал

7 Япон дахь метронд болсон "сарин"-ы халдлага

1994 онд Японы “The Aum Shinrikyo” нэртэй шашны бүлгийн удирдагч Шоко Асахара (Shoko Asahara) шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өс хонзон авах сэдлээр гурван шүүгчийн гэрт нь очиж "сарин" хийгээр утсан юм.  

Шоко Асахара урьдчилан тоноглосон хөргөгчинд хийг шахан шүүгчдийн гэрийн гадаах гудамжинд аваачин задалжээ. Хийнд хордсон хүмүүсийн толгой өвдөж, нус нь гоожиж, юм харахаа больсон гэдэг. Ийнхүү найман хүн нас барж, зуу гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Мөн дараа өдөр нь тэндээс үхсэн нохой, муур, шувуу гээд олон амьтад олджээ. Тухайн үед тэр хавьд ойролцоо амьдардаг байсан нэгэн иргэнийг буруутган баривчилж байсан юм.

Жилийн дараа “The Aum Shinrikyo” бүлгийнхэн Токиогийн метроны буудал дээр сарин бодисыг дахин задалжээ. Энэ явдлаар 13 хүн нас барж, мянган гаруй хүн гэмтсэн юм. Эхэндээ метроны буудалд ханын будагны хурц үнэр үнэртсэн байна. Удалгүй хүмүүс ханиаж, амнаас нь хөөс сахарч эхэлжээ. Ийнхүү үймээн самуун дэгдэж, хүмүүс дээш гарч зугтахыг оролдсон боловч ихэнх нь цусаар ханиалгаж, удалгүй амьсгал хураасан гэнэ.  

Токиогийн шуурхай албаныхан болон эмнэлгийн байгууллагынхан дотогш орж, хүмүүст тусламж хүргэхэд ихээхэн хүндрэлтэй тулгарсан гэдэг. Харин уг хэргийн эзэд болох Шоко Асахара болон түүнийг даган баясагч 23 хүнийг дээрх үйл явдлаас хойш 23 жилийн дараа буюу энэ оны долдугаар арын 6-ны өдөр баривчилжээ.

Япон дахь метронд болсон "сарин"-ы халдлага

8 Польшийн “ажлын” шорон

1936 онд Германы эрдэмтэд "табун" бодисыг баяжуулж хорт бодис гаргаж авчээ. Энэ нь хамгийн анхны химийн хорт бодисын нэгд тооцогддог юм. Харин Польшийн Варшав хотын “Dyhernfurth” албадан хөдөлмөрийн баазад дээрх бодисыг 12.000 тонныг үйлдвэрлэжээ. 1943 оноос Дэлхийн II дайныг дуусах хүртэл "табун" нэртэй бодисонд хордож зуун зуун хүн нас барсан гэдэг.  

“Dyhernfurth” дахь ажилчдыг албадан тус хорт бодисыг бөмбөг тэслэгчид хийхийг даалгадаг байжээ. Тэнд ажилладаг хүмүүс хамгаалалтын хувцас өмсөж байсан ч олон жилийн турш "табун"-д хордож явснаа ойлгоогүй аж. Усны хоолой цэвэрлэдэг дөрвөн ажилчид дээр "табун"-ы шавхруу санаандгүйгээр асгарчээ. Тухайн үед тэдний хамгаалалтын хувцас урагдаж, аймшигтайгаар тарчилсаар үхсэн байна. 

Польшийн “ажлын” шорон

9 Сири дэх иргэний дайны үеийн халдлага

Сирид хэд хэдэн удаа химийн хорт бодис, химийн зэвсэг ашигласан гэдэг. Гэмтэж, бэртсэн хүмүүсээс илрэх шинж тэмдэг яг л хорт бодисын үр дагавар гэж эмч нар үздэг гэнэ. Хамгийн их шуугиан тарьсан химийн зэвсгийн халдлага Гоута нэртэй газар 2013, 2018 онд тус тус болжээ. Гэхдээ олны анхааралд өртөөгүй халдлагууд ч цөөнгүй төдийгүй олон зуун, мянган гэмгүй иргэнийг хохироосон юм.

2017 онд л гэхэд Хан Шейкоун нэртэй жижиг хотын дээрээс унагасан дөрвөн химийн бөмбөгийн улмаас 80 гаруй хүн нас барсан аж. Түргэн тусламжийн эмч нарыг гэмтсэн хүмүүс дээр очиход тэд ухаан алдан унацгааж байв. Хохирогчдын хүүхэн хараа томорч, татганаж, амьсгалж чадахгүй, амнаас нь хөөс сахарч, арьс нь хөхөрч байжээ. Амьд үлдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэж биеэс хорыг нь гадагшлуулах ерөндөг өгсөн байна. Гэхдээ удаа дараагийн агаарын цохилтоор эмнэлэг сүйрчээ.

Сири дэх иргэний дайны үеийн халдлага

Абдухалим Юсуф гэгч эрийн 11 сартайдаа нас барсан ихрүүдийн зургийг доор харуулжээ. Хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа хордсон байжээ.

10 Ирак дахь Халабажа хотын химийн зэвсгийн дайралт

Иран-Иракийн дайны үед буюу 1988 оны гуравдугаар сарын 16-нд болсон химийн зэвсгийн дайралтын үеэр Халабажад амьдардаг курд хүмүүс ихээхэн хохирол амсчээ. Таван цагийн турш идээтүүлэх хий, "табун", "сарин", “VX” хольсон химийн бөмбөгөөр тасралтгүй бөмбөгджээ. Алим шиг үнэртэй "табун" байсан гэж амьд үлдэгсэд хожим хэлсэн байна. Тухайн үед 5000 гаруй энгийн иргэн нас барсан бол 10.000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

Энэ явдлаас өмнө хоёр хоногийн турш тус газрыг тасралтгүй бөмбөгдсөн учир химийн дайралтын үеэр толгой хоргодчих газар огт байгаагүй гэнэ. Химийн зэвсгийн бөмбөгдөлтийн үеэр хүмүүсийн нүд улайж, нулимс гоожин, амьсгалж ч чадахгүй бөөлжиж байсан гэнэ. Ээж, аав нар хүүхдээ хамгаалан дээр дээрээсээ давхралдан хэвтэж байсан гэдэг. Аймшигт явдлаас амьд үлдэгсэд үе мөчний асуудалтай, бас хараагүй болж, зарим нь үүрд сэтгэцийн өвчтэй болжээ.

Ирак дахь Халабажа хотын химийн зэвсгийн дайралт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()