Ихэнхдээ Линда хичээлдээ унадаг дугуйгаар явдаг ч тэр өдөр охиныг төгөлдөр хуурынх нь багш машинаараа хүргэж өгсөн аж. Харин дөрвөн цаг хичээлдээ суугаад дараа нь гэртээ ирэх ёстой байсан ч охин ирээгүй учир түүнийг цагдаа, сайн дурын ажилчид нисдэг тэргээр Ньюпорт-Бич дүүргээр шөнөжингөө хайж, маргааш өглөө нь түүний цогцсыг усны сувгаас олжээ.
Охиныг хөнөөсөн алуурчныг олоогүй гэнэ. 45 жилийн өмнөх хэргийг юуны учир эргэн сөхөх болсон шалтгаан нь 2018 оны долдугаар сарын 6-нд Ньюпорт-Бичийн цагдаагийн байгууллага Линда Энн О’Киф охины дурсгалд зориулж, ДНК-ийн тусламжтайгаар олсон багахан мэдээллийг олон нийтэд цацсан байна.
Энэхүү мэдээллийг задлахаасаа өмнө цагдаагийн байгууллагынхан охины нас барсан хэргийг дахин сөхөж, өглөөний 07.00 цагаас эхлэн "Линдагийн түүх" нэртэй твиттер хуудас нээж, амьдралынхаа хамгийн сүүлийн өдөр болсон үйл явдлын талаар охин өөрөө бичсэн мэтээр захидал нийтэлжээ. Твиттер хуудсыг энэ өдрийн оройн 23.00 цаг хүртэл ажиллуулаад хаасан юм. Учир нь охины хашгирах чимээг хамгийн сүүлд энэ цагт хэн нэгэн сонссон байна. Түүний захидлыг сонирхуулъя.
“Сайн байна уу. Намайг Линда Энн О’Киф гэдэг. 45 жилийн өмнөх энэ өдөр би Ньюпорт-Бичид бусдын гарт амь үрэгдсэн. Миний цогцсыг Бэк-Бей хавиас олсон. Харамсалтай нь намайг хороосон алуурчныг олоогүй. Ингээд өнөөдөр би танд өөрин түүхийг ярьж өгье".
"Энэ өглөө би цэнхэр цэцэг, хөх өнгийн эмжээртэй, цагаан өнгөтэй энэ даашинзыг өмссөн юм. Үүнийг ээж минь надад оёж өгсөн. Манай ээж эгч нарт маань ч зориулж даашинз оёж өгдөг. Бидэнд хангалттай мөнгө байдаггүй учир дэлгүүрээс хувцас худалдаж авч чаддаггүй”.
Линдагийн цогцсыг олсон газар
"Энэ өдөр би уг нь хичээлээ тараад гэр рүүгээ залгаж ээжийгээ ирж авахыг хүссэн л дээ. Харамсалтай нь ээж маш завгүй, захиалга ихтэй байсан учир намайг ганцаараа гэртээ харьж чадна гэсэн. Би гутарч, уйлсан. Би хэсэг зуур сургуулийнхаа эргэн тойронд алхаж байгаад Маргарит-Драйвын замаар гэрийн зүг явсан" гэж захидалд дурджээ.
Яг энэ үед Линдагийн хажууд оюу өнгөтэй суудлын машин ирж зогсчээ.
Жаннин хэмээх нэртэй эмэгтэй ээжтэйгээ хамт яг энэ замаар явж байсан бөгөөд охиныг жолоочтой ярьж байхыг харсан гэнэ. Уулзварын дэргэд зогссон эл машины зорчигчийн талын хаалга нээлттэй байсан аж. Харин Линда зорчигчийн хаалганы дэргэд зогсож байжээ.
Жаннины ээж ямар нэг зүйл буруу байгааг ойлгож, хурдаа хасаж зогссон байна. “Хэрвээ энэ машин хажуугаар нь өнгөрөх юм бол дугаарыг нь бичиж аваарай” гэж охиндоо хэлжээ. Гэвч машин тэдний зүг рүү яваагүй юм. Энэ бол Линда О’Киф-ыг амьдаар нь харсан хамгийн сүүлийн мөч байлаа.
Линда гэртээ ирээгүй учраас 18:42 цагийн үед гэр бүлийнхэн нь охиныг алга болсон гэж цагдаад мэдэгджээ. Линда ээжтэйгээ ярьснаас хойш зургаан цаг өнгөрсөн бөгөөд ээж нь эхэндээ түүнийг найзындаа очсон байх гэж боджээ. Цагдаагийн нисдэг тэрэг, жийпээр хаа сайгүй охиныг хайсан ч ямар ч ул мөр олж чадахгүй байлаа. Ганцхан эмэгтэй шөнө дундын үед нэгэн охин хашгирахыг сонсчээ. “Больцгоо, та нар намайг өвтгөж байна” гэж охин хашгирч байжээ. Харамсалтай нь тухайн үед тэр эмэгтэй алга болсон хүүхдийг хайж байгаа талаар огт мэдээгүй ажээ. Тэрээр чих тавин сонсох гэсэн боловч дахин огт чимээ гараагүй гэнэ.
Охины захидал үргэлжилж, үүндээ "Тэр намайг үгүй болж байгаа гэдгийг мэдэхгүй байсан юм. Намайг түүний гэрийн ойролцоогоос олно гэдгийг ч тэр мэдээгүй” гэж бичсэн байв.
Охины цогцсыг алга болсных нь маргааш өглөө 10.00 цагийн үед голын эргийн ойролцоогоос судалгаанд ашиглах мэлхийг хайхаар ирсэн залуу олсон байна. Өвсөн дунд тэрээр жижигхэн цагаан зүйл харсан бөгөөд энэ нь охины гар байсан аж.
“Охин алга болсон талаарх мэдээллийг өглөө сонин дээрээс уншсан байсан болохоор энэ цогцос охиных байх магадлалтай гэдгийг би ойлгосон” гэж тэр ярьжээ.
1973 онд хайж байсан, машинтай залуугийн зураг
Тухайн үеийн хэргийн мэдээллээс харахад Линдаг хоолойг нь боож хороосон байсан бөгөөд бэлгийн хүчирхийллийн ямар нэгэн ул мөр олоогүй аж. Хэрэг гарснаас гурав хоногийн дараа 18 настай залууг Линдагийн үхэлд буруутган баривчилсан боловч цагдаа нар түүний талаар ямар ч мэдээлэл задруулаагүй юм. Нотлох баримт хангалтгүй шалтгаанаар удалгүй залууг сулласан байна.
Үүнээс хойш хэргийг илрүүлээгүй бөгөөд энэ оны долдугаар сарын сарын 7-ны бямба гаригт Линдагийн амийг хороосон байх магадлалтай хүний дүрийг ДНК-гийн технологийн компани болох "Parabon Nanolabs"-ын тусламжтайгаар тодорхойлсон байна.
ДНК-ийн тусламжтайгаар ажилладаг энэхүү төхөөрөмж нь тухайн хүний 45 жилийн өмнөх дүр болон одоогийн 60 настай дүр төрхийг харуулжээ. Энд дүрсэлснээр бол алуурчин цэнхэр нүдтэй, цайвар үстэй залуу аж. Ньюпорт-Бичийнхэн шинэ баримт гарч ирсний ачаар алуурчныг олно гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Ийнхүү энэ хэргийн талаарх мэдээллийг цахим хуудсанд оруулсан нь илрээгүй хэрэг нэг шат ахисан болохыг олонд зарлаж, алуурчныг сайн дураараа хэргээ хүлээх болов уу гэж найдаж байгаагаа цагдаа нар хэлжээ.
Монголд ч гэсэн хүүхэд сураггүй алга болсон хэрэг сүүлийн үед гарах болсон. Хамгийн сүүлд Замын-Үүдэд нэг охин алга болж, одоо ч олдоогүй, цагдаа нар ямар нэгэн сэжим ул мөр илрүүлж чадаагүй байгаа билээ. Тиймээс үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж байгаарай гэж эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг бид орчуулан бэлтгэлээ.