1
Бүсгүйн амийг аварсан шоколад
1938 онд алдарт нисгэгч Марина Раскова холын дээд амжилтыг тогтоох эмэгтэйчүүдийн багийн гишүүн байсан гэнэ. Нислэг тайгын дээгүүр өнгөрөх байсан ч онгоц үүлэн дунд орж буруу замаар ниссэн бөгөөд үүлнээс гарахад түлш нь бараг дуусаж байжээ. Ингээд багийн ахлагч Валентина Гризудубова газардах хэрэгтэй гэж тушаал өгсөн байна. Гэхдээ хэрэв газардсан бол жолоочийн кабин дэлбэрэх учир нисгэгч Марина Раскова амь үрэгдэх магадлалтай байсан аж. Багийн гишүүд хамтрагчийнхаа амийг алдахыг хүсээгүй учраас бүгд шүхэртэй үсрэхээр шийджээ. Шүхрээр буусных нь дараа Маринаг тэд түвэггүйхэн араас нь буугаад ирнэ гэж тооцсон байна.
Раскова болон Гризодубова
Гэтэл бүх зүйл буруугаар эргэж Раскова гар буу, хоёр ширхэг шоколадтай 10 хоногийн турш хөвч тайгаар ганцаараа явжээ. Бүсгүй намагт шигдэж, баавгайд идүүлэх шахсан зэрэг олон бэрхшээл туулсан бөгөөд мөөг шарж идэх гэж байгаад ойн түймэр хүртэл тавьсан байна. Тэрээр найзуудыгаа тайгад байгаа гэдэгт итгэлтэй байсан төдийгүй огтхон ч бууж өгөхгүй явсаар л байв.
Найз нараа олохгүй юм гэхэд голын эрэгт очихыг хүсчээ. Усны урсгалын дагуу хүн амьдардаг газар олох боломжтой гэж бодсон аж. Эцэст нь тэр нисдэг тэрэгний чимээ сонсож, хамаг хурдаараа тэр зүг рүү гүйжээ. Марина өрөөсөн гутлаа алга болгосон учир хөл нүцгэн явсны дээр маш их өлссөн байв.
Ийнхүү аврах багийнхан Маринаг олж, бүсгүйг нисдэг тэрэг хүртэл өргөж аваачихыг хүссэн боловч тэр өөрөө алхаж хүрсэн юм. Хожим эх орны дайны үеэр Марина Раскова амиа алдсан гэнэ.
Охин Танягийнхаа хамтаар
2
Далайд ганцаараа үлдсэн эмэгтэй
1983 онд дурлалт хосууд болох Тами Эшкрафт болон Ричард Шарп нар Таитигаас Сан-Диего хүртэл нэгэн дарвуулт завийг эзэнд нь хүргэж өгөхөөр болж далайд гарчээ. Тэд сарын дотор даалгавраа гүйцэтгэнэ хэмээн төлөвлөж байсан ч жижиг дарвуулт завь далайн шуурганд өртсөн байна. Ингээд Ричард сүйт бүсгүйгээ дарвуулт завины кабин руу оруулж, өөрөө эцсээ хүртэл завиа унагахгүй байхыг хичээсэн гэнэ.
Харамсалтай нь, далайн шуурга асар хүчтэй байлаа. Дарвуулт завь хөмөрч, Ричард аврах хантаазнаасаа мултарснаар живж амиа алджээ. Харин Тами толгойгоороо завь мөргөж, хэсэг хугацаанд ухаангүй хэвтсэн байна. Ухаан ормогцоо тэрээр хөмөрсөн завин дотор байгаагаа мэдсэн бөгөөд зөвхөн ус руу гарах боломжтойгоо ойлгожээ. Хөдөлгүүр ажиллагаагүй болж, хэн нэгэнтэй холбогдох боломжгүй байсан гэнэ.
Бүсгүй завины салон дотор байсан бүхий л зүйлийг завины нэг тал руу бөөгнүүлж, далайн давалгааг ашиглан завиа эргүүлэхээр шийдсэн байна. Завь эргэсэн даруйд тэрээр яаралтайгаар салон доторх зүйлсийг дахин завин дотор жигд тараах хэрэгтэй болсон гэнэ. Учир нь завь дахин хөмөрч мэдэхээр байлаа. Ингээд Тами богино хугацаанд дарвуул хийж, өөрийн авхаалж самбаа, уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар хуурай газар руу явжээ.
Бүсгүй дарвуул дээр аяга өлгөж, тэнд тогтсон өглөөний шүүдрээр амаа чийглэж байсан юм. Өөр ундны ус олох боломж Тамид байсангүй. Хүнсээ хурдан дуусгахгүйн тулд загас барих гэж оролджээ. Тами хэн нэгэн түүнийг анзаарах болов уу гэсэн итгэлтэйгээр хөвж байсан гэнэ. Гэвч хамаатан садан найз нөхөд нь Тами болон Ричардыг нас барсан хэмээн тооцож байжээ.
Энэ тухай хожим "Аdrift" нэртэй кино хийсэн. Трейлерийг нь үзнэ үү.
40 хоногийн дараа Хавайн арлынхан далайн эрэг рүү дөхөж буй хачирхалтай завийг харахаар эрэг дээр цугласан байна. Гараар хийсэн дарвуултай завьт хөвж, жолоог нь жижигхэн туранхай бүсгүй залж байсан нь Тами байсан юм.
Тами амьд үлдээд зогсохгүй өөрийн дуртай спортоо ч орхиогүй юм. Тэрээр дарвуулт завьтай аялсан хэвээрээ гэсэн шүү. Мөн хүнтэй гэрлэж аз жаргалтай амьдарч, “Өглөөний улаан тэнгэр” хэмээх ном бичсэн байна.
Өнөөдрийн Тами
3
Үхсэн ч хүний мах идэхгүй
Дуглас Моусон бол Антарктидад анх хөл тавьсан домогт хүмүүсийн нэг юм. Аяллын үеэр түүний багийнхан гурван хэсэг болж хуваагдан, нэг багт гурван хүн байхаар тооцоолжээ. Моусоны багт нохой чаргатай Белгрейв Ниннис болон Ксавьер Мерц нар байсан аж. Цасан гүүр давах үед Ниннис өөрийн чарга болон хоол хүнстэйгээ доош цөмөрч унажээ.
Моусон Мерц нар олон цагийн турш хамтрагчаа аврахыг хичээсэн боловч гол хэтэрхий гүн байсан учир ямар ч боломжгүй байлаа. Ингээд тэд хамтрагчаа алдахаас өөр аргагүй болжээ. Судлаачид бараг л хоол хүнсгүй үлдсэн бөгөөд тэдэнд бага хэмжээний жигнэмэг, шоколад, үзэм л байсан аж. Үүнээс гадна буцаж явах цасан гүүр хайх хэрэгтэй болсон нь нэлээд цаг алдах шалтгаан болсон гэнэ.
Дуглас Моусон
Буцах замдаа тэд сульдаж, ядарсан нохдоо цааш нь харуулж, бусад нохдоо хооллосон байна. Мерц нохойны мах идэж чадахгүй байсан учир тэрээр зөвхөн элэг идэж байсан гэнэ. Хоолгүй удаан явснаас, мөн ядарч сульдсан учраас Мерцийн бие муудаж, үхэхийнхээ өмнө галзуурсан байна. Харин Моусон нохдынхоо амийг хороохоо больж, нас барсан хамтрагчийнхаа махыг идэх сонголт байсан ч тэгээгүй юм. Нохойны мах идэж амьд үлдэх эсвэл үхсэн нь дээр гэж бодсон байна.
Хэдийгээр аяллын багийн хөлөг онгоц хэнийг ч хүлээх эрхгүй байсан учир аль хэдийнэ хөдөлсөн ч Моусон бууж өгөлгүй явсаар л байсан юм. Ийнхүү итгэлээ алдаагүй явсны эцэст голын эрэг дээр хоол хүнстэй хэсэг бүлэг хүмүүстэй таарчээ.
4
Хавцалд гацсан Арон Ралстон
Америкийн залуу уулчин Арон Ралстон 2003 онд Юта мужийн хадархаг ууланд авиралт хийхээр шийджээ. Ийнхүү дээшээ авирч байхад нь хөл доор нь ямар нэг зүйл хөдлөх шиг болсон гэнэ. Арон нүд ирмэхийн зуургүй чулуун дор орсон бөгөөд гарыг нь чулуу дарсан учир тэрээр огтхон ч хөдөлж чадахгүй байжээ. Үүнээс гадна Ароны гар хугарсан байсан аж.
127 цагийн турш тэрээр бул чулууны дороос гарахыг оролджээ. Эхлээд тэрээр гарыг нь дарсан чулууг хөдөлгөх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн гэнэ. Ингээд чулууг хөдөлгөж чадахгүйгээ мэдсэн Арон гараа тайрахаас өөр аргагүй болсноо ойлгосон юм.
Харамсалтай нь аялалд гарахынхаа өмнө Арон энэ талаар хэнд ч хэлээгүй байсан учир түүнийг хайсан ч олох боломжгүй байжээ. Удалгүй Ароны хоол хүнс дуусаж эхэлсэн бөгөөд тэрээр гурав хоногийн дараа гараа тайрахаар шийдсэн байна. Эс тэгвээс чулууны завсар гацсан чигээрээ амиа алдах байсан юм.
Тэр хутгаа маш сайн ирлэж, гарынхаа зөөлөн эдийг зүссэн ч ясыг нь хөрөөдөх боломжгүй учир хугалсан байна. Ийнхүү тэрээр гаргүй ч тэндээс явах боломжтой болсон аж. 20 метр хадан хавцлаар бууж ёроолд нь хүрээд дараа нь жуулчдыг олж хартлаа 12 км алхжээ.
Арон амьд гарч чадсан бөгөөд эрүүл мэндийн хувьд сайн байсан аж. Түүний түүхээр “127 цаг” хэмээх кино бүтээсэн байна.
“127 цаг” киноны трейлерийг үзнэ үү.
5
"Оросын иргэнийг заавал хайх болно" гэж боджээ
1975 оны үед 50 гаруй жуулчин зааварлагчийн хамтаар Кавказын уул руу аялахаар замд гарчээ. Харамсалтай нь бүх зүйл төлөвлөж байсны эсрэг болсон юм. Цэлмэг байсан тэнгэр харанхуйлж, цасан шуурга дэгдэж, үзэгдэх орчин эрс муудсан байна. Багийн бүх гишүүнийг нэг дор цуглуулах гэж нэг нь нөгөөгөө хүлээсээр ихээхэн хугацаа алдсан бөгөөд тэд дараагийн буудаллах газраа харанхуй болохоос өмнө очиж чадахааргүй болжээ.
Зааварлагчид сандарч тэвдэн яавал дээр вэ хэмээн ярилцсан байна. Бүгд өөр өөрийнхөөрөө зүтгэж, тодорхой шийдэлд хүрч чадалгүй багийн зарим залуучууд ой модонд очиж гал түлэх нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн нь үнэндээ алдаа байв. Бусад жуулчин ч тэднийг дагасан гэнэ.
Цасан шуурга нүүр нүдгүй шуурч байсан тул явахад үнэхээр бэрхшээлтэй байжээ.
Түрүүлж очоод түүдэг асаасан залуучууд руу бүгд тэмүүлж байв. Зарим нь халтирч унахдаа хөлөө хугалж, тусламж хүсэн хашгирч эхлэв. Харин түүдгийн дэргэд байсан залуус тэдний дуудахыг огтхон ч сонсолгүй архи ууцгааж байсан аж.
Энэ үед нутгийн хоёр малчин жуулчдын багийн гишүүн болох бээрэх шахсан хоёр бүсгүйг замаасаа олж тэдэн дээр авчирчээ. Дараа нь тэд ард үлдсэн бас нэгэн бүсгүйг авчрах хэрэгтэй байна, хамт яваач хэмээн жуулчин залуучуудад хэлсэн боловч бүгд татгалзжээ. Тиймээс малчид цээжээ хүртлээ цасанд хучигдаж ганцаараа хоцорсон бүсгүйг аврахаар явсан байна. Малчид гэмтсэн жуулчдыг хаанаас хайх хэрэгтэйг тэдэнд хэлсэн боловч жуулчдын хэн нь ч бусдыгаа хайхаар яваагүй юм.
Цасан шуурганаас хоргодон самрын модны дор нэгэн бүсгүй, залуу хоёр нуугдсан аж. Залуу нь цүнхнээсээ чүдэнз авахаар модон доороос гарч ирсэн боловч хөл алдаад жалга руу унаж энджээ. Түүний цогцсыг хамгийн сүүлд олсон байна. Энэ шуурганы үеэр жуулчдын багт явсан 53 хүнээс 21 нь амь үрэгдсэн гэнэ.
Модны дор нуугдсан бүсгүйг бас нэлээд сүүлд олсон байна. Түүнд чүдэнз, хоол юу ч байгаагүй бөгөөд нэвт норсон байсан аж. Цасан шуурга зогсмогц бүсгүй өөртөө урц хийсэн боловч дулаацах боломжгүйгээ мэдсэн байна. Тэрээр самрын модны эргэн тойронд зам гаргаж, даарахгүйн тулд тэр замаараа гурав хоногийн турш зогсолтгүй, унтахгүй гүйсээр байсан гэнэ. Оросууд өөрийн орны иргэнээ хайна гэдэгт тэрээр бат итгэлтэй байжээ.
Гурав дахь хоног дээр аврах багийнхан бүсгүйг олсон байна. Түүний нэр Светлана Вертикуш. Тэрээр ойд үлдэж амьд гарсан цорын ганц хүн байсан гэнэ.
Харин багийн эхэнд явж залууст чүдэнз, архи, зузаан хувцас, хоол гээд бүхий л зүйл байсан бөгөөд тэд сульдсан жуулчдын хувийн хэрэгслийг булааж, шуурга зогсмогц бусдыгаа хайх эрмэлзэлгүйгээр аяллаа үргэлжлүүлсэн байна. Хэрвээ тэд цасан шуурга намжсаны дараа бусдыгаа хайсан бол хэд хэдэн хүнийг аврах боломжтой байсан юм. Гэхдээ шүүх хурлын үеэр залуусыг гэм буруугүй хэмээн нотолжээ. Ийнхүү хүйтэн сэтгэл гаргахад тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүгчид үзсэн байна.