Блейз Уильямс (Blayze Williams) анх ачааны том машин угааж мөнгө олдог байсан гэнэ. Нүсэр том тээврийн хэрэгсэл хажууд нь ирж зогсоход эхэндээ айж, цочдог байсан боловч угаагчаас нэг л өдөр тэр том машин унахыг хүссэн гэнэ.
Гэхдээ том машины жолооч болохын тулд жолооны дамжаанд сууж, тусгай зөвшөөрлийн үнэмлэх авах ёстой болсон гэнэ.
"Хүмүүс анх надад "Ачааны машин барих нь эмэгтэй хүнд тохиромжгүй ажил" гэж хэлж байсан боловч, машин унаад хол зам туулах нь надад их зугаатай санагдсан" хэмээн тэрээр ярьжээ.
Ийнхүү Блейз 19 настайгаасаа эхлэн 18 дугуйтай ачааны машин унаж эхэлжээ. Хүмүүс түүнийг анх хараад ачааны машин барих эрх бүхий жолооны үнэмлэхтэй эсэхэд нь эргэлздэг гэнэ. Ачааны машин барьж хол зам туулж, бараа түгээхэд тэрээр маш их эрх чөлөө мэдэрдэг гэлээ. Түүгээр зогсохгүй боломжийн өндөр цалинтай ажил гэнэ.
Блейзийн тухай сонирхолтой бас нэг зүйл гэвэл тэрээр барби шиг хувцаслаж, хээнцэр явах дуртай бөгөөд шивээсний модель юм.
Үүгээр ч зогсохгүй Австралийн хамгийн шилдэг морь сургагчаар тодорч байсан удаатай.
Судалгаагаар Австралид ачааны машины 100 жолооч тутмын гурав нь эмэгтэй байдаг гэнэ. Австралид ачааны машины жолооч эрэлттэй мэргэжлийн тоонд ордог бөгөөд Блейз бусад бүсгүйчүүдийг энэ ажлыг хийж үзэхийг уриалдаг аж.
Тэрээр ямар ч төрлийн машин барихад хүйс хамаагүй гэж үздэг. Энэ нь ч үнэн билээ. Ачааны машин барихад заавал эр хүний хүч чадал хэрэг болдоггүй гэсэн шүү.