1
Цахим сүлжээ (Уганда)
2018 оны зургадугаар сарын 1-нээс Угандад цахим сүлжээнд татвар ногдуулж эхэлээ. Хуулиар Whatsapp, фэйсбүүк, твиттер хэрэглэж буй хүмүүс өдөрт 200 шиллинг буюу (0,05 доллар) татвар төлөх ёстой гэнэ. Харин олон нийтийн цахим сүлжээ ашиглаагүй өдрөө татвар төлөхгүй юм байна.
Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени "Ийнхүү татвар тогтоож байгаа нь хуурамч мэдээлэл цахим хуудсаар тарахаас урьдчилан сэргийлж буй явдал юм" гэж хэлжээ. Татвараас олсон мөнгөөрөө Угандагийн Засгийн газар цуу яриа, хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагаа явуулах гэнэ.
Харин Угандагийн иргэд энэ хуулийг тийм ч уриалгахан хүлээж аваагүй бөгөөд ард иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэмээн эрх баригчдыг буруутгаж байгаа аж. 2016 онд Мусевени сонгуулийн үеэр иргэдийнхээ олон нийтийн сүлжээ ашиглах эрхийг хаасан байна.
2
Нохойны татвар (Швейцарь)
Хэрвээ та Швейцарьт амьдардаг бол нохойныхоо татварыг жилийн өмнө төлөх хэрэгтэй. Эс тэгвээс таны нохойг буудах магадлалтай шүү. Татварын төлбөр нь нохойны биеийн хэмжээнээс хамаарч өөр байх болно. Харин аврах багийн ноход, хөтөч нохойн эзэд татвараас чөлөөлөгддөг гэнэ.
Татвар төлөхөөс зайлсхийсэн иргэдийн нохойг буудан хороох хууль 1904 онд гарсан юм байна. 1960 оноос энэ хуулийг хориглосон байсан ч Реконвилье хотынхон санхүүгийн томоохон асуудалтай байсан учир саяхнаас дахин сэргээж хэрэгжүүлэхээр болжээ.
Татвараа төлөөгүй бол нохойг нь устгана гэсэн мэдэгдэл гаргасных нь дараа тус хотын зөвлөлийн дарга Пьер-Ален Немицэд "Хэрэв тэгдэг юм бол өөрийн чинь амийг хороох болно" гэсэн сүрдүүлэг ирэх болсон аж.
3
Сүсэгтнүүдэд татвар ногдуулах (Герман)
Католик шашинтнууд болон протестанчууд өөрийн сүмийн үйл ажиллагааг дэмжихийн тулд татвар төлөх хэрэгтэй гэсэн хууль Германд хэрэгждэг гэнэ. Энэ нь хотын нийт орлогын 8-9 хувийг бүрдүүлдэг бөгөөд цуглуулсан татварын мөнгийг Засгийн газар эргээд сүмүүдэд хандивладаг юм байна. Энэ нь сүмүүдийн хувьд томоохон хөрөнгө оруулалт болдог. Учир нь Германы хүн амын 30.8 хувь нь католик шашинтан (24.7 сая), 30.3 хувь нь протестанчууд (24.3 сая) юм.
Татвараас зайлсхийх цорын ганц арга бол сайн дураараа сүмийг орхиж явах гэнэ. Гэхдээ сүмийг орхиж явсан герман иргэн маш олон эрхээсээ татгалзах шаардлагатай болдог. Тухайлбал, оршуулгын газар талбай авах, мөн гэрийн асрагч авах эрхгүйгээс гадна зарим тохиолдолд сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургах ч эрхгүй болдог аж.
Гэхдээ зарим герман иргэд татвар төлөхгүйн тулд энэ бүх зүйлээс татгалзахад бэлэн байдаг. Жил бүр 100.000 орчим герман иргэн сүмд харьяалагдахаасаа татгалздаг болжээ. 2014 онд Засгийн газраас хандивын хэмжээг ард түмэнд зарлахыг хориглосноос хойш сүмийг орхин явагсдын тоо 200.000-д хүрчээ.
4
Ухаалаг гар утас болон таблетны татвар (Франц)
2013 онд Францын Засгийн газар гар утас болон таблетанл татвар ногдуулах талаар хэлэлцсэн байна. Тухайн төхөөрөмжийн үнийн нэг хувийг татварт авч, татвараас хуримтлагдсан мөнгөөр франц кино, хөгжим, зураг бүтээхэд хэрэглэх зорилготой тавиад байжээ. Ийм татварыг 1993 онд анх Францын соёл иргэншлийг хөгжүүлэх зорилготойгоор гаргаж байсан ч цахим сайтууд эрчимтэй хөгжсөнөөр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахаа больж, хүмүүс ч татвараас зайлсхийх болжээ.
Энэ хуулийг Францын Засгийн газарт дахин танилцуулсан бөгөөд 2013 оны сүүлчээр шийдвэрлэх ёстой байсан гэнэ. Гэхдээ энэ хуулийн талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл байхгүй.
5
Агаарын татвар (Венесуэл)
Каракас дахь "Майкетия" нисэх буудлаас нисэж буй зорчигчид “Агаарын татвар” хэмээн 127 боливар буюу 200 доллар тушаах хэрэгтэй байдаг гэнэ. Засгийн газрын мэдээлж байгаагаар энэ нь тухайн нисэх буудал дээр саяхан тавьсан агааржуулагчийн нөхөн төлбөр аж.
Эрх баригчдын хэлснээр энэхүү агааржуулагч нь нисэх буудлыг ариутгаж, бактерийн тархалтыг зогсоосноор иргэдийн эрүүл мэндэд тустай гэнэ. Цахим сүлжээнд венесуэлчүүд энэ хуулийг эсэргүүцэн, элэглэж байгаа аж. Харин зарим нь нисэх буудал дампуурч байгаа учир иргэдийг хуурч мөнгө авч байгаа гэжээ.
6
Блог хөтөлсний татвар (Танзани)
Танзани улсад амьдарч буй иргэд өөрийн гэсэн блог хөтлөхийг хүсвэл улсад жилд 440 долларын татвар төлөх хэрэгтэй болно. 2018 оны гуравдугаар сарын 16-наас шинэ хууль үүссэнтэй холбоотойгоор цахим сүлжээнд контент байрлуулагчид болон блог хөтлөгчид албан ёсоор лиценз худалдан авч, эрхээ баталгаажуулдаг болсон юм.
Хуулийн хүрээнд зөвхөн блогерууд төдийгүй интернэт ертөнцөд бичлэг байрлуулах, онлайн радио хөтлөх, онлайн телевиз гэх мэт цахим сүлжээтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээ эрхлэгчид татвар төлдөг байна.
Татвар төлөхөөс гадна тэд Танзанийн харилцаа холбооны байгууллагад бүртгүүлж, хэн нэгнийг доромжилсон мэдээлэл, садар самуун, хүчирхийллийг сурталчилсан, бусдыг гүтгэсэн, мөн хуурамч мэдээлэл оруулахгүй гэдгээ амлах ёстой.
Анх бүртгүүлэхэд 100.000 танзани шиллинг буюу 44 доллар төлөх хэрэгтэй. Харин дараа нь жил бүр 440 доллар улсад төлөх шаардлагатай.
Лицензийг жил бүр шинэчилж баталгаажуулна. Хууль дүрэм зөрчигчид 2500 долларын торгууль төлөх эсвэл 12 жилийн турш хоригдох ял авдаг байна.
7
Мэргэ төлөг айлдсаны татвар (Румын)
Румынд одоог хүртэл олон хүн мухар сүсэг, мэргэ төлөгт итгэдэг тул энэ нь нэлээд түгээмэл бизнес болоод байгаа аж. Тухайн үед энэ төрлийн бизнест ямар нэгэн татвар ногдуулдаггүй байсан гэнэ. Гэвч Румын эдийн засгийн хямралд орсны дараа энэ бүх зүйл өөрчлөгдсөн юм.
Эдийн засгаа сайжруулахын тулд Румыний Засгийн газар хэд хэдэн ажил мэргэжилд татвар ногдуулсан бөгөөд үүнд мэргэ төлөгчид, зурхайч нар, шумбагч дасгалжуулагчид, нас барагсдын хүүрийг занданшуулагч нар багтжээ. Хуулиар тэд орлогынхоо 16 хувийг татварт өгөх ёстой гэнэ.
Румыний зөнч нарын бодол энэ тал дээр зөрчилдсөн байна. Зарим нь өөрийн үйл ажиллагааг албан ёсны ажил хэргээр бүртгүүлэх ёстой гэсэн саналтай байсан бол зарим нь эсэргүүцсэн байна. Хэрвээ татварын хуулиа өөрчлөхгүй бол Румыний бүх улстөрчийг хараах болно гэж зөнч нар эсэргүүцлээ илэрхийлжээ.
8
Хууль бус аргаар олсон эд хөрөнгийн татвар (АНУ)
Та АНУ-ын иргэн хэрнээ хууль бус аргаар олсон эд хөрөнгө эзэмшдэг, эсвэл авлига авсан тохиолдолд өндөр татвар төлөх хэрэгтэй болно.
АНУ-ын Дотоод хэргийн албаныхан (IRS) албан хаагчдыг авлига авсан бол энэ талаараа цаг тухайд нь өөрийн орлого мэтээр мэдээлж, тодорхой хэмжээний татвар төлөх хэрэгтэй хэмээдэг. Хууль бус үйл ажиллагааныхаа талаар хүртэл мэдээлэх хэрэгтэйг тэд зөвлөдөг байна. Жишээлбэл, хар тамхины худалдаа. Хууль бус үйл ажиллагаа эрхэлснээр та тодорхой хэмжээний татвар төлөх болно. Мөн хулгайч хулгайлсан барааныхаа зах зээлийн ханшаас хамаарч татвар төлнө. Хэрвээ татвар төлөөд хулгайлсан бараагаа буцаагаад өгсөн тохиолдолд хулгайчыг сулладаг байна.
Энэ нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн хууль дүрмийг зөрчиж байгаа ч "IRS"-ын хувьд энэ огтхон хамаагүй юм. Хууль бус үйл ажиллагаа эрхлэгчид яг ямар төрлийн ажил хийдгээ хэлэхгүй байж болно. Тэд зүгээр л орлогынхоо хэмжээг мэдээлж татвар төлөхөд л хангалттай.
Теннесси мужид ийм төрлийн татвар байдаг ч хууль бусаар хар тамхи худалдаалах, согтууруулах ундаа хэрэглэх, аливаа зүйлийг зөвшөөрөлгүй хил нэвтрүүлэх зэрэгт л хамаарах аж. Үүнийг “крэк татвар” гэж нэрлэдэг байна.
Хэрвээ та хууль бус үйл ажиллагаа хийж байгаад баригдвал татвар төлсөн гэдгээ баталгаажуулах хэрэгтэй. Эс тэгвээс татварын хэмжээг нэмэгдүүлж, эрүүгийн хариуцлага ногдуулах болно.
Америкийн алдарт гэмт хэрэгтэн Аль Капоне 1930 онд шоронд орсон бөгөөд энэ нь ямар нэгэн хүнд гэмт хэргээр бус харин хууль бус худалдаа эрхлэлтийнхээ татварыг төлөөгүйгээс болжээ.
9
Марихуаны татвар (АНУ)
Марихуаны худалдааг албан ёсны болгох үйл ажиллагаа АНУ-д асуудалтай байгаа. Зарим тохиолдолд марихуаныг эмчилгээний зориулалтаар ашигладаг учир АНУ-ын 29 муж, Вашингтон болон Колумбад албан ёсоор худалдаалдаг байна. Мөн эмчилгээний бус зориулалттай марихуаныг есөн муж болон Вашингтоноос худалдан авч болно. Гэхдээ АНУ-ын Засгийн газар марихуан худалдаалахыг хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм.
АНУ-ын Дотоод хэргийн албаныхан (IRS) марихуан тарьж ургуулж, мөн худалдаалж байгаа хүмүүсийг тодорхой хэмжээний татвар төлөх ёстой гэжээ. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид орлогынхоо хувиас татвараа төлдөг. Марихуаны татвар дээр IRS-ынхан бусад төрлийн татвараас илүү их анхаарал хандуулдаг төдийгүй үүнийг хүний наймаатай энэ зэрэгцүүлж үздэг байна.
Ургуулсан марихуаныг зарагдсан бараа хэмээн тооцоолж татвар авдаг. Тиймээс марихуан худалдаалахыг албан ёсоор зөвшөөрсөн газар ч үүнийг их хэмжээгээр тариалж чаддаггүй. Байршлаасаа хамаарч нийт ургуулсан марихуаныхаа 40-70 хувийг татварт тушаах ёстой. Сүүлийн үед марихуаны татварыг хөнгөвчлөх тал дээр тус улс анхаарал хандуулж байгаа гэнэ.
10
Телевиз, радио ашигласны татвар (Герман)
1970 оноос Германд зурагт болон радиогийн эздэд татвар ногдуулах болжээ. Сарын татвар нь 20 доллар байдаг бөгөөд үндэсний телевиз, радиогийн хөгжлийн үйл ажиллагаанд энэ мөнгө зориулагддаг. Харин 2013 онд зурагт, радио хэрэглэдэггүй байсан ч татвар төлөх ёстой гэсэн хууль гаргасан нь зарим иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн байна.
Олон герман иргэн энэ татварыг эсэргүүцсэн бөгөөд “Beitragsservice” зурагт радиогийн үндэсний холбоог хүмүүс шүүхэд өгчээ. Татвар төлөхгүй тохиолдолд торгууль ноогдуулж, хорих ял оноох болно хэмээн “Beitragsservice”-ийнхэн болон Шинэ татварын алба “GEZ-Gebühren”-ынхан сүрдүүлж байгаа аж. Харин Германы хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн “Гез-эсэргүүцэгчид” хэмээн нэрлэж байгаа гэнэ.