1
Асуудлаа хөнгөвчлөх гэж бүү оролд
Хууртагдсан хүн яагаад ийм зүйл болсон талаар мэдэх эрхтэй. Чи тэр хүнд мэдүүлэг өгч бүх асуултад нь хариулж байхдаа өөрөө ч мэдэлгүй зарим зүйлийг нууж, хаадаг. Бөөрөнхий хариулчихаад өөрийгөө худлаа ярьсанд тооцдоггүй.
Гэхдээ нөгөө хүн тань таныг нэг юм нууж яриад байгааг мэдэрдэг. Цаг хугацааны эрхэнд тэр бүх нуусан зүйл нөгөө хүний хувьд хар дарсан зүүд болж хувирдаг. Юу болсон талаар толгойдоо их удаан ургуулж бодно.
Ярихаас зугтааж, булзааруулах нь зөв зүйл биш юм шүү. Юуг ч битгий нуу. Тухайн асуудлыг даван туулахын тулд үнэнээ хэлж, ярилцаж, нөгөө хүнээ гомдоож, сэтгэлийг нь өвтгөсөн ч гэсэн юуг ч нуух ёсгүй. Ямар нэг зүйл нууж, худлаа ярьснаар та өөрийгөө болон нөгөө хүнээ зовоохгүй гэж бодож байвал эндүүрэл. Үүний оронд илэн далангүй нээлттэй ярилцаж, зовлонг даван туулах хэрэгтэй.
2
Бүх үнэнийг хэл
Хосуудын харилцаанд чин үнэнч байдал нэн чухал. Та нэг л удаа худлаа яриад баригдах юм бол тэр дор нь үнэнээ хэлэх хэрэгтэй.
Сэтгэл зүйч Робэрт Вэйсс харилцаагаа илэн далангүй болгосон тохиолдолд дахин итгэлцлийг олох боломжтой гэж хэлжээ. Өчүүхэн зүйл дээр ч тэр. Найзуудтайгаа уушийн газар орох гэж байгаа бол түүнийгээ хайртай хүндээ хэлээрэй. Зааланд тоглолоо гэж худал хэлэх хэрэггүй.
3
Дайрах хэрэггүй
Итгэлийг дахин олж авах гэж байгаа хүн нь илүү их хичээх хэрэгтэй. Эхэндээ хайртай хүн тань уурлаж, сөрөг үйлдэл гаргах нь мэдээж. Хосууд энэ бүхнийг даваад л гарах учиртай.
Битгий уурлаж, дайр. "Чи ч гэсэн төгс хүн биш" гэж хэлж өөрийгөө өмөөрч болохгүй. Мэдээж ийм хариу үйлдэл гаргах боломжтой. Тэгэхээр нөгөө хүн уурлах нь тодорхой. Хэрвээ бүх зүйл таны буруугаас болж эхэлсэн, эргээд зэмлэл сонсож чадахгүй байгаа бол битгий нөгөө хүндээ уурла. Харилцаагаа авч үлдэхийг хүсэж байгаа бол тэдэнд муухай үг бүү хэл.
4
Яллагч, яллагдагч шиг бүү бай
Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсний дараа хамгийн хүнд үе ирнэ. Хамтдаа байхаар шийдсэн л бол яллагдагч болон яллагч шиг битгий бай. Ийм харилцаа нь харин ч цаашдын ирээдүйг бүрхэг болгоно.
Яллагч нь үргэлж уур, бухимдлаа нөгөө хүндээ гаргаж өөрөөр яаж нөгөө хүнээсээ хариугаа авах вэ гэж боддог. Харин яллагдагч нь өршөөгдөхийг хүсэж, амжилтгүй болох бүрт уурлаж, бухимддаг.
Энэ үед аль болох тайван байж, нөгөө хүндээ өөрийгөө өөрчлөгдсөнөө батлах хэрэгтэй. Гэхдээ давс, чихрийг нь тааруулах нь зүйтэй.
5
Бусдыг битгий асуудалдаа оролцуул
Хууран мэхлэлтийн дараа та хоёр хамт үлдэхээр шийдсэн бол хоёул үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй. Тийм учраас өөрсдийн хувийн асуудалдаа бусад хүнийг буюу найз нөхөд, хамаатан садан, хүүхдүүдээ ч бүү оролцуул.
Сэтгэл зүйч Жо Корт хосуудын асуудалд зөвхөн гэр бүлийн зөвлөх л оролцож болно гэж үздэг аж.
6
Хамтрагчдаа илүү нээлттэй бай
Хайртай хүнийхээ итгэлийг олж авах, тэр хүндээ ч мөн итгэмээр байгаа бол хувийн амьдралынхаа булан бүрийг нээлттэй байлга. Олон нийтийн сүлжээ, захиа, илгээмж, утасны дуудлага гэх мэт. Хэрвээ үнэнч баймаар байгаа бол юу ч нуух хэрэггүй. Ингэснээр таны хамтрагч сэтгэл амар танд итгэнэ.
Цагийн эрхэнд хайрт тань таныг байнга шалгаж, шүүгээд байхаа болино.
7
Хайр халамжаа харуул
Доктор Жим Валкап хосуудад бие биедээ хайр халамжаа үзүүлж байгаарай гэж хэлжээ.
Орой хамт кино үзэж, гадуур зугаалж, алхаж болно. Энэ үед асуудлынхаа талаар бүү бод, нөгөө хүн тань юу хийсэн талаар бүү сана. Ингэсэн нь та хоёрыг хамтдаа сайхан дурсамж бий болгоход хэрэгтэй.
Хамтдаа аялал, зугаалгаар өөр улс, хот руу явж яагаад болохгүй гэж. Иймэрхүү том үйл явдал нь хосуудын хувьд шинэ эхлэл шиг л байх болно.
8
Тэр дороо уучилна гэж бүү бод
Тэр дороо уучлахыг хамтрагчаасаа бүү хүс. Энэ нь сайн үр дагаварт хүргэхгүй. Хамгийн зөв алхам бол хамтрагчийнхаа өөрчлөгдөж, хичээж байгааг анзаарах явдал юм. Тэдний туулж байгаа зүйл маш хүнд хэцүү. Тиймдээ ч шууд бүх зүйл хэвийн болохгүй. Энэ бол байх л зүйл.
Хэрвээ хайртай хүнээ хуураад харилцаагаа цааш үргэлжлүүлэхээр шийдсэн бол бүх зүйл хэвийн байна гэж бүү эндүүрээрэй. Дахин эхлэхэд үнэхээр хүнд байна. Гэхдээ, судалгаагаар бол хосуудын 70 хувь нь ийм зүйл болсны дараа ч хамтдаа үлддэг аж.