1
Хурдлах дуртай Фред Дюсенберг
1900 оны үед "Ford", "Chrysler" болон "GM" автомашины үйлдвэрүүд ид газар авч байсан билээ. Уг автомашинуудыг Америкийн дундаж түвшний амьдралтай хүн бүр худалдаж авч чадахаар хямд өртгөөр үйлдвэрлэж байсан гэнэ. Харин Фред Дюсенберг (Fred Duesenberg) бусдаасаа нэг шат урагш алхахаар шийджээ. Тэрээр өөрийн ахтай хамт онгоцны хөдөлгүүр зохион бүтээсэн боловч үүнийг автомашинд ашиглахаар шийдсэн байна. Түүний үйлдвэрлэсэн "Model J" автомашин 1928 оноос худалдаалагдахаа больсон бөгөөд загвараасаа шалтгаалан 8500-18.500 долларын үнэтэй зарагдаж байсан гэнэ. Учир нь "Ford"-ын автомашин тухайн үед 850 долларын үнэтэй байжээ. Фред дэлхийн хамгийн хурдан автомашин үйлдвэрлэхийг эрмэлзэж байсан учир хөдөлгүүрийг нь үргэлж сольж байсан аж. 1932 онд тэрээр өөрийн бүтээсэн автомашиныг хэт хурдтай унаж явснаас болж осолдон амиа алдсан байна.
2
Үхэшгүй мөнх болох гэж байгаад амиа алдсан Александр Богданов
СССР-ын иргэн Александр Богданов (Alexander Bogdanov) 1928 онд нууцлаг орчинд нас баржээ. Тэрээр авьяаслаг эмч байсан ч өөр салбарт ч өөрийгөө сорьж байсан гэнэ. Тухайлбал, Александр шинжлэх ухааны зөгнөлт ном бичжээ. Номын үйл явдал Ангараг гариг дээр өрнөдөг бөгөөд хүн төрөлхтөн үхэшгүй мөнх амьдрах нууцтай байсан аж. Ингээд Александр өөрийн номондоо бичсэн үхэшгүй мөнх амьдралыг туршиж үзэхээр шийдсэн байна. Ингээд тэрээр цус юүлэх туршилт хийж эхэлжээ. Александр идэр залуу эрэгтэй, эмэгтэй хүний цус түүнийг үхэшгүй мөнх болгоно гэдэгт итгэлтэй байсан боловч цус юүлэхдээ өвчтөнүүдээ шинжилгээнд огт хамруулдаггүй байжээ. Үүнээс болоод сүүлд хумхаа өвчтэй хүнээс цус юүлснээр тэрээр энэхүү өвчнөөр нас баржээ.
3
Фрэнсис Эдгар Стэнли болон түүний хөдөлгүүр
Зохион бүтээгч Фрэнсис Эдгар Стэнли (Francis Edgar Stanley)-д Фрилан Оскар Стэнли хэмээх ихэр байсан бөгөөд тэд 1849 онд АНУ-ын Мэн мужид төрсөн байна. Автомашин худалдаанд гарахаас өмнө хүн төрөлхтөн морь тэрэг болон унадаг дугуй ашигладаг байсныг хүн бүхэн мэднэ. Эхнэр нь дугуй унаж чаддаггүй байсан учир Фрэнсис ихээхэн санаа зовж явдаг байсан гэнэ. Нэгэн үзэсгэлэнгийн үеэр ах дүүс уурын хөдөлгүүрийн талаар мэдэж, өөрийн гэсэн автомашины үйлдвэрээ нээсэн аж. 1902 онд "Stanley Motor Carriage" компани нээгдэж, хожим нь "Stanley Steamers" болгон нэрийг нь өөрчилсөн байна. Ингээд ах дүүс шинэ загвараа уулын замаар туршиж уралдахаар болжээ. Ийнхүү уул руу өгсөж байхдаа Фрэнсис осолд орж, харамсалтайгаар амиа алдсан байна.
4
Жан-Франсуа ба агаарын бөмбөлөг
Парисын алдарт профессор Жан-Франсуа Пилатр де Розье (Jean François Pilatre de Rozier) маш сонин содон зүйлд дуртай нэгэн байжээ. Тэрээр агаарын бохирдлоос хамгаалах маск зохион бүтээсэн байна. Розье 31 настай байхдаа Монгольфьегийн ах дүүс дэлхийг тойрон нисэх боломжтой агаарын бөмбөлөг бүтээсэн гэдгийг олж мэджээ. Тэрхүү нислэгт хүн илгээхээсээ айж байсан учир ямаа, тахиа болон галуу нисгэсэн байна. Ингээд туршилт хоёр удаа амжилттай болсон учир ах дүүс хүн нисгэхээр болжээ. Жан-Франсуа туршилтанд хамрагдахыг хүсэж өөрийн найз зураач Ромэны хамт очсон байна. Франсуад агаарын бөмбөлөгний загвар таалагдахгүй байсан учир тэрээр нислэгийн өмнө загварыг өөрчилжээ. Шинэ загвар нь гелийн тусламжтайгаар ажиллаж байсан гэнэ. Харин 1785 оны зургадугаар сарын 15-нд Франсуа найзынхаа хамт ниссэн ч тэд удалгүй осолдож Франсуа амиа алдаж, харин түүний найз Ромэн амьд үлджээ.
5
Уильям Буллок өөрийн бүтээл дотроо "гацжээ"
Компьютер үүсэхээс өмнө номыг тусгай бичгийн машинаар хэвлэж гаргадаг байсан билээ. Энэ нь нэлээд урт хугацааны процесс байсан юм. Нэгдүгээрт, тоо болон үсэгтэй тусгай блокийг суурилуулдаг байсан бөгөөд дараа нь тусгай алхны тусламжтайгаар дэс дараалалд нь оруулдаг байжээ. Блокон модыг төмөр болгож өөрчилснөөр хэвлэлтийн үйл ажиллагаа бага боловч хялбар болсон аж. 1844 онд Ричард Хо хавтгай даралтын оронд цилиндр даралттай хэвлэлийн машин зохион бүтээсэн байна. Энэ нь ном сонин бэлтгэх үйл ажиллагааг илүү хурдан болгожээ. Харин Уильям Буллок (William Bullok)-т Хо-гийн бүтээсэн бичгийн машин таалагдахгүй байсан гэнэ. Хэвлэлт болгонд цаас хийхгүйн тулд ороомог хэлбэрийн цаасыг ашиглаж байжээ. Ингээд Уильям 1867 оны дөрөвдүгээр сарын 12-нд машины бүтэцтэй танилцаж байх явцад хөл нь машинд гацаж, тэрээр хагалгаа хийлгэх явцдаа амиа алджээ.
6
Отто Лилиенталь нисэж сурахыг л хүссэн
Ах дүүс Отто Лилиенталь (Otto Lilienthal) болон Густав Лилиенталь нар шувуу шиг нисэж үзэхийг маш их хүсэж байсан учир аймшгийн кинонд гардаг далавч мэт энэ зүйлийг хийжээ. Тэд анхны нислэгээ ах дүү Райтаас ч өмнө хийсэн байна. Отто, Густав нар аварга том хэмжээтэй далавч бүтээж, 1891 оноос эхлэн 2000 орчим туршилтын нислэг хийж ихээхэн амжилттай байжээ. Харин 1896 онд нислэгийн явцад далавч нь гэмтэж Отто амиа алджээ.
7
Үйлийн үр байдгийг баталсан Томас Мигдли
Томас Мигдли (Thomas Midgley) өндөр боловсролтой физикч байсан бөгөөд 1921 онд тэрээр олон ч нээлт хийсэн байна. Харин орчин үед түүнийг хамгийн муу зохион бүтээгч гэдгээр нь хүн бүр мэддэг юм. Нэгдүгээрт, тэр фреоныг бүтээсэн юм. Фреон хүний биед орвол эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Гэхдээ нүдэнд харагдаж, гарт баригддаггүй учир фреон таны биед орсон үгүйг та мэдэж чадахгүй. Үүнээс гадна фреон нь азоны давхаргыг гэмтээдэг. 1923 онд Томас Мидгли "General Motors"-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ үед автомашины хөдлөх үедээ гаргадаг чимээг намсгах арга хайж эхэлсэн байна. Хүмүүс этанол хэрэглэж байсан ч энэ нь өндөр зарлагатай байсан аж. Ингээд тэрээр тетраэтилийн хар тугалга нь этанолыг орлож болохыг олж мэджээ. Гэхдээ хэрэглэгчид хар тугалгыг сайн зүйл дагуулахгүй гэдгийг мэдэж байсан учир тэрээр үүнийгээ “этил” хэмээн ойлгуулж, үйлчлүүлэгч нарынхаа толгойг эргүүлсэн байна. Өдөр бүр химийн хорт бодистой ажиллаж байсан Мидгли 1940 онд тархи, сэтгэцийн өвчтэй болжээ. Босож чадахгүй байгаадаа ихээхэн гуниглаж байсан учир тэрээр орноосоо татаж босох зориулалттай уяа таазнаасаа бэхэлсэн байсан нь түүнийг үхэлд хүргэжээ. Тэрээр санамсаргүйгээр уяатайгаа орооцолдож, өөрийгөө боомилж, амиа алдсан байна.
8
Өөрийн гаргасан хууль журмаас болж амиа алдсан Ли Си
Өнгөрсөн зуунд зарим орны эрх мэдэлтнүүд янз бүрийн эрүү шүүлт гаргадаг байжээ. МЭӨ 246 онд Циний засаглалын үед Ерөнхий сайд байсан Ли Си (Li Xi) төрөл бүрийн хууль боловсруулж, зарим зүйлд өөрчлөлт оруулдаг байжээ. Жишээлбэл, дугуй унадаг болон тэрэг түрдэг хүмүүс зам дээр ижил эрхтэй болохыг хуульчилжээ. Үүнээс гадна тэрээр татварыг болиулсан байна. Ли Си “Таван төрлийн эрүү шүүлт”-ийн талаарх мэдэгдлийг ард түмэнд хүргэсэн бөгөөд гэмт хэрэг хийсэн хүмүүст энэхүү аргыг хэрэглэх болно гэдгээ мэдэгджээ. Үүнд, хамар эсвэл хөлийг нь тасдах, толгойг нь сэлэмдэх гэх мэт харгис хэрцгий арга багтаж байсан гэнэ. Эцэст нь Ли Сигээс болж амиа хорлосон гэх яриа гарч, энэ хэргээс болж Лигийн толгойг авч түүний амь насыг нь хороожээ.
9
Макс Валье, анхны пуужинч
Макс Валье (Max Valle) нь пуужин, тэсрэх бөмбөг ихээхэн сонирхдог байсан бөгөөд өөрийн аюулгүй байдалд огтхон ч анхаардаггүй байсан гэнэ. 1920 оны үед галын аюулгүй байдлын талаар сануулга, мэдэгдэл огт байгаагүй учир шинэ пуужин бүтээх нь түүнд маш хялбар байжээ. Макс галт тэргэнд төрөл бүрийн жижиг тийрэлтэт хөдөлгүүр хийж, аэродинамик цана, уралдааны машин бүтээж байжээ. Харин энэ мэт жижиг зүйл хийсээр залхсан бололтой, пуужин хийхээр шийдсэн юм. Тэрээр түлшийг хүчилтөрөгчтэй хольж байсан ч ямар хэмжээтэй хийвэл аюулгүй болохыг мэддэггүй байжээ. Макс таван сарын туршсаныхаа эцэст 1930 оны тавдугаар сард тэрээр керосин, ус болон шингэн хүчилтөрөгчийг хольж туршилт хийснээс болж дэлбэрэлт үүсчээ. Туршилт хийж байсан пуужингийн хэсэг Максын цээжинд хүрснээр тэрээр амиа алдсан байна.
10
Карел Соучек усны саван дотроо энджээ
Карел Соучек (Karel Soucek) усны саван дотор орж Ниагарын хүрхрээг туулжээ. Энэ үйл явдал 1984 онд болжээ. Тэрээр энэхүү аргыг өөрөө зохиосон бөгөөд энэ байдлаар өөрийн нэрийг түүхэнд мөнхлөхийг хүссэн байна. Ниагарын хүрхрээг ийн гаталсан нь түүнд чамлалттай санагдаж тэрээр Хьюстоны цамхаг дээрээс мөн өмнөх аргаараа үсрэхийг хүсчээ. Соучекийг 55 метрийн өндөр цамхгаас шидэж тэрээр доор байх усан санд газардах ёстой байсан гэнэ. Харин тэрээр усан сангийн хажууд газардаж газар дээрээ нас баржээ.