Америкчууд Монголын эзэнт гүрний тухай 10 баримтыг онцолжээ

2018-06-05, 11:17
25,824

XIII зууны үеийн Монголын эзэнт гүрэн, Чингис хааны байлдан дагуулал дэлхийн түүхчдийн хувьд маш том судалгааны талбар байсаар ирсэн. Түүхчдээс гадна сэтгүүлчид, түүх сонирхогчид, жирийн иргэд хүртэл дэлхийн талыг эзэлсэн Монголын хааны тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг. Тэгвэл Америкийн нэгэн мэдээллийн сайт Монголын эзэнт гүрний тухай 10 баримтыг онцолсныг танд хүргэж байна. Монголын эзэнт гүрний талаарх баримтууд хэр зөв эсэхийг уншигч та шүүн тунгаана биз ээ? 

Америкчууд Монголын эзэнт гүрний тухай 10 баримтыг онцолжээ

1 Монгол эмэгтэй

Түүхчид монгол эрсийн эр зоригийг шагшин магтдаг ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн талаар бага дурддаг. Энэ нь шударга бус юм. Учир нь баатрууд мориндоо мордон алсын дайнд гарахад ард нь үлдсэн эмэгтэйчүүд бүхий л үйл хэргийг нь явуулж, худалдаа наймаа хийж, санхүү мөнгөний асуудлаа шийдэж, тэр ч байтугай бөө мөргөлийн шашинд өндөр байр суурь эзэлдэг байжээ. Өнөөдөр тийм өндөр байр суурийг орчин үеийн Европын язгууртан хатагтай нар зөвхөн мөрөөдөж л чадна.

Монголын түүхэнд хэд хэдэн баатарлаг хатад байсан юм. Чингис хааныг нас барсны дараа охид болон бэрүүд нь Монголын эзэнт гүрэнд хүчирхэг хатдын байр суурийг эзэлж байсан түүхтэй. Хүчирхэг хатдын хамгийн алдартай нь Мандухай юм. Тэрээр чадварлаг дайчин бөгөөд байлдааны тактикч байжээ. Мандухай хатан Чингис хааны нэгэн адил Монголын овог аймгуудыг нэгтгэхийн төлөө амьдралаа зориулсан аж.

Монгол эмэгтэй

2 Өртөө холбоо

Монголчууд төрөлхийн эрэл хайгуулч, нүүдэлчин хүмүүс юм. Тиймээс толгойлогч нарын хоорондын харилцаа холбоо нь том асуудал байсан юм. Гэхдээ тэд энэ бэрхшээлийг зохицуулж чадсан. Тэр үедээ л дэлхийд анхдагч өртөөний тогтолцоог бий болгожээ.

Домогт худалдаачин Марко Поло өртөөний тогтолцоог анх мэдээд ихэд алмайрч байсан юм. Өртөөнүүдэд элч, улаач хүмүүс ажилладаг байжээ. Өртөө хоорондоо 24-64 км зайтай, хүн хүчээр хангалттай сэлбэж өгдөг байсан аж. Хятадын газар нутагт л гэхэд 1400  орчим өртөө байгуулж, нийт 50.000 морьтой байсан гэдэг.

Өртөө холбоо

3 Байлдааны тактик

Олон тулааны ард гарсан монгол цэргүүд сайтар тооцоолсон, үр дүнтэй байлдааны тактиктай байснаараа дэлхийд алдартай. Монгол жанжны түүхийг сонсоод нэрт Македоны Александр болон агуу Картиганы дайчин Ганнибал Барса нарыг хүмүүс шагшин бишрэхээ лав болино.

Монголчууд айлгах арга хэлбэрийг үр дүнтэй ашигладаг байсан. Дайсныг хууран ухарч буй дүр эсгэх, сэтгэлзүйн дайралт өгөх, хүн барьцаалах, хүнээр бамбай хийх зэрэг тактик барьдаг Тэд дайснаа "суман бороо"-гоор дарж, дараа нь харгис хэрцгий морин цэргийн тоосонд даруулдаг байсан юм. Ихэнхдээ дайсны тал татарч байгаа цэргүүдийг хараад хамгаалалтаа сулладаг. Энэ үед нь монголчууд тэднийг мунхруулж илүү хүчтэй дайралт үзүүлдэг байна. Том хот сууринг түрэмгийлэхдээ өртөөний холбоог ашиглан маш өргөн фронтоор дайрч, бүсэлж авахдаа чадварлаг байсан юм. Мөн эсэргүүцэл үзүүлсэн нэгэнд харгис хэрцгийгээр хандах нь олонтаа. Ийнхүү, монголчууд тухайн цаг үедээ байлдааны тактикаараа тэргүүлдэг байжээ.

Байлдааны тактик

4 Торгоны зам

Чингис хаан Ази тивээс Европ хүрсэн Торгоны зам дагуух улс орныг эзлэн түрэмгийлснээрээ түүхэнд мөрөө үлдээсэн юм. Энэ нь Монголын эзэнт гүрний орлогын эх үүсвэр болж байсан гэгддэг. Бараг 6437 км урттай Торгоны замыг тэр чигт нь эзлэх боломжгүй гэдгийг мэдээд тэрээр хоёр дахь төлөвлөгөөгөө зохиосон бөгөөд зам дагуу байрлах Араб, Туркийн хот суурингуудыг дахин сэхэхгүй болтол нь устгасан юм. Баян бүрдийг тойрч байрласан хот суурингууд Монголын эрхшээлд, аль эсвэл бүрэн сүйрсэн байх нь л түүнд чухал байлаа. Энэ аян дайн маш их хугацаа шаардсан бөгөөд Чингис хаан зорьсон үйл хэргийнхээ эцсийг үзэж чадалгүй нас барсан юм. Гэсэн ч XIV, XV зуунд Торгоны зам бүхэлдээ Монголын эзэнт гүрний харьяанд оршиж байсан билээ.

Эрхшээлдээ оруулж, эзлэн түрэмгийлсэн гэх боловч монголчууд Торгоны замаар зорчих худалдаачдад найрсаг хандаж түүнчлэн Хятадаас Ойрх Дорнодтой хийх худалдааг хаах бус, харин ч дэмжиж, хөгжүүлэхийг зорьдог байсан аж. Гэхдээ Монголын эзэн гүрний үед Торгоны замаар зорчиж, худалдаа хийх нь өртөг өндөртэй байсан юм. Шалтгаан нь монголчуудад төлөх татвар өндөр байжээ.

Торгоны зам

5 Пакс Монголика

Пакс Монголика гэдэг нь Монголын эрхшээл дор байсан улс орнуудын тайван цагийг хэлж байгаа юм. Хэдий дайн дажин хийж Монголын эзэнт улсыг босгосон ч дараа нь нөмөртөө оруулсан газар нутгаа монголчууд энх тайван оршин тогтнуулжээ. XIII, XIV зуунд Монголын эзэнт гүрэн хөгжлийнхөө оргил үед байсан ба нийт газар нутаг нь 15 сая км квадратад хүрч, нийт 100 сая ард иргэнтэй байсан түүхтэй.

Цор ганц засаг өөрийн харилцаа холбооны давуу тал, хүчирхэг эдийн засгийнхаа тусламжтайгаар энэ өргөн уудам газар нутгийг удирдаж байсан тул бүх хүн амьдралдаа сэтгэл хангалуун байжээ. Түүхэнд аймшигтай эзлэн түрэмгийллээрээ нэрээ үлдээсэн монголчуудын харьяан дор энх тайван цаг цогцолж байсан юм.

Пакс Монголика

6 Алтан орд

Монголын хамгийн хүчирхэг гүрний нэг бол яах аргагүй Алтан ордны улс билээ. Энэ улсыг Чингис хааны ач хүү Бат хаан 1251 онд байгуулсан юм. Магадгүй бүдүүлэг, зэрлэг хүмүүсээр гэр дүүргэж амьдардаг байсан гэж бодож байвал эндүүрэл. Энэ улсад дэд бүтэц өндөр хөгжсөн, орчин үеийн чулуун хотууд, тэр дундаа нийслэл Бат-Сарай сүндэрлэж байсан юм.

Алтан ордны улс нь Орос, Украин, Казахстан, Молдав, Кавказын улс орнуудыг өөртөө нэгтгэж, тэдгээрийн түүх, соёлд нөлөөлсөн. Орос улс руу ихээхэн хүчээр довтолж, мөн эгнээндээ нэгтгэсэн билээ.

Алтан орд

7 Зэр, зэвсэг

Байгалиасаа нүүдэлчин цустай монголчууд морин байлдаанд гаршсан байжээ. Морьд хүч тэнхээтэй, эрэмгий догшин бөгөөд дайн тулааны үед зэвсгийн нэгэн адилд тооцогдож байв. Үүний улмаас монголчуудын байлдааны ихэнх зэвсэг нь морин дээрээс тулалдах зориулалттай хийгдсэн аж. Сэлэм нь муруй хутга мэт хэлбэртэй төдийгүй морин дээрээс ч, явган тулалдахад ч хялбар байхаар зориулагджээ. Тэр ч бүү хэл жад, шийдэм, чинжаал хутгыг түгээмэл хэрэглэж, дарийг тэсэлж дэлбэлэхэд ашиглаж байсан түүхтэй.

Холын зайн тулаанд нарийн бүтэцтэй нум сум нийтлэг ашигладаг байв. Энэ нь Европын жирийн нум сумаас бат бөх бөгөөд хоёр дахин хол зайд тусах чадвартай. Гэхдээ тэд нөхцөл байдлаас шалтгаалан олон янзын нум сум ашигладаг байжээ. Хамгийн алдартай нь дуут нум сум юм. Нум сум харвахад чанга исгэрэх чимээ гардаг бөгөөд ингэж дайснаа айлгаж, мөн бусдадаа дохио өгдөг байсан гэнэ. Галт нум сум ч мөн ашигтай, дайснаа хүндээр шархдуулж, бүслэх, олноор нь шатаах зэрэгт хэрэглэдэг байсан. Тухайн үед монгол цэргүүд хуягт дуулга өмсдөггүй байсан бөгөөд морины шээсэнд дүрж хатаасан ширээр хийсэн савхи байлдааны хувцсанд тооцогддог байжээ. Мөн тэд морьдоо хүртэл ийн хуягладаг байсан гэдэг.

Зэр, зэвсэг

8 Хүлцэнгүй байдал

Өргөн уудам газар нутгийн эзэн суухын тулд эзэлж авсан улсын иргэдийнхээ зан заншлын мөн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг монголчууд мэддэг байсан юм. Ноёрхсон улсын иргэдийн шашин шүтлэг, түүх, соёлоо авч үлдэхийг нь дэмжиж, зарим үед лам санваартнаас авах татварыг багасгаж байсан түүхтэй. Монголчууд шашин шүтлэгийн тал дээр нээлттэй байр сууринаас ханддаг байсан төдийгүй энэ нь тэдний хувьд эзэлж авсан улсаа “тайван” замаар элсүүлэхэд нь нөлөөлж байжээ.

Хүлцэнгүй байдал

9 Татарууд

Монголчуудыг татарууд хэмээн дуудах нь элбэг. Монголчууд бие биенээ “та, та” гэж дууддагаас энэ нь үүссэн байна. Гэхдээ энэ үг нь Ромын домогт там буюу “Тартарус”  гэсэн үгтэй адил сонсогдог байсан тул монголчуудыг татарууд гэж нэрлэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү монголчуудыг “Тамаас ирсэн хүмүүс” гэж утгачлан дуудах болжээ. 

Татарууд

10 Сүбээдэй баатар

Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж чадсан нэг шалтгаан нь түүний дэргэд Сүбээдэй баатар байсантай холбоотой юм. Тэрээр Чингис хааны аймшиггүй зоригтой суут жанжин, мөн түүхэн дэх хамгийн аугаа байлдааны тактикчдын нэг байлаа. 

Сүбээдэй баатар дайсны тал ямар арга барилаар тулалдахыг олж мэдэн дараагаар нь хариу цохилт өгөх стратеги гаргадаг байсан. Энэ нь ч амжилттай хэрэгжсээр иржээ. Ямагт өөрийгөө сайжруулах замаар өөртэйгөө эн зэрэгцэх суут хүмүүстэй ярилцаж цэрэг, байлдааны мэдлэгээ дээшлүүлдэг байжээ. Ингэж монгол цэргүүд дайн тулаанд ялагдахгүй, гундахгүй явахад анхаардаг байсан юм.

Хятадыг дайлаар мордох үедээ Чингис хаан нас барсан. Түүний орыг Өгөөдэй хаан залгамжлахад Сүбээдэй баатар үргэлжлүүлэн үнэнчээр зүтгэжээ. Тэд хамтдаа Европыг эзлэхээр шийдэж хэд хэдэн тулаанд ялалт байгуулсан боловч Өгөөдэй хаан 1241 онд нас барсан юм. Хүү Гүюг хаан орыг нь залгаж, Европын улсуудыг байлдан дагуулахаар явсан Сүбээдэй баатрыг эргүүлэн татаж Хятад руу залсан байна. Сүбээдэй баатар үүрэгт ажлаа хүлээн аваад Хятадад нэг жил тулалдаад нас дээр гарч нутагтаа ирж нас нөгчсөн гэдэг.

Сүбээдэй баатар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()