1
Машины эд ангиуд сул
Америкийн иргэд "Tesla"-гийн чанарыг 1990-ээд оны үеийн солонгос автомашинтай харьцуулж байгаа гэнэ. Тухайн үед "Kia" болон "Hyundai" хямд үнэтэй, чанаргүй автомашины тоонд багтаж байжээ. "Tesla"-гийн копуд болон ачааны хаалга муу хаагдаж, цонх, мөн копудны хуванцар хаалт нь тогтоц муутай, унаж байгаа аж.
2
Зэврэлт
Хэдийгээр худалдаж аваад удаагүй байгаа ч "Tesla Model 3" аль хэдийнэ зэвэрч эхэлсэн гэнэ. Мөн будаг тогтоц муутай төдийгүй амархан зурагддаг байна. Зураг дээр машины доод хэсгийн зэврэлтийг харуулжээ.
3
Арын камер нь чанар муутай
"Tesla Model 3"-ын групп дээр хэрэглэгчид арын камерын чанар муу, зураг нь тод биш байгаа талаар гомдолложээ. Үүнээс болоод зогсоол дээр тавихад ихээхэн асуудалтай байгаа аж. Харин "Tesla Model S" нь энэ тал дээр асуудалгүй болжээ.
4
Мэдрэгчтэй дэлгэцийн гэмтэл
"Tesla" автомашины хувьд бүх удирдлага мэдрэгчтэй дэлгэцтэй холбоотой байдаг. Тиймээс дэлгэцийн мэдрэгч нь гэмтсэн тохиолдолд уг автомашин хэнд ч хэрэггүй болж байгаа юм. Мөн дэлгэц тэр чигтээ босоо зураастай болж жирэлздэг гэнэ.
5
Функц нь асуудалтай
Бүх зүйл дэлгэцэн дээр байхын бас нэг сул тал нь жолооч хурд болон чиглэлээ өөрчлөхдөө заавал дэлгэц рүү харах хэрэгтэй болдог. "Navigation system" ашиглахын тулд бүх зүйлийг эхнээс нь зааврын дагуу хийсний эцэст өөрийн хайж буй замыг газрын зурган дээр олж харах болно. Үүнээс болж жолоочийн анхаарал сарнидаг учир осол гаргах магадлалтай.
6
Машиндаа орж чадахгүй бол...
"Tesla Model 3" автомашинд энгийн төмөр түлхүүр байдаггүй. Харин чип-тэй карт, iPhone-ы аппликейшн л байдаг юм. Заримдаа энэхүү шинэлэг төхөөрөмж гацаж ажиллагаагүй болдог учир хүмүүс машиндаа орж чаддаггүй байна. Ингээд арга буюу "Tesla"-гийн инженерүүдийг дуудах хэрэг гардаг аж.
7
Явж байх үед унтрах
Америкийн нэгэн иргэн "Tesla Model 3" дээр гарсан томоохон асуудлын талаар бичлэг хийсэн байна. Дэлгэцэн дээр автомашин шинэчлэлт хийнэ үү гэсэн мэдээлэл гарч ирсэн бөгөөд зөвшөөрөх команд өгсний дараа шинэчлэлт буюу апдейт хийж байснаа гэнэт машин нь унтарсан ажээ.
Хамгийн гол нь ачаалал ихтэй хотын зам дээр, хөдөлгөөнд оролцож байхад нь энэ явдал тохиолдсон гэнэ. "Tesla"-гийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар энэ нь “ачааллын системийн алдаа” гарсантай холбоотой аж.