1
Ойн дагинас
Францес Гриффидс болон Элси Врайт нарын үеэлүүд энэхүү зургийг бүтээсэн бөгөөд алдарт "Шерлок Холмес"-ын зохиолч Артур Конан Дойлыг ид шидэнд итгэдэг болоход энэ нөлөөлжээ. 1917 онд уг зургийг авсан байна. Дойлын нэг найз нь түүнд зургийг харуулахад маш сонирхолтой санагдаж, "Kodak"-ын мэргэжилтэн найзыгаа дуудаж, жинхэнэ үгүйг нь бүр шалгуулсан гэнэ.
1983 онд зураг дээрх охид өөрсдөө нууцаа дэлгэжээ. Тэд хүүхдийн номноос дагинуудыг хайчилж авч далавч залгаад, үсний хавчаар ашиглан газарт тогтоосон аж. Энэ аргыг ашиглан маш олон үлгэрийн, ид шидийн мэт зураг авсан тэдний нууцыг Артур Конан Дойл нас барах хүртлээ мэдээгүй юм.
2
Зоригт генерал
АНУ-ын генерал Улиссес С.Грантын энэ зураг түүхэнд маш чухал баримт болон үлдсэн юм. Америкийн иргэний дайны үеэр цэргүүдийнхээ өмнө морин дээр сууж, баатарлаг зоригт эрийн төрхтэйгээр энэхүү зургийг авахуулжээ.
Гэвч олон жилийн дараа Конгрессын номын сангийн судлаачид уг зургийг гурван өөр зургаас эвлүүлсэн гэдгийг олж мэдсэн байна. Ахлах генерал Александр М.Күүк (түүнийг морьтойгоо авахуулсан зураг), генерал Грантын өөр нэг зураг (түүний толгой), тулааны үеэр олзлогдсон цэргүүд (арын цэргүүд) нарын зургийг хэн ямар шалтгаанаар ингэж эвлүүлснийг өнөө хэр нь олж тогтоож чадаагүй юм.
3
Цөмийн туршилтаас зугтааж буй Эйнштейн
Зураг дээр Алберт Эйнштейн дугуйгаа жийгээд нээрээ л цөмийн туршилтаас зугтааж буй мэт харагдана. Гэтэл шүдээ ярзайтлаа инээсэн байдал нь энэ үйл явдалтай огтхон ч авцалдахгүй байгаа юм. Мэдээж энэ бол хоёр өөр зургийг нийлүүлж эвлүүлсэн зураг билээ.
4
Кеннеди болон Монро
Жон Ф.Кеннеди Мэрилин Монрог араас нь тэврээд, хамтдаа маш аз жаргалтай байгаа мэт харагдаж буй энэ зураг бол хуурамч. Уг бүтээл нь нэр алдартай одуудтай төстэй царай төрхтэй хүмүүсийг дүрд нь хувирган зохиомжит зураг авдаг Алисон Жексоны ажил юм. Түүний хийсэн бүтээлүүдээс та алдартай одуудын халуухан тачаангуй зургуудыг олноор нь харах болно.
Кеннеди, Монро хоёрын романсын талаарх цуурхлыг алдартай болгосон Алисон Жексоны бас нэгэн бүтээл. Мөн л өмнөх зургийн адил төстэй царайтай жүжигчид, бэлдсэн байрлалаар зургаа авахуулсан. Олон ч хүн зурагчны сэргэлэнг гайхаж, хосуудын халуухан агшныг олж дарсан гэж итгэсэн дээ.
5
Цамхаг баригчид
XX зууны хамгийн алдартай зургуудын нэг энэ ч бас хуурамч. Мэдээж жинхэнэ ажилчид мөн ч гэсэн цамхаг барьж буй хүмүүсийг ажил дээрээ байхад нь шууд очиж авсан зураг биш. Зургийг авсан өдрийг олж тогтоож чадаагүй учраас архивчид үүний бодит эсэхэд эргэлзэж эхэлсэн байна.
1932 оны есдүгээр сарын 20 эсвэл 29 гэсэн хоёр таамаг байдаг ч зургийг авсан хүн тодорхойгүй. Тиймээс зургийг хуурамч хэмээн архивчид үзсэн байна. Мөн уг зургийн өөр нэг хувилбар байдаг бөгөөд тухайн хувилбар дээр "Rockefeller Center"-ийн захиалгаар шинэ баригдсан цамхагийг сурталчилсан байдаг.
6
Нисэж буй эр
Колин Эвансыг нисэж чаддаг гэж олон хүн итгэдэг байлаа. Тэрээр сүнслэг байдалд шилжих үйл ажиллагаа зохион байгуулж, харанхуй өрөөнд олон хүн тойруулж зогсоогоод өөрөө дунд нь орж нэг гэрэл гялсхийхэд нисэж буй мэт харагддаг байлаа.
Урт хугацааны туршид хүмүүс түүнийг үнэхээр нислэг гэж итгэсээр байж. Гэвч зарим гярхай хүмүүс зураг бүр дээр түүний ханцуйнаас утас унжсан байхыг анзаарч харснаар түүний нууц дэлгэгдсэн юм.
7
Зул сарын баярын эв найрамдал
Цахим орчинд уг зураг тарснаас хойш хүн бүр Дэлхийн I дайны үеэр Герман, Британийн цэргүүд Зул сарын баярын үеэр эв найрамдаж, хөл бөмбөг тоглосон гэж итгэсээр байлаа. Гэвч үнэндээ энд нэг ч герман цэрэг байхгүй бөгөөд уг зургийг Грект Британийн цэргүүд бөмбөгөөр тоглож байхад авсан байна.
8
Төсөөлж байгаагүй дуэт
Жон Леннон, Че Гевара нарын хамтдаа гитар тоглож буй энэхүү зураг дээрх алдарт дуучин жинхэнэ боловч мэдээж хэрэг Кубын хувьсгалч эр хамт сууж байгаагүй юм. Хэн нэгэн түүний толгойг аваад Вэйн Габриелийн бие дээр залгаад энэхүү гайхалтай зураг бий болжээ. Хөөрхий шүтэн бишрэгчид нь бодит зураг гэж ямар их баярласан бол?
9
Дэвид Бови болон Лемми
Эх сурвалжийг нь олсноор уг зураг хуурамч гэдэг нь батлагдсан байна. "Getty Images" гэрэл зургийн студид Лемми найз бүсгүйн хамт 1972 оны зургадугаар сард ингэж зураг авахуулсан байдаг. Дэвид Бовиг харин Леммигийн найз бүсгүйн оронд тавьжээ.
10
Сүнсний зурагчин
Виллиам Х.Мумлер сүнстэй цуврал зургуудынхаа тусламжтай маш алдартай болсон нэгэн юм. Түүний үйлчлүүлэгчид нь Мэри Тодд Линкольн, АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линкольн, Мастер Херрод, Жон Ж.Гловер нар байв. Виллиам тэднийг хамаатных нь хүмүүсийн сүнстэй хамт зураг дээр мөнхлөн үлдээжээ.
"Waverley" сэтгүүлийн редактор Мосес А.Дов өөрийн хөргөө бүтээлгэхээр ирэх үед сүнсний зурагчны нэр хүнд нуран унасан байна. Учир нь Мосесийн зураг дээр гарсан сүнс нь зальт этгээд өнөөх сүнсний зурагчин Мумлерын туслах Мабел Варрены зураг байсан аж. Ийнхүү хүмүүс түүнд хууртагдаж явснаа мэджээ.
11
Анхны түргэн тусламж
Энэ зургийн гол асуудал нь тайлбар юм. Хэрвээ та уг зургийг цахим сүлжээнээс хайх юм бол "Анхны түргэн тусламж" гэсэн бичиг гарч ирэх болно. Хэн нэгэн анх ингэж бичиж эхлээд бусад нь зүгээр л хуулчихсан байж мэдэх юм. Бодит байдал дээр энэ бол АНУ-ын Мэрилэндэд ашиглаж байсан усан цэргийн эмнэлэг аж.
12
Алдартай хүмүүсийн хөрөг
АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольныг дүрсэлсэн хөрөг маш олон номонд хэвлэгдсэн байдаг бөгөөд энэ бол түүний хамгийн алдартай хөрөг нь юм. Энэ зургийг хоёр зурагнаас нийлүүлэн бүтээсэн нь олон хүнийг гайхшруулж байв. Хэн нэг нь Жон Калуны биеийг авч, Абрахам Линкольны толгойтой залгаснаар энэ зураг үүсчээ.
13
Залуухан Виллиам Харли, Артур Дэвидсон хоёр
Ихэнх хүмүүс энэ хоёрыг Харли Дэвидсоныг зохион бүтээсэн гэж ойлгодог. Гэхдээ энэ үнэн байсан бол зураг энэ нийтлэлд багтахгүй байх байсан шүү дээ. Үнэн хэрэгтээ зураг дээрх хоёр хүн бол ганган мотоцикл дээр сууж зургаа авахуулах боломж олдсон жирийн л залуус юм.