1
Тэргэл сарны нөлөөгөөр "Титаник" сүйрсэн байж магадгүй
Эрдэмтэд "Титаник"-ийн ослыг сарнаас болсон гэж үзэх болжээ. Техас мужийн их сургуулийн одон орон судлалын профессор Дональд Олсон "1912 оны нэгдүгээр сарын 4-ний шөнө сар манай дэлхийд 769 оноос хойш байгаагүйгээр ойртож ирсэн учраас далайн түрлэг нэмэгдэж мөсөн уулнууд хөвж эхэлсэн. Тэр үед нь "Титаник" далайд хөвж таарсан юм. Сар дэлхийд 2257 онд мөн тэгж ойртож ирнэ" гэж хэлжээ.
2
Киноноос олсон орлогоор таван "Титаник" барих боломжтой
Орчин үед "Титаник" хөлгийг барина гэвэл 400 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог Калифорни мужийн Шинжлэх ухааны төв гаргажээ. Харин 1997 онд дэлгэцнээ гарсан алдарт "Титаник" кино нийт 1.84 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд энэ нь бараг таван "Титаник"-ийг бүтээхэд хангалттай мөнгө юм байна.
3
Мөсөн уул аврагчдыг ирэхэд саад хийсэн үү?
Английн түүхч Тим Мальтин шөнийн уур амьсгал эрс өөрчлөгдсөн нь аврах багийнхан мөсөн уулыг илрүүлэхэд хүндрэл учруулж, мөн ослын дараа бусад хөлөг онгоц "Титаник"-ийг олоход хэцүү болгосон гэж үзжээ. "Смитсониан" сэтгүүлд өгүүлснээр "Шөнийн харанхуйд сарны гэрэл мөсөн уулнууд дээр ойсноос болоод "Титаник" хэд хэдэн хөлөг онгоц болж харагдсан гэж хэд хэдэн хөлгийн тэмдэглэл дээр байсан. Тийм учраас "Титаник"-ийн чиглэл зохицуулах үүрэгтэй байсан онгоцнууд мөсөн уулыг харж чадаагүйгээс гадна "Калифорниан" аврах онгоц "Титаник" яг хаана байгааг илрүүлж чадаагүй ажээ.
4
2012 онд "Титаник"-ийн сүйрсэн газрын зургийг бүрэн зуржээ
"Associated Press" агентлагийн судлаачдын баг 2012 оны гуравдугаар сарын эхээр "Титаник" хөлөг онгоц сүйрсэн газрын 5-8 км-ийн радиус доторх тэр хавийн зургийг бүхэлд нь авч чаджээ. Тэд усанд шумбадаг роботууд ашиглан 100 мянга гаруй удаагийн дүрс авсны үр дүнд бүрэн хэмжээний энэхүү зургийг гаргаж чаджээ. Хэдийгээр өмнө нь сүйрлийн газрын дүрсийг бүрэн буулгаж чадаагүй боловч 1985 оны есдүгээр сард усан онгоц судлаач Роберт Баллард сүйрэл болсон газрыг олж илрүүлж байсан юм.
5
"Титаник"-ийн хоолны цэс хэр үнэ хүрэх вэ?
Английн "Telegraph" сонин "Титаник" хөлгийн үдийн хоолны цэс дуудлага худалдаагаар 95 мянган ам.долларын үнэ хүрч магадгүй гэж мэдэгджээ. Дээрх цэсийг "Титаник"-аар зорчиж явсан саятан Бенжамин Гүгэнхайм тухайн үед халаасандаа хийчихсэн байсан бөгөөд хожим дурсгал болгон хадгалж байсныг нь үр ач нар нь дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Түүний зэрэгцээ далайн гүнээс олдсон 5000 гаруй эд зүйлсийг дуудлага худалдаагаар оруулахаар болсон Талаар "CNN" мэдээлсэн байна. Эдгээр цуглуулга нь нийтдээ 189 сая ам.доллараар үнэлэгджээ.
6
1898 онд хэвлэгдсэн зохиол "Титаник"-ийн ослыг зөгнөсөн үү?
Английн зохиолч Морган Робертсоны "Золгүй явдал" нэртэй романд "Титан" нэртэй дэлхийн хамгийн том хөлөг онгоц дөрөвдүгээр сард хойд Атлантын далайд мөсөн уул мөргөж сүйрдэг тухай гардаг. Энэ роман "Титаник"-ийн сүйрлээс 14 жилийн өмнө бичигдсэнээс үзвэл Морган Робертс ирээдүйг зөгнөсөн гэлтэй.
7
"Титаник"-ийг бүтээсэн газрыг хадгалж үлдэхэд хэдийг зарцуулсан бэ?
"BBC"-игйн мэдээлснээр "Титаник" хөлөг онгоцыг бүтээсэн газар болох Английн Белфастад байрлах Томпсон далайн боомтыг хадгалж үлдэхийн тулд хоёр сая ам.доллар зарцуулжээ. Британийн түүхийн дурсгалт газрыг хадгалж үлдэх сангийнхан ийм алхам хийсэн бөгөөд тэд уг боомтыг живэхээс сэргийлж шинэ байгууламж барихаар болжээ.
Белфаст хот дахь "Титаник"-ийн мэргэжилтнүүдийн нэг "Золгүй явдал анхаарал татдаг" гэж хэлсэн юм. Түүнийг хэлснээр "Титаник"-тай холбоотой газрыг үзэх гэж жил бүр асар олон жуулчин тэнд ирдэг юм байна.
8
Одоо ч гэсэн том хөлөг онгоцнууд мөсөн уултай мөргөлддөг
Өнөө цагт ч гэсэн том хөлөг онгоцнууд мөсөн уултай мөргөлдсөн хэвээр байна. "Өнгөрсөн жил л гэхэд Антарктидийн эргэн тойрон дахь мөсөн уулнууд Оросын загас агнуурын завийг гэмтээснээс болж 32 хүн хөлөг онгоцтойгоо гацаж аврах алба ирэхийг хүлээсэн" гэж BBC мэдээлжээ .