1
Катерина Кандо, 19 нас (Эквадор)
Үхэл дагуулсан санал
19 настай латинамерик энэ бүсгүй төрөлхийн сайхан галбир, үзэсгэлэнтэй төрхтэй байсан. Нэгэн гоо сайхны тэмцээний зохион байгуулагчид түүнийг онцолж, уг тэмцээнд орох санал тавьсан байна. Энэ саналыг хүлээн авсан нь түүний хувьд амьдралдаа цэг тавих алхам болно гэж хэн санах билээ.
Катерина ялагч болсон бөгөөд ялагчийн титмийн хамтаар, гоо сайхны хагалгаанд орох эрхийн бичгийн эзэн болжээ. Өмнө нь тэрээр гоо сайхны хагалгааны талаар огтхон ч боддоггүй байсан учир энэ шагналаас татгалзахыг хүссэн байна. Харин тэмцээний зохион байгуулагчид түүнийг төгс төгөлдөр биш гэж ятгаж чадсан бөгөөд хэрвээ дэлхийн загварын ертөнцийг алмайруулахыг хүсэж байвал бэлхүүс орчмын өөхнөөсөө бага зэрэг авахуулах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Ингээд бүсгүй ашигтай санал, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж өөх соруулах хагалгаанд орсон байна.
Харамсалтай нь хагалгааны үеэр бүсгүйн тархи хавагнаж, Катя хагалгааны ширээн дээр нас баржээ.
2
Памела Нисменто, 27 нас (Бразил)
Өөхөө соруулуулах нь аюултай
Бразилийн модель Памелагийн хувьд өөх соруулах хагалгаа бол хэвийн үзэгдэл байжээ. Тэрээр өмнө нь хоёр ч удаа хагалгааны тусламжтайгаар илүүдэл жингээсээ салж байсан учир гурав дахь удаагаа мэс заслын ширээн дээр хэвтэхдээ төдийлөн санаа зовоогүй байна.
Гэтэл хагалгааны үеэр цусны эргэлт нь гэнэт муудаж бүсгүй шоконд орсон гэнэ. Ингээд удалгүй нас баржээ.
3
Ракель Сантос, 28 нас (Бразил)
Үрчлээгүй болох гэсэн биш...
Бразил бүсгүйчүүд гоо сайхандаа хэт анхаардаг бөгөөд өөрсдийгөө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нь байх ёстой хэмээн үздэг байна.
Миссийн тэмцээний финалын шатанд шалгаран үлдэж байсан Ракель гадаад төрхөндөө маш их ач холбогдол өгдөг. Тэрээр анхандаа бэлтгэл сургуулилалт хийж, хоолны дэглэм барьж байсан бол эцэст нь гоо сайхны хагалгаанд орох шийдвэр гаргажээ. Хэдийгээр нас залуу ч үрчлээ тэнийлгэх, өгзөг өргөх, уруул том болгох хагалгаа хийлгээд амжсан байна. Ингээд тэрээр хамар уруулны орчмын үрчлээгээ арилгахыг хүсчээ. Энэхүү хагалгааг хийхэд ердөө л хэдхэн минут шаардлагатай тул санаа зовох зүйлгүй гэж тэр бодсон байх л даа.
Хагалгаа хийлгэсний дараа бүсгүйн зүрхний цохилт хурдсаж, амьсгал нь боогдож эхэлсэн байна. Эмч нар түүний амийг аврах гэж олон цаг тэмцсэн боловч чадаагүй бөгөөд түүний хоёр охин өнчирч үлджээ.
Харамсалтай нь бүсгүйн нас барсан шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байгаа гэнэ. Түүний ойр дотныхон нь "Тэр төгс гадаад төрхтэй болохын тулд үргэлж л гоо сайхны хагалгаанд ордог байсан. Мөн бэлтгэл хийж байх үедээ ядрахгүйн тулд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан” гэж ярьжээ. Магадгүй гоё сайхан байх гэсэн хэтэрхий их хүсэл нь түүнийг энэ хорвоогоос явахад хүргэсэн бололтой.
4
Ширил Сатурнино, 29 нас (Филиппин)
Хэтэрхий эрсдэлтэй алхам
Бүсгүй нэг сумаар гурван туулай буудахыг хүсчээ. Харин эмч нар яагаад ийм эрсдэлтэй алхам хийх болсон нь хачирхалтай. Хөх, өгзөг томруулах, өөх соруулах энэ хүндхэн хагалгаа 10 гаруй цагийн турш үргэлжилсэн бөгөөд эцсийн мөчид бүсгүйн зүрх зогссон байна. Эмч нар түүнийг аврахыг хичээсэн боловч чадсангүй.
5
Валери Кастонжу, 25 нас (Канад)
Эмч нарын буруугаас энджээ
Хоёр жилийн турш бүсгүйн гэр бүлийнхэн, түүний үхлийн шалтгааныг олохын тулд тэмцжээ. 2008 онд Валери хамар тэгшлэх хагалгаанд орохоор шийдсэн бөгөөд эцэг эх нь түүнийг хориглосонгүй. Эмч нарын хэлж байгаагаар бүсгүй нөхөн сэргээх тасагт, хагалгааны дараа ухаан орохгүй байсаар нас барсан гэнэ.
Харин 2010 онд эмч нарын алдаанаас болж бүсгүй нас барсан байх магадлалтай гэж шүүх байгууллага мэдээлсэн байна. Тэдний үзэж байгаагаар хүчилтөрөгчийн аппаратны гуурсан хоолой гэмтэлтэй байсан бөгөөд бүсгүй хэсэг хугацааны турш хүчилтөрөгчгүй байснаас нас барсан гэнэ. Валери хагалгаа эхлээд удаагүй байхад амьсгал хурааж, харин эмч нар энэхүү алдаагаа нуухыг оролдсон байх магадлалтай гэсэн шүүхийн дүгнэлт гарчээ. Ингээд охины гэр бүлийнхэн эмч нарыг шүүхэд өгсөн байна.
6
Раника Холл, 25 нас (АНУ)
Ээжийнхээ үгэнд орохгүй яав даа
Амаржсаныхаа дараа Раника өөрийн биеийг хэвийн байдалд оруулахын тулд гоо сайхны хагалгаанд орохоор шийджээ. Өрх толгойлсон ээж тэрээр мөнгө цуглуулж эхэлсэн ч хангалттай хэмжээнд хүрээгүй байлаа. Харин нэг өдөр Раника Майами дахь Исмаля Лабрадора болон түүний эхнэр Эйми де ла Росагийн хувийн эмнэлгийн талаарх сурталчилгааг олж үзээд үнийн хувьд тун боломжийн санагдсан байна. Ийнхүү сайхан галбиртай болохыг хүссэн бүсгүй тус эмнэлгийн талаар бусдын сэтгэгдлийг ч сонсохыг хүссэнгүй.
Раникагийн ээж энэ хагалгааны эсрэг байж, охиноо ятгасан ч дийлээгүй аж. Эх хүний зөн совин гэдэг агуу зүйл шүү дээ. Бүсгүйн зүрх хагалгааны ширээн дээр зогссон байна. Уг эмнэлэгт нөхөн сэргээх тасаг байгаагүй учир түүнийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ.
Энэхүү эмнэлэг нь 10 жилийн хугацаанд хэд хэдэн удаа нэрээ сольж, эзэд нь хүртэл өөрчлөгджээ. Хэдийгээр үйлчлүүлэгч нартаа хямд үнэ санал болгож байсан ч чанартай, аюулгүй үйлчилгээг хүргэж чаддаггүй байсан гэнэ. Раникагийн дараа тус эмнэлэгт өөр нэг эмэгтэй өгзөг өргөх хагалгаанд орж байгаад амь насаа алдсан бөгөөд тэр үеэс л цагдаагийн байгууллагынхан анхаарал хандуулж эхэлсэн байна.
7
Арти Агарвал, 31 нас (Энэтхэг)
Өвчтэй ч гоё харагдахыг хүсчээ
Болливудын алдарт од Энэтхэгийн жүжигчин Арти уушгины өвчин туссанаас болж эрчимтэй жин нэмэх болсон гэнэ. Өвчнөө илааршуулахаар хийж буй эмчилгээ нь түүний жинд нөлөөлөх болсон учир өөрийн бие галбираас ичиж кинонд тоглохоо больж, олныг хамарсан арга хэмжээнд хүртэл очихоосоо ичдэг болжээ. Ийнхүү өөрийн галбирыг эргэн олж авахын тулд Арти өөх соруулах хагалгаанд орохоор шийджээ. Хагалгаа хийлгэснээс сарын дараа бүсгүйн зүрх зогссон байна.
8
Пит Бернс, 57 нас (Их Британи)
Гоо сайхны хагалгааны донтон
Энэ залуу гоо сайхны 300 орчим хагалгаанд орсон гээд бод доо. Уг нь Пит сайхан залуу байсан бөгөөд бүсгүйчүүдийн анхаарлыг их татдаг байсан гэнэ. Гэхдээ тэрээр илүү эмэгтэйлэг төрхтэй болохыг хүсчээ. Ингээд нэгэн удаа Пит хугарсан хамраа тэгшлүүлэх хагалгаанд орж, үүнээс хойш гоо сайхны хагалгааны донтон болж орхижээ. Гэхдээ маш олон хагалгаа хийлгэсэндээ тэр харамсдаг байж. Учир нь "Би яг л араатан мэт харагдаж байна" гэж ярьж байсан удаатай гэнэ.
Ихэнх мэс заслаа өмнөх хагалгааны үеэр гарсан алдааг засварлуулах зорилготой хийлгэдэг байснаас гадна Пит гоо сайхны мэс заслын хамгийн чадварлаг мэргэжилтэн олохыг хүсэж байжээ.
Уруул томруулах хагалгаа нь амжилтгүй болсны дараа эмч нар түүнийг уруулаа хөдөлгөх хэрэггүй хэмээн зөвлөсөн бөгөөд тэрээр гуурсаар хоол идэж, цай уудаг байсан гэнэ. Энэхүү алдааг засахын тулд Пит бараг л дэлхийг тойрон аялсан бөгөөд азаар хүн төрхтэй болж чаджээ. Багахан боловч өөрийгөө засаж чадсан тэрээр гоо сайхны хагалгаанд донтохоо больсон ч удалгүй зүрхний шигдээсээр нас барсан гэнэ.