Америкийн түүхэн дэх хар өдрүүд

Гай зовлон хэлж биш, хийсэж ирдэг гэдэг. Америкийн түүхэн дэх хамгийн их харуусал дагуулсан 10 хар өдрийн жагсаалтыг хүргэж байна. 

Америкийн түүхэн дэх хар өдрүүд

10 Пештигогийн түймэр, 1871.10.08 (Амиа алдагсдын тоо 1200 гаруй)

1871 оны намар Америкийн Висконсин мужийн Пештиго шиг хэзээ мөдгүй түймэр авалцахад бэлэн, аюулын ирмэгт ойрхон өөр хот байгаагүй байх. Учир нь тэр жилийн зун нь ер бусын хуурай байсны дээр Пештиго хот түймрийн яг голомтон дунд, эргэн тойронд нь хаа сайгүй ой шатаж байсан юм. Хотын бүх байшин, гүүрийг модоор хийсний дээр зам харгуй нь хүртэл модны үртсээр хучигдсан байжээ. Аравдугаар сарын 7-нд томоохон түймэр хотын ойролцоо асаж, зэргэлдээх Буш тосгоныг залгиж, бүх оршин суугчдынх нь амийг авч оджээ. Гэхдээ энэ бол ердөө эхлэл байлаа. Хүчтэй салхины улмаас гал 60 метрийн өндөрт дэгдэн, цельсийн 1000 градус хүртэл огцом халав. Хэт халуун галд өртсөн модод шатахын оронд дэлбэрч байжээ. Гэртээ үлдсэн хүмүүс байшинтайгаа шатаж байсан бол ус бараадан гол руу үсэрсэн нь амьдаараа буцалж байсан гэдэг. Энэ түймэрт 1200 гаруй хүн  амиа алдсан хэдий ч энэ харуусмаар үйл явдалтай зэрэг шахам Чикагод ахуйн түймэр гарч, маш өргөн хүрээг хамарсантай холбоотойгоор Пештигогийн аймшигт  явдлыг хүмүүс төдийлэн анзаараагүй өнгөрчээ. 

Пештигогийн түймэр, 1871.10.08  (Амиа алдагсдын тоо 1200 гаруй)

9 "Султана"-гийн сүйрэл, 1865.04.09 (Амиа алдагсдын тоо: 1700 гаруй)

Энэ явдал Америкийн иргэний дайн дууссаны дараахан болсон юм. Тухайн үед Засгийн газар дайнаас эргэн ирсэн цэргүүдэд их хэмжээний мөнгө төлж байжээ. Виксбург хотын дөнгөж суллагдсан олзны цэргүүд ихэвчлэн уурын усан онгоцоор нутаг буцаж байсан бөгөөд хөлөг онгоцны ахмадууд аль болох олон цэрэг ачиж авч явах үүднээс зорчигчдынхоо тоог зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлдэг байв. Харин "Султана" онгоцны ахмад байдлыг бүр дордуулсан байна. Тэрээр хөлөг онгоцных нь уурын зуух цоорч эхлэхэд орлогоо алдахаас эмээхдээ түргэн гэгч нь бөглөж орхисон байна. Тэгээд удалгүй 1000-аад хүн тээвэрлэх хүчин чадалтай онгоцон дээрээ 2200 зорчигч суулгасан аж. Харамсалтай нь "Султана" хөлөг онгоцны уурын зуух шөнө дундын үед, Виксбург хотоос гарснаас таван цагийн дараа дэлбэрч, уурын онгоцон дээр байсан бүх хүн амиа алдсан юм. 

"Султана"-гийн сүйрэл, 1865.04.09 (Амиа алдагсдын тоо: 1700 гаруй)

8 Жонстауны үер, 1889.05.31 (Амиа алдагсдын тоо 2209)

Энэ золгүй явдал болохоос өмнө Пенсилвани мужийн Өмнөд Форкийн загас, ан агнуурын клубийнхэн цууралт үүссэн далангаа засах анхааруулгыг удаа дараа авсан байна. Тэд уг анхааруулгыг үл ойшоон, засварын ажлыг эхлүүлж амжаагүй байтал 1889 оны тавдугаар сарын 30-ны шөнө их хэмжээний устай бороо оржээ. Үүний үр дүнд усны түвшин 60 метр өндөрт хүрч  хальснаар тэр хавийн зам дагуух чулуу, төмөр зам, өргөстэй утас зэргийг хаман аймшигт том үер болон урссан байна. Энэ үер Жоншен хотыг 64 км/ц-ийн хурдтайгаар нөмөрч, усанд автуулсан аж. Хотын ихэнх хэсэг урсаж, зарим хэсэг нь явсаар төмөр замын гүүр мөргөснөөс галд автсан байна. Энэ явдлаас болж 2209 хүн нас баржээ. Загас, ан агнуурын клуб хохирогчдод болон улсдаа ямар ч нөхөн олговор төлөөгүй байна. 

Жонстауны үер, 1889.05.31 (Амиа алдагсдын тоо 2209)

7 Геинс-Миллийн тулаан, 1862.06.27 (Амиа алдагсдын тоо 2377)

Тулааны талбарт гардаг хохирлын талаар нэгэн нууц хэлье. Хохирол бүр үхэл гэсэн үг биш. Жишээ нь "Геттисбургийн тулалдаанд 50 мянга гаруй хохирол амссан" гэвэл энэ тоо олзлогдсон, шархадсан, нас барсан хүмүүсийг бүгдийг нь нийлүүлсэн дүн юм. Америкийн иргэний дайны хохирогчдын ердөө 20 хувь нь л амь үрэгдсэн түүхтэй. Геинс-Миллийн тулаанд ч мөн ялгаагүй. Энэ тулаанд нийт хохирогчдын тоо 15.000-д хүрсэн бол 2377 хүн л амиа алджээ. Энэ нь алдарт "Долоон өдрийн дайн"-ы нэг хэсэг байсан бөгөөд тулаан нийт есөн цаг үргэлжилжээ. Түүхийн талаас нь илүү гүнзгий судалж болох ч товчхондоо дайсагнагч хоёр талын аль аль нь буруу шийдвэр гаргаснаас томоохон хохирол амссан юм. 

Геинс-Миллийн тулаан, 1862.06.27 (Амиа алдагсдын тоо 2377)

6 Сувдан эргийн бөмбөгдөлт 1941.12.07 (Амиа алдагсдын тоо 2403)

Мэдээж хэрэг энэ талаар олон ном зохиолоос харсан байлгүй. Энэ бол Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн том гэнэ алдсан явдал юм. 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны ням гаригийн өглөөний 8 цагт Японы хэдэн зуун бөмбөгдөгч онгоц Хавайн арал дахь Америкийн зүүн өмнөд эргийн усан флотод том цохилт үзүүлсэн юм. Тэд олон тооны сөнөөгч хөлөг онгоц, байлдааны нисэх онгоцыг сөнөөсөн бөгөөд өөрсдөө багахан хохирол амсчээ. Харин Америкийн 2300 гаруй цэрэг бөмбөгдөлтөнд өртөн газар дээрээ амь үрэгдсэн бол шархадсан хэдэн зуун хүн бэртлээ даалгүй хорвоогоос буцжээ. Ерөнхийлөгч Франклин Рузвельт "Бид энэ өдрийг гутамшигтайгаар дурсах болно" гэж хэлээд Япон болон түүний холбоотон Итали, Нацистын Германд дайн зарлаж байсан юм. 

Сувдан эргийн бөмбөгдөлт 1941.12.07 (Амиа алдагсдын тоо 2403)

5 Окичоби хуй салхи, 1928.09.28 (Амиа алдагсдын тоо 2500 гаруй)

1928 онд Карибын тэнгис орчимд хуй салхи дэгдсэний улмаас 1500 хүний аминд хүрч асар том хохирол учруулж байжээ. Карибын тэнгисийн хуй салхи дараа нь Флорида мужийн Палм Бич мужийн зүг эргэсэн байна. Шуурганы өмнөхөн ирсэн сэрэмжлүүлгийг ихэнх иргэн үл тоомсорлосноор барахгүй тийм ч аюултай гэж санаагүй аж. Тухайн үед Палм Бичийн иргэдэд байгалийн гамшгийг давах хүч, нөөц бололцоо мэдээж байсангүй. 1928 оны хуй салхи өмнө үзэгдэж байгаагүй хэмжээнд хохирол учруулсан байна. Барилгууд нурж, модод үндсээрээ сугаран агаарт нисэж байв. Хуй салхи Окичоби нуурын усыг халихад хүргэж, ойролцоох фермүүдийг үерт автуулжээ. Энэ явдлаас болж нуурын эргэн тойронд амьдардаг 6000 иргэний  бараг тэн хагас нь амиа алджээ. 

Окичоби хуй салхи, 1928.09.28 (Амиа алдагсдын тоо 2500 гаруй)

4 Есдүгээр сарын 11-ний халдлага, 2001.09.01 (Амиа алдагсдын тоо 2996)

Энэхүү хар жагсаалтаас ганцхан энэ л өдрийг Сувдан эргийн аймшигт үйл явдлын дараа оруулан тооцдог байж мэдэх юм. XXI зуунд Америкийн ард түмэн үүнээс илүү том сүйрэл үзээгүй билээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаригийн өглөөний 9 цагт "Аль-Кайда" бүлэглэлийн алан хядагчид Пентагон болон Пенсильванийн талбайд халдахаас өмнө Нью-Йорк хотын ихэр цамхагийг нисэх онгоцоор мөргөн сүйрүүлсэн билээ. Хэдийгээр хоёр цамхаг онгоцны мөргөлтийг тэсэхээр бүтээгдсэн боловч хоёулаа нуран хэдэн зуун хүн амь үрэгдсэн юм. Сувдан эргийн бөмбөгдөлтөөс илүү олон хүн энэ халдлагаас болж нас барсан байна. 19 амиа золиослогч бүхэл бүтэн флотыг үгүй хийснээс илүү хохирол учруулна гэж хэн санах билээ.

Есдүгээр сарын 11-ний халдлага, 2001.09.01 (Амиа алдагсдын тоо 2996)

3 Сан Францискогийн газар хөдлөлт 1906.04.16 (Амиа алдагсдын тоо 3000 гаруй)

1906 оны дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний 5 цаг 13 минутад  Сан Франциско хотын доор Сан Андреас нэртэй тектоник хавтан шилжих хөдөлгөөнд орсны улмаас асар хүчтэй газар хөдлөлт үүсчээ. Газар хөдлөлтийн үеэр олон хүн үрэгдсэн ч түүний маргааш гарсан түймэрт түүнээс ч олон иргэн амиа алджээ. Энэ бүхний дараа 3000 гаруй хүн амиа алдсан гэдэг албан ёсны тоо байдаг ч бодит байдал дээр түүнээс ч олон хүн үрэгдсэн гэдэг тооцоо бий. Жишээ нь, Хятад хороололд амиа алдсан хэдэн зуун иргэнийг энэ тоонд оруулаагүй төдийгүй орон гэргүй иргэдийг ч орхигдуулжээ. Гэхдээ энэ аймшигт явдлаас болж хотыг дахин төлөвлөж илүү сайн зохион байгуулалттай болгосноор өнөөгийн Сан Франциско хот газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болж чаджээ. 

Сан Францискогийн газар хөдлөлт 1906.04.16 (Амиа алдагсдын тоо 3000 гаруй)

2 Антейтамын тулаан, 1862.09.17 (Амиа алдагсдын тоо 3650)

Энэ бол Америкийн иргэний дайны хамгийн олон хүн амиа алдсан өдөр байсан юм. 1862 оны есдүгээр сарын 17-нд Холбооны улсын генерал Роберт Лигийн Мэриланд руу хийсэн дайралт бүтэлгүйтэж, нар жаргахаас өмнө 3650 цэрэг амь үрэгдэж, 19.000 хүн шархадсан байна. Тулааны үеэр асар олон хүн амиа алдсан учраас хохирогчдын тоог тогтооход хүндрэл учирч байжээ. Дээрх тоо нь үнэнд хамгийн ойр байж болох ч үүнээс ч олон хүн амиа алдсан байх талтай. Хамгийн эмгэнэлтэй нь Антейтамын тулаан ямар ч нааштай үр дүн авчраагүй байна. Геттсбургийн тулаанд 7000 хүн амиа алдсан ч Нэгдсэн улс маш том ялалт байгуулж чадсан юм. Үүний эсрэгээр генерал Ли Мэриландаас ухарсан ч Нэгдсэн улсын армитай харьцуулахад багахан хохирол амсаад зогсохгүй илүү сайн бэхлэлт байгуулж байжээ.

Антейтамын тулаан, 1862.09.17 (Амиа алдагсдын тоо 3650)

1 Галвестон хуй салхи, 1900.09.08 (Амиа алдагсдын тоо 6000 гаруй)

1928 оны шуурга, есдүгээр сарын 11, иргэний дайны хамгийн хүнд тулалдаан гээд Америкийн хамгийн хар өдрүүд есдүгээр сард  тохиодог бололтой. Галвестон хуй салхи шиг явдлыг орчин үеийн америкчууд огт үзээгүй гэхэд болно.  Есдүгээр сарын 11-ний халдлага, Катрина хар салхи, түүн дээр бүх алан хядагчдын халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн тоог нэмээд ч Галвестоны гамшигт дөхөж  очиж чадахгүй. Техасын эрэг орчмын жижиг арал Галвестон нь олон нийтийн очих дуртай амралтын газар байжээ. Есдүгээр сарын 8-нд эрх баригчид хуй салхи болох нь гэсэн сэрэмжлүүлэг өгч, хүмүүсийг аль болох өндөрлөг газар гарахыг уриалж байжээ. Амралтаараа аялж явсан хүмүүсийн ихэнх нь энэ анхааруулгыг үйл ойшоосон аж. Галвестон арал далайн түвшнээс ердөө 2.7 метрийн өндөрт байдаг.  Тэгвэл энэхүү хуй салхи далайн түвшнээс дээш 4.5 метрийн өндөртэй байсан учраас арлыг тэр чигт нь бүрхэж, 6000-8000 орчим хүний аминд хүрсэн байна. 

Галвестон хуй салхи, 1900.09.08 (Амиа алдагсдын тоо 6000 гаруй)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()