Энэхүү шинэлэг төхөөрөмжийг хотын төвд байрлуулсан бөгөөд уг төхөөрөмж гэрлэн дохиотой холбоотой юм. Ногоон гэрэл асах үед явган зорчигч нарт хурдан зам гарах хэрэгтэйг сануулна. Харин улаан гэрэл асах үед “Зам гарч болохгүй. Эс тэгвээс таныг усаар шүрших болно” хэмээн сануулдаг байна.
Дүрэм зөрчигчийг усаар шүршээд зогсохгүй олны элэг доог болгох болно. Дүрэм зөрчсөн этгээдийн зургийг дарж, цагдаагийн байгууллага руу илгээж хэн болохыг нь тодорхойлж, гудамжны том дэлгэцээр гаргадаг байна.
200 мянган долларын үнэтэй энэхүү төхөөрөмжийг Хятадын мэдээлэл технологийн байгууллага зохион бүтээсэн байна. Төхөөрөмжийг ашиглах болсноор дүрэм зөрчигчдийн тоо эрс буурсан хэмээн замын цагдаагийн байгууллагын ажилтан хэлжээ.
Зарим хүмүүс энэхүү төхөөрөмжийг эрүүл мэндэд хор хөнөөлтэй байх магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ. Харин цагдаа нарын хэлж байгаагаар сканнерын лазер маш доор байрлаж байгаа учир хүүхдүүдэд аюулгүй бөгөөд усыг өдөр бүр сольдог учир эрүүл мэндэд хоргүй гэжээ. Тун удахгүй уг төхөөрөмжийг орон даяар байрлуулах зорилготой байгаа гэнэ.