Сүүлийн зуун жилийн турш эрдэмтэн судлаачид энэ өвчний талаар судлаж, тохирох эмчилгээг хайж байгаа хэдий ч энэ нь одоог хүртэл дэлхийн хамгийн томоохон оньсогын нэг байсаар байгаа.
Энэ өвчин 50 сая хүний амь насыг авч явсан Испанийн ханиадтай зэрэг гарсан байна. Тиймээс ч тухайн үед төдийлөн анзаараагүй өнгөрсөн болов уу.
Хэдийгээр энэ өвчнийг Дэлхийн 1-р дайн дууссаны дараа гарсан гэж үзэж байгаа ч 1915-1916 оны үед анхны шинж тэмдэг илэрсэн байна. Энэ өвчнөөр цэргүүд өвчлөж эхэлжээ. Дайны үеэр хэрэглэж байсан гичний хийнээс болоод цэргүүдийг өвдсөн хэмээх дүгнэлтийг эмч нар гаргаж байсан ч энгийн иргэд хүртэл тусч байсан учир үүнд гичний хий холбоогүй болох нь батлагдсан байна.
1917 онд Австрийн сэтгэл судлаач, мэдрэлийн эмч Константин фон Экономо энэ өвчнийг “унтаа үрэвсэл" хэмээн тодорхойлжээ.
“Бид удаан хугацааны турш унтахтай холбоотой өвчинтэй нүүр тулсан байна. Анхны шинж тэмдэг нь толгой өвдөх, сэтгэл санаа хямрах явдал юм. Харин дараа нь нойр их хүрэх, эсвэл өвчтөн дэмийрч эхэлдэг бөгөөд хэсэг хугацааны дараа өвчтөн амь насаа алдах магадлалтай болдог. Нөгөө талаас энэхүү унтаа байдал нь урт удаан хугацааны турш арилахгүй байдаг. Өвчтөнгүүд энгийн унтах эсвэл гүн нойронд автах, ком-д орох, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг” гэжээ.
Хамгийн аймшигтай нь энэхүү өвчин олон төрлийн шинж тэмдэгтэйгээр илэрч байсан юм.
“Өвчтөний гуравны нэг нь комын байдалд орж эсвэл нойргүйдлээс болж нас барж байжээ. Ямар ч арга хэрэглэсэн унтаж чадахгүй хүмүүс 10-14 хоногийн дараа нас барж байсан юм. Хүн зайлшгүй унтаж амрах хэрэгтэй байдаг учир 10 хоногийн турш нойргүй байсан өвчтөнгүүд дэмийрч, эрчимтэй хөдөлгөөнтэй байснаар эцэст нь хүчгүй болж амьсгал хураадаг байжээ".
Ийнхүү Экономо өөрийн нийтлэлийг гаргаснаар энэ төрлийн өвчтэй хүмүүсийн тоо олширч, хүмүүсийн амь насыг авч одож, харин заримыг хөдөлгөөнгүй зомби болгож байлаа.
Унтаа үрэвсэл нь 10 гаруй жилийн турш үргэлжилсэн бөгөөд энэ хооронд 5 сая орчим хүний амь насыг авч одсон байна. Энэхүү өвчин нууцлаг байдлаар гарч ирсэн шигээ нэг л мэдэхэд 1927 оны үеэс алга болсон хэмээн Оливер Сакс өөрийн номондоо бичжээ.
Энэ өвчнийг туссан хүмүүсийн гуравны нэгд нь байнгын асран хамгаалалт хэрэгтэй болсон бол гуравны нэгээс бага тооны хүмүүс нь бүрэн эдгэрдсэн байна.
Хэдийгээр бүх насны хүмүүс энэ өвчнийг тусаж байсан ч 15-35 насны хүмүүс илүү өртөж байжээ. Эхний шинж тэмдэг нь бараг л ханиаднаас ялгарахгүй байсан бөгөөд өндөр халуурах, толгой өвдөх, ядрах, хамар битүүрэх мэтээр илэрч байсан байна. Тиймээс хэн ч өөрийгөө энэ хүнд өвчнийг туссан гэдгээ мэдэхгүй байжээ.
Задлан шинжилгээний үеэр Экономо энэхүү өвчин нь гипоталамус хэмээх тархины хэсгийг гэмтээдэг болохыг тогтоожээ. Энэхүү хэсэг нь хүний биеийн олон үйлдлийг хариуцдаг бөгөөд тэдгээрийн нэг нь нойр байсан юм.
Энэ өвчнийг ямар зорилгоор тараасан эсэх, үүсгэгч нь юу болохыг одоо болтол олж илрүүлж чадаагүй байна.
Вирус судлаач Жон Оксфорд хэлэхдээ: "Тухайн өвчин үүсэхэд ямар ч нөхцөл нөлөөлсөн бай уг өвчин дахин сэдрэх магадлалтай. Өвчний эх үүсвэрийг олж илрүүлээгүй цагт бид энэ өвчин дахин сэдрэхэд хэзээ ч эмчлэж чадахгүй” гэжээ.