2015 онд Volkswagen компанийг тойрсон нэлээд том шуугиан дэгдсэн байна. Учир нь тэдний гаргасан автомашин байгаль орчинд муугаар нөлөөлж байсан хэдий ч шалгалтын үеэр энэ байдлыг нууцлажээ. Тиймээс Volkswagen компанийхан энэхүү хуурамч үйлдэл гаргаснаасаа болж их хэмжээний хохирол амссан байдаг.
Нөхөн төлбөр болгож Volkswagen компанийхан дизель хөдөлгүүртэй 350 мянга орчим автомашиныг эздээс нь худалдаж авсан бөгөөд ийнхүү 7 тэрбум орчим долларын алдагдал хүлээжээ. Үүнээс гадна хууль дүрэм зөрчсөн хэргээр торгууль төлсөн бөгөөд энэ нь байгууллагын нэр хүнд болон борлуулалтанд муугаар нөлөөлсөн байна. Ингээд тэд нийт 25 тэрбум долларын алдагдал амссан.
Эдгээр худалдаж авсан автомашинууд "Volkswagen-ний оршуулгын газар" гэх газар байгаа болохыг Reuters агентлагийнхан 2018 оны 3 сард олж илрүүлсэн байна. Нийт 37 төрлийн Volkswagen машин энэ газар байгаа бөгөөд үүнд Детройтын хөл бөмбөгийн талбай, Миннесота дахь цаасны үйлдвэр болон Калифорнийн томоохон цөлүүдэд хуваагдан байршиж байгаа юм.
Тухайн маргаан 2015 онд гарсан гэж үзвэл эдгээр машинууд нэлээд удаан хадгалагдаж байгаа бололтой. Хэдийгээр хэн ч унахгүй хадгалж байгаа ч, техникийн үзлэгт тогтмол оруулж арчилж тордож байгаа ажээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар тэд эдгээр автомашинуудаа зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхолтой нь Volkswagen-ынхан эдгээр машинуудыг засварласан уу эсвэл гадаадын зах зээлд гаргаж байгаа юу гэдэг нь хачирхалтай.
Олон жилийн турш эзгүй зогсож буй автомашинууд хулгайд өртөх нь мэдээжийн хэрэг. Жишээ нь өнгөрсөн намрын Детройт дахь автомашин хадгалалтын цэгээс 100 орчим машин алга болсон байна. Гэхдээ цагдаа нар шуурхай ажилласны үр дүнд уг автомашинуудыг ойролцоох мужийн хар зах болон автомашины худалдааны салонуудаас олжээ. Магадгүй зарим нэг нь Монголд орж ирсэнийг үгүйсгэхгүй юм.