Ухаалаг эцэг эхчүүд хэзээ ч
1. Хүүхдээ хохирогч болгодоггүй
Хөл бөмбөгийн багаасаа хасагдаж, шалгалтандаа унасных нь төлөө хүүхдээ хохирогчийн дүрд тоглуулдаггүй. Амьдрал хэзээд ялагдал, шударга бус зүйлээр дүүрэн байдаг учраас хүүхдийнхээ гаргасан алдаа эндэгдэлд хэт их ач холбогдол өгөхийн оронд хүүхдээ илүү хүчирхэг, чадварлаг нэгэн болгохын төлөө хамтдаа хичээдэг. Ухаалаг эцэг эхчүүд хүүхэддээ ямар ч нөхцөл байдалд эерэг сэтгэлгээтэй байхыг зааж өгдөг байна.
2. Тэд гэмшдэггүй
Ухаалаг эцэг эхчүүд хүүхэддээ үгүй гэж хэлсэндээ гэмшиж дуртай зүйлийг нь авч өгөн эрхлүүлдэггүй. Тэд хүүхдээ сайн хүн болгохын тулд гэмших сэтгэлээ бүрмөсөн гээхээс өөр аргагүй болдог ажээ.
3. Тэд хүүхдээ хорвоо ертөнцийн төв болгодоггүй
Хүүхдээ хамгийн чухал хүн болгож хайрлан халамжлах сайхан ч ийм их анхаарал халамжинд өссөн хүүхэд том болохоороо амьдралаас хол хөндий, зөвхөн өөрийгөө боддог нэгэн болох магадлал өндөртэй юм. Ухаалаг эцэг эхчүүд бусдаас авахаас өгөх нь илүү ерөөлтэй гэдгийг бага балчираас нь зааж сургадаг юм.
4. Тэд үргэлж зоригтой байдаг
Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ хайрладаг ч юм бүхнээс хамгаалан хайрцган дотор амьдруулдаггүй. Тэд хүүхдээ нийгэмшихэд нь тусалж, олон төрлийн туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Хэт их хамгаалалт хэзээ ч сайн юманд хүргэхгүй гэдгийг тэд ухамсарладаг.
5. Хүүхдүүд эцэг эхээсээ илүү эрх мэдэлтэй байж болохгүй
Оройн хоолонд юу идэх, амралтын өдрөөр гэр бүлээрээ хаана юу хийж өнгөрөөхийг шийддэг хүүхэдтэй байхыг ухаалаг эцэг эхчүүд хүсдэггүй. Тэд хүүхдүүд эцэг эхээ сонсох ёстой гэж үздэг юм.
6. Тэд төгс төгөлдөр байдлыг хүсэн хүлээдэггүй
Хүүхэддээ өндөр шаардлага тавих нь зөв хэдий ч хэт өндөр, боломжгүй юмыг хүсч шаардах нь утгагүй гэдгийг тэд мэднэ. Тэд хүүхдээ бүх зүйлд гаргууд сайн болгох гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө хамгийн сайн хувилбар байхыг л шаарддаг.
7. Хүүхэддээ хариуцлага хүлээлгэдэг
Ухаалаг эцэг эхчүүд "Хүүхэд л бол хүүхэд учраас гэрийн ажил нтрээр дарж хариуцлага хүлээлгэх ёсгүй" гэж огтхон ч хэлдэггүй. Харин ч хүүхдээ хариуцлагатай, итгэл даахуйц иргэн болгохын тулд ажилдаа туслуулдаг бөгөөд олон зүйлийг зааж сургахыг эрхэмлэдэг. Тэд хүүхдийнхээ насанд тохирсон үүрэг даалгаврыг тогтмол өгдөг байна.
8. Хүүхдээ сэтгэл хөдлөлөөс нь хамгаалдаггүй
Амьдрал бол тэр чигтээ л төрөл бүрийн сэтгэл хөдлөл дээр тогтож байдаг учраас тэд хэзээ ч хүүхдийнхээ мэдрэмжийг болиулах гэж оролддоггүй. Тавгүйтлийг мэдэрч сурсан хүн л хэр баргийн зүйлд бүдрэлгүйгээр амжилттай урагшилж чадах болно.
9. Тэд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийн өмнө хариуцлага хүлээдэггүй
Хүүхдээ гуних үед нь хөгжөөж, уурласан үед нь тайвшруулах сайхан ч ингэснээр та хүүхдийнхээ бусадтай харилцах чадварыг муутгаж байдаг гэдгээ мэддэг үү? Оюун ухааны хувьд хүчирхэг эцэг эхчүүд хүүхэддээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийн өмнө өөрөө л хариуцлага хүлээх ёстой гэдгийг бүрэн дүүрэн ойлгуулдаг. Ер нь хүн өөрөө л өөрийнхөө аз жаргалыг олж мэдрэх ёстой шүү дээ.
10. Хүүхдээ алдаа гаргахыг нь зөвшөөрдөг
Тооны даалгавараа хийхдээ гурав алдсан, биеийн тамирын хичээлдээ явахдаа пүүзээ мартсан зэрэг нь таны хүүхдэд туршлага болж байдаг юм. Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ алдаа гаргаж, гаргасан үйлдлийнхээ үр дүнг өөрөө амсах боломжийг нь олгож байдаг ажээ.
11. Тэд дэг журмыг шийтгэлээс ялгаж ойлгодог
Дэг журам гэдэг бол үр хүүхдээ ирээдүйд зөв, сайхан амьдраасай гэсэн үүднээс тогтоосон байнга дахин давтагддаг ухамсарт үйлдэл байдаг бол шийтгэл гэдэг нь буруу зүйлийг ахин хийлгэхгүйн тулд өгч буй сургамж хэмээн ойлгож болох билээ.
12. Тухайн үеэ аргацаасан үйлдлийг хийдэггүй
Уйлж, гоншигнож байгаа хүүхдээ чимээгүй болгохын тулд утсаа өгөх нь тун буруу юм. Ингэснээр таны хүүхэд эрүүл бус зуршилтай болох бөгөөд буруу аргаар хүссэнээ авах гэсэн муу зуршил тогтох болно.
13. Жинхэнэ үнэ цэнэтэй зүйл юу болохыг тэд ойлгож байдаг
21-р зуунд хүн бүр л хором, мөч бүхэнтэй уралдан амьдрах болжээ. Ухаалаг эцэг эхчүүд ажил төрөл, үр хүүхдийнхээ хүмүүжил, хувь хүний хөгжил гээд бүхий л зүйлд цаг заваа адилхан гаргадаг. Тэд нийгмийн сүлжээнд гайхалтай сайн эцэг эх шиг харагдахаас илүүтэйгээр хүүхдээ л сайн хүн болгон хүмүүжүүлж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх нь хавьгүй үнэ цэнэтэй гэдгийг бүрэн ухамсарласан байдаг.