11
Хувиараа аялах
Ямар нэгэн аяллын зуучлагч компанигүйгээр хувиараа аялах нь маш хямд тусдаг. Мэдээж бүх асуудал, үүрэг хариуцлага таны мөрөн дээр ирэх болно. Гэхдээ ихэнхи аяллын зуучлагч байгууллагууд ийм төрлийн асуудал дээр туслах нь битгий хэл харин ч бүр агаарын тээвэр, нөхцөл байдал, зорчиж байгаа улс орон зэрэг өөрөөсөө бусад бүхий л зүйлд буруу өгөх гэж оролддог. Харин та хувиараа аялж байгаа бол хүссэн маршрутаараа, хамгийн хямд тийз захиалан, өөрт тохирсон байрлал, үнэ хөлстэй буудлуудыг сонгох боломжтой. Беларус улсын блоггер Аудри Мирончук: "Минск хотоос Канарын арлууд руу аяллын байгууллагаар зуучлуулж явахад ойролцоогоор 1100 евро төлнө. Харин өөрөө аяллаа төлөвлөөд явахад хамгийн ихдээ 500 еврогийн зардал гардаг" гэжээ. Энэ ч их хэмжээний зөрүү шүү. Хямгадсан мөнгөө дараагийн аялалдаа зарцуулаарай.
10
Аяллаа эртнээс төлөвлөх
Эрт төлөвлөх тусам хямд тусна. Онгоцны тийз, галт тэрэгний билет, зочид буудал, төрөл бүрийн үзвэр үйлчилгээний тасалбарууд ч гэсэн илүү хямдхан байх болно. Европийн орнуудад ямарваа нэг зүйлийн тасалбарыг хэдэн сарын өмнөөс аль хэдийнэ зараад эхэлчихсэн байдаг. Худалдаанд гарсан эхний хэдэн өдөрт авсан тасалбарын үнэ жирийн үеэс 2-3 дахин хямд байх магадлал өндөр шүү. Энтертаймент, тоглолт, фестивалуудын тасалбарыг онлайнаар урьдчилан авах нь 10%-тай тэнцэх хэмжээний мөнгийг хэмнэх болоод хэдэн цаг урт дараалалд хүлээж зогсох цаг завыг тань хэмнэх болно.
9
Замын зардалд мөнгө хэмнэх нь
Ямар ч аяллын үеэр замын зардалд бид хамгийн их мөнгө зарцуулдаг. Хямдрал, урамшуулал, онгоцны тийз, автобусны билет, байрлах газраа олох, машин хөлслөх зэргийн талаар мэдээлэл өгөх маш олон тооны цахим хуудсууд байдаг. Иймэрхүү сайтууд нь танд ямар нэг зүйл "шахах" эсвэл аяллын хөтөлбөрт хамруулах гэсэн биш зөвхөн мэдээлэл зөвлөгөө өгөх, хямдрал урамшуулалтай байгаа цахим хуудсууд руу чиглүүлэх зорилгоор ажилладаг. Та өөрт хэрэгтэй зүйлээ сонгоод, цахим хаяган дээр дарахад шууд тухайн компаний хуудас уруу шилжиж, тасалбар авах, өрөө захиалах гэх мэт үйлчилгээ авах боломжтой болох юм.
8
Хямд онгоцны тийз авах
Блоггер Станислав Рабунски хэдийгээр дөнгөж 24-хөн настай ч өөр өөр тивүүдийн 35 орноор аялаад амжсан байна. Түүний хэрхэн хямд үнээр онгоцны тийз бичүүлэх талаар өгсөн зөвлөгөөнд очих улсынхаа нисэх буудлын албан ёсны цахим хуудсанд зочилон, тухайн хот руу ямар агаарын тээврийн компани таны байгаа улсаас эсвэл ойр байгаа улсаас тань нислэг үйлддэг болохыг олж мэдэх боломжтой. Үүнийхээ дараа агаарын тээврийн компаний цахим хуудаснаас одоо урамшуулалтай байгаа эсэхийг шалгаж, боломжтой бол гишүүн болон элссэнээр хямдрал, урамшуулал авах эрхтэй болдог гэжээ.
7
Нисэх буудлаас зочид буудал хүртэлх зардлаа хэмнэх арга
Ямар ч улсын нисэх буудал дээрээс таксинд биш нийтийн тээвэрт сууж мөнгөө хэмнэх боломжтой. Очсон улсынхаа нисэх буудлын албан ёсны хуудаснаас ямар автобус хотын төв рүү явдаг, автобусны буудал хаана байдаг зэргийг мэдэх боломжтой. Хэрвээ та таксигаар явах хүсэлтэй байгаа бол нисэх буудлаас такси авах нь зардал өндөртэйн дээр зарим улсуудад дээрэмдүүлэх эрсдэлтэй. Үүнээс гадна таксины жолооч анхан шатны англи хэлний мэдлэггүй байх тохиолдол бий. Үүнээс сэргийлэн олон улсын үйлчилгээ үзүүлэгч Kiwitaxi болон HolidayTaxis зэрэг компаниудыг сонгоорой. Ингэснээр нэрийг тань бичсэн цаас барьсан жолооч онгоцны буудал дээр таныг тосож авах болно. Мөн та хүүхдийн суудал, утасгүй интернетийн үйлчилгээ зэргийг урьдчилан захиалж болохын дээр картаар төлбөрөө төлөх боломжтой.
6
Зочид буудлаас татгалзах
Оросоос Африк хүртэл унадаг дугуйгаар очиж, Европын улсуудад өдөрт ердөө 7-хон еврогоор аялсан блоггер Витали Климов зочид буудалд биш дэн буудал сонгож байрлахыг аялагчдад зөвлөсөн байна. Энэ нь хямдаар тогтохгүй шинэ хүмүүстэй уулзах боломжийг олгодог аж. Шинэ танилуудтайгаа цагийг өнгөрөөнгөө хэлээ сайжруулах ч боломжтой. Гэхдээ та гэр бүлийнхэнтэйгээ аялж байгаа бол орон сууцанд байрлах нь тав тухтай бөгөөд хоол хүнсэнд зарцуулагдах мөнгөө хэмнэх болно. Мэдээж, аяллынхаа туршид тухайн улсын уламжлалт зоогийг амсаж үзэх нь шинэ мэдрэмж өгөх тул ганц нэг удаа ресторанд орж бололгүй л яахав. Зүгээр л дэлгүүрээс материалаа худалдаж аваад өөрөө хоолоо хийх нь хямд өртөгтэй байдаг гэдгийг санаарай. Үүнээс гадна зочид буудалд байрлах үедээ тухайн улсын зочин мэт байх бол орон сууцанд амьдарвал дэлгүүр орж, хоолоо хийж, өөрийн түлхүүрээр хаалгаа онгойлгоод л яг тэнд амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
5
Байрлаж болох өөр газруудыг судлах
Хөдөө аж ахуйн аялал нь хэдхэн цаг хүмүүст туслаад байрлах байр, үнэгүй хоол, өөр соёлын талаар судлах боломжийг олгодог гайхалтай арга юм. Ийм аргаар маш сонирхолтой, ашигтай газруудаар аялах боломжтой. Жишээ нь:
- Help Exchange сайтаас дэлхийн өнцөг булан бүрт аж төрж байгаа айл өрхүүдэд очиж туслан, үнэгүй байрлаж, аялах боломж олгодог.
- WWOOF нь органик бүтээгдэхүүн, цэцэг зэргийг ургуулдаг олон улсын байгууллага юм. Дэлхий нийтээр 70 гаруй салбартай энэ компанид хэн ч гэсэн цалингүй ажиллаад үнэгүй байрлах маш таатай нөхцөл бий.
- Couchsurfing бол зочид хүлээн авах, өөрөө зочлох айл олж болох олон улсын систем бөгөөд цахим хуудаснаа бүртгүүлээд энэ бүхэнд үнэгүй хамрагдана гэсэн үг.
- Housesitting буюу айлын гэрийг харах нь гэрийн эздийг урт хугацааны турш байхгүй хооронд та байрлах боломж бүхий үйлчилгээ юм. Энэ төрлийн саналыг http://www.housecarers.com/ хуудаснаас хараарай.
4
Аялж байх хугацаандаа гэрээ түрээслэх, солилцох
Аялж явахдаа үнэгүй байр олох бас нэг арга бол өөр хүмүүстэй харилцан гэрээ сольж байрлах. Аялагч, блоггер Владимир Друганов биднийг аялах хугацаандаа Airbnb сайтыг ашиглан байшин, орон сууцаа хөлслүүлхийг санал болгожээ. Гадаадад байх үеэр тань шууд таны кредит картанд мөнгө орох бөгөөд энэ нь маш хялбар зам юм. Мөн хэрвээ та хэн нэгнийг гэртээ амьдруулахад бэлэн байгаа бол харилцан байраа солилцож болно. Энэ үйлчилгээний хамгийн алдартай зуучлагч компаниуд нь:
- Homeexchange.com сайтад олон улсад байрлалтай байшин, орон сууцнууд өргөн сонголттойгоор байдаг.
- Homelink.org бол орон сууц солилцооны хамгийн туршлагатай, анхдагч сайтуудын нэг билээ. Та эндээс хүссэн орноо сонгох болон шүүлт хийх маш хялбар системийг ашиглах боломжтой.
3
Үнэгүй хөгжилдөх боломж
Дээрх зургийг Польш дахь үнэгүй алхах аяллын үйл ажиллагааны үеэр авсан ажээ. Хаа нэг тийшээ явахынхаа өмнө Google дээр “Free entertainment in city X” буюу "Х хотод хийж болох үнэгүй зүйлс" гээд хайгаад үзээрэй. Аль болох англиар хайлтаа хийвэл томоохон хотууд болон жижиг суурингуудад болох үнэгүй фестивал, концерт, нээлттэй өдөрлөг, аяллуудын талаар мэдээлэл гарч ирэх болно. Нэмж зөвлөхөд https://www.freetour.com/ сайтаас үнэгүй алхах аяллын талаар мэдээлэл авах боломжтой.
2
Үнэгүй олдох зүйлсэд мөнгө үрэх хэрэггүй
- Утасгүй интернет: Байрлах газраа захиалахдаа үнэгүй интернеттэй газруудыг сонго. Өдрийн цагаар гадуур явахдаа ресторан, дэлгүүр, буудлуудын интернетийг ашиглах боломжтой.
- Газрын зураг: Зочид буудал, орон сууц, дэн буудлаас та үнэгүй газрын зураг авч болно. Мөн хотын төв эсвэл түүх дурсгалын газартай ойрхон байрлах, жуулчдын мэдээлэл олгох төвөөс ч олох боломжтой. Гар утсан дээрээ урьдчилан дижитал газрын зураг татаж аваарай.
- Ус: Европийн орнуудад крантны усыг хаанаас ч ууж болно. Ундны усны булгийг хотын төвийн хаанаас ч олж болох бөгөөд энэ нь үнэгүй уух зориулалттай. Ийм булаг олохын тулд https://maps.me/ хуудсанд хандан “drinking water” гэсэн тэмдэглэл бүхий газраас уух ус авж болдог.
- Угаалгын өрөө хэрэглэх: McDonald’s, Burger King зэрэг нийтийн хоолны газруудын угаалгын өрөөг ашиглаарай. Мөн бизнес төв, музей, номын сан, том супер маркетууд бүгд үнэгүй угаалгын өрөөтэй.
1
Орчиндоо дасан зохицох чадвар
Архаг аялагч нарын хамгийн түгээмэл өгдөг зөвлөгөө нь "уян хатан байх" хэрэгтэй гэжээ. Ямарваа нэг шинэ зүйл туршиж үзэх, өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхөөс айж, татгалзах хэрэггүй. Аялагч, блоггер Жонни Жетийн үнэтэй зөвлөгөөнд: Аяллыг үнэтэй болгодог нэг хүчин зүйл нь яг олон зочинтой байгаа үед нь явах гэсэн байна. Тэгэхээр хэрвээ та олон нийтийн амралтын өдрүүдээр явбал их мөнгө зарлагдана гэсэн үг. Аяллаа ганц, хоёр өдрөөр хойшлуулж, урагшлуулах нь таны мөнгийг хэмнэх хамгийн энгийн арга учраас аялж байгаа улсынхаа олон нийтийн амралтын өдөр, тэмдэглэлт баяруудыг сайн судлаарай. Ингэснээр та 50% хүртэл мөнгөө хэмнэх боломжтой.
Бонус: Аяллын мэдээлэл бүхий хамгийн алдартай цахим хуудаснууд
- wikitravel.org - Англи хэл дээрх аяллын “wikipedia”
- lonelyplanet.com - Англи хэл дээрх аяллын хөтөч
- budgetyourtrip.com - Англи хэл дээрх аяллын тооцоо гаргахад туслана
- agentika.com - Зөв тээврийн хэрэгслээ сонгох, хаана идэх, хаана байрлах, хэрхэн зугаацах зэрэг хэрэгтэй мэдээллийг эндээс олох боломжтой.