1
Шумбагч онгоц
Хэдий 60 жил өнгөрсөн ч гэлээ 1968 онд 4 улсын шумбагч онгоц ор сураггүй алга болсон хэрэг тодорхой болоогүй л байна. АНУ-ын "USS Scorpion", Израилийн "INS Darak", Францын "Minerve", Зөвлөлтийн "K-129" гэх шумбагч онгоцнууд ямар нэг тодорхой шалтгаангүй алга болсныг зарим хүмүүс байгаа оноогүй цөмийн бөмбөгөнд өртсөн эсвэл Америк, Зөвлөлтийн хоорондын хурцадмал асуудлаас болсон гэж таамагладаг. "INS Darak", "Minerve" шумбагч онгоцнууд хоорондоо 2-хон өдрийн зайтай алга болсон бөгөөд 31 жилийн дараа Кипр улсын ойролцоох далайн гүнээс "INS Darak"-ын үлдэгдэл олдсон байна. Харин "K-129"-ын хэсгийг 1974 онд далайн гадаргаас 4.8км-ийн зайд байхыг нь илрүүлжээ. "Minerve" шумбагч онгоцны сүйрэл хөдөлсөн боомтоосоо ердөө 40км-ийн зайд болсон нь хамгийн хачирхалтай үйл явдал болсон.
2
Аварга загас
2003 оны 11 сард Австралийн хэсэг судлаачид 7.5м урттай эмэгчин аварга цагаан загасыг судлахын тулд түүнд байршил тогтоох болон биеийн дулаан хэмжих төхөөрөмж суулгасан байна. Ойролцоогоор 4 сарын дараа эрэг хавиар тэнүүчилж явсан хүн төхөөрөмжийг суулгасан газраас 4км-ийн зайтай газраас олжээ. Төхөөрөмжийн мэдээллийг шалгаж, үүгээр баримтат кино хийх гэж байсан найруулагч нь олсон мэдээлэлдээ итгэж чадаагүй байна. Учир нь энэхүү аварга загас гэнэт 580м-ийн гүнд орж, биеийн температур нь 7-25градус болж өсчээ. Үүнээс үзэхэд тэр дайралтад өртсөн байх өндөр магадлалтай. Гэвч 7.5м урттай аварга загас руу юу дайрна гэж? Бүр илүү том аварга загас уу?
3
Япон Атлантис
Алдагдсан хот Атлантисийн тухай эртний домгуудад цөөнгүй гардаг. Грекийн домогт бурхадтай хагаралдсаны улмаас далайн давалгаа түрэн орж ирж, Атлантисыг тэр чигт нь бүрхсэн юм гэдэг. Гэхдээ домог худал байж, Атлантис үнэхээр Японы газар нутагт оршиж байсан уу? 1986 онд Ёнагуни Жима гэх Японы эх газрын өмнөд хэсэгт орших арлын уснаа томоохон хэмжээний бүтээн байгуулалт бүхий туурь байхыг нэгэн усанд шумбагч олсон байна. Рюкюс Их сургуулийн далайн геологич Масааки Кимура эдгээр нь сүм, цайз, стадион зэргийн үлдэгдэл балгас хэмээн тогтоосон ч бусад шинжээчид үүнтэй санал нийлээгүй ажээ. Ингээд Ёнагуни хөшөө буюу энэ балгас нууцлаг хэвээр үлдсэн юм. Хэдийгээр туршлагатай усанд шумбагчид судлаж үзсэн ч Японы засгийн газраас түүхийн олдвор гэж үзэлгүй ямар нэг судалгаа шинжилгээний ажил явуулаагүй байна.
4
Сүүн далай
Лусын дагина, далайн шулмын талаарх домогийг далайд аялагчид хэдэн зууны туршид ам дамжин ярьсаар ирсэн. 1995 онд Британийн усан онгоцны багийнхан сүүн цагаан өнгөтэй далайн усыг харсан тохиолдол гарчээ. Шинжлэх ухааны судлаачид үүнийг өөрөөсөө гэрэл цацруулдаг бактерийн нөлөө гэж үзсэн ч тус нууцлаг явдлын учрыг бүрэн гүйцэд тайлж чадаагүй юм.
5
Балтын тэнгисийн хачирхалтай олдоц
2011 оны 6 сард Шведийн Петр Линчбергээр ахлуулсан "Ocean X" судалгааны багийнхан Балтын тэнгисийн ёроолоос нэгэн хачирхалтай зүйл илрүүлжээ. Энэ нь 64м урт, 8м өндөр бөгөөд далайн гадаргаас 91м-ийн гүнээс олдсон байна. Ган шиг саарал өнгө, сонин хээ зэрэгт нь үндэслэн олон судлаачид нисдэг таваг гэж тухайн зүйлийг дүгнэжээ. Харин зарим судлаачид үүнийг алдагдсан хотын балгас гэсэн бол Шведийн Стокгольм их сургуулийн судлаачид сүүлчийн мөстлөгийн үеэр мөсөн биетээс үүссэн сийлбэр хэмээв. Гэвч үүнд итгэх хүмүүс цөөхөн байна. Сонирхолтой нь "Ocean X" багийнхний цахилгаан техник хэрэгслүүд болон нарны энергиэр ажилладаг утас нь тухайн биетэд 50м орчим ойртоход ажиллагаагүй болсон талаар дурдсан байна.
6
Хар утаа
Далайн ёроол дахь нүхнээс маш халуун ус оргилон гарах энэ үзэгдлийг шинжлэх ухаанчид хар утаа хэмээн нэрлэсэн байна. Умард туйлын цагираг орчмын усанд өмнө нь олдсон газраас 193км-ийн зайд дахин хар утаа болон халуун бүлээн нүх хэд хэд илрүүлснээ судлаачид мэдээлэлсэн. Энэхүү тогтцыг "“Loki’s Castle” гэж нэрлээд байгаа бөгөөд далайн хүйтэн усанд оргилж гарсан ус нь 299 градус хүртэл халуунтай байжээ. Үүнийг судлаачид далайн гүний тектоник хавтангууд өөр өөр түвшинд хөдөлсний улмаас оргилж байгаа ус нь маш халуун төдийгүй эрдэс бодисоор баялаг байдаг гэж тайлбарласан. Арктикийн нүхнүүд нь далайн ёроолоос дээш 4 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөртэй бөгөөд халуун усны эрдэс тэжээлээр хооллодог бактериар бүрхэгдсэн байдаг.
7
Үхэшгүй мөнхийн далайн залхаг
"Turritopsis dohrnii" гэх жигтэй нэртэй далайн залхаг мөнх амьдрах нууцыг агуулж байгаа юм биш биз? Энэ биет нь 1883 онд Газар дундын тэнгисээс олдсон бөгөөд ихэнхи далайн залхагнууд жам ёсоороо төрж, үхдэг байна. Харин тус зүйлийн гол онцлог нь аминд халтай гэмтэл авах, өлсгөлөнд нэрвэгдэх зэрэг ноцтой асуудалд орсон үедээ өөрийгөө шинэчлэн буцаад нялх болох чадвартай ажээ. Ингээд зогсохгүй энэ хачирхалтай үйлдлээ дахин дахин хийх боломжтой байдаг байна.
8
Аварга наймаалж
Наймаалж бол хүний ДНХ-тэй төстэй бүтэцтэй ДНХ-тэй хамгийн холын төрөл зүйлд багтах амьтан юм. Тэд маш ухаантай гэдгийг бид бүхэн цахим ертөнцөд тараад байсан жижигхэн нүхээр онгоцноос оргож байгаа наймаалжны бичлэгээс хараад ойлгосон билээ. "Cephalopods" нь наймаалж, нялцгай биетийг багтаасан төрөл зүйлийн нэршил бөгөөд энэ нь далайн ёроолд амьдардаг хамгийн хачин жигтэй амьтдыг хэлдэг байна. Тэд маш гүнд амьдардаг учраас үүнийгээ дагаад судалгаа бага хийгджээ. Зурган дээрх аварга наймаалжийг анх 2012 оны 7 сард видеонд бичиж авсан бөгөөд 13м урт, 453кг жинтэй, далайн гадаргаас доош 20км гүнд шумбах чадвартай аж. "Ross Sea" нэртэй далайгаас барьсан 8м урттай аварга наймаалжны нүд нь гэхэд л 28см-ийн урттай байв.
9
Наргүй газрийн фотосинтез
Бидний сургуульд байхдаа сурч байсан фотосинтез нь нарны гэрлээр хооллож, хүчил төрөгч үйлдвэрлэдэг ургамлын үйл явц билээ. Гэвч хэдэн мянган гүний тэр харанхуй нөхцөлд яаж фотосинтез явагддаг юм бол? Сонирхолтой нь 2005 онд судалгааны багийнхан фотосинтезээр амьдардаг бактерийг 2400м-ийн гүнээс олжээ. Энэ бактери нь Мексикийн эрэг орчмын бүлээн ус оргилдог нүхний ойролцоо үрждэг бөгөөд халуун уснаас үүссэн маш бүдэг гэрлийг ашиглан фотосинтез явуулдаг байв. Гэвч энэ нь хэрхэн ийм байдалд хүрснийг эрдэмтэд өнөөг хүртэл тайлж чадаагүй л байна.
10
Сонин дуу чимээ
"The National Oceanic and Atmospheric Administration" нь далай тэнгист үүссэн дуу чимээг хянаж судалдаг байна. "Өсөлт" гэх нэртэй дуу чимээ 1991 оноос хойш сонсогдож байгаа бөгөөд далайн давлагааны чимээтэй ойролцоо чимээ Номхон далай орчмоос сонсогддог ажээ. Чухам яагаад ийм чимээ гаргадаг гэдгийг нь мэдэхгүй ч 1991 оноос хойш аажим аажмаар суларсаар байгаа. 1999 онд "The National Oceanic and Atmospheric Administration" байгууллагынхан 15 секундийн турш "Жулиа" гэсэн дуудлагатай чимээг сонссон байна. Мэргэжилтнүүд үүнийг Антарктид дахь мөсөн уулсын мөргөлдөөний чимээ экватор орчимд цуурайтсан явдал гэж дүгнэжээ. Мөн 1997 онд маш сул давтамж бүхий чанга дуу чимээ гарсан бөгөөд хамгийн хачирхалтай нь тус чимээ нь Номхон далайгаас 5000 км-ийн зайд орших судалгааны төвд сонсогдсон байна. Үүнийг далайн аварга амьтантай холбон тайлбарлаж байсан ч ихэнх судлаачид мөсний хагарал эсвэл мөсөн дор газар хөдөлсөн хэмээн үзжээ.
11
Шингэн хүхрийн нуур
Саяхныг хүртэл хайлмал хүхрийг дэлхийн гадаргуугаас гадна сансар огторгуйд буюу Бархасбадь болон дагуул гаригууд дээр л байдаг гэж үздэг байв. Гэтэл далайн ёроолд галт уулын дэлбэрэлт байнга болдог ба Хойд Мариана болон Бонин арлуудын дунд орших "Pacific Ring of Fire" гэх газарт "Дайкоку хүхрийн тогоо" байдаг байна. Галт уулсын нэгийг 2006 онд "The National Oceanic and Atmospheric Administration"-аас робот ашиглан судалгаа явуулахад "Жэйсон" нэртэй робот 400м-ийн гүнээс хар толбо олсон ажээ. Хар толбонд судалгааны биет хийгээд шинжлээд үзэхэд ус төрөгч болон бусад хийгээр хучигдсан шингэн хэлбэрийн хүхэр байв.
12
Мегалодонь
Латин хэлээр "Том шүдэт" гэсэн утгатай энэ нэршил нь 23-2.6 сая жилийн өмнө оршин тогтнож байсан аварга загасны төрөл зүйлийг илэрхийлдэг байна. Гэвч энэ аймшигтай амьтан үнэхээр устаж алга болсон гэж үү? Эсвэл гүн гүнзгий далайн аль нэг хэсэгт сэлж яваа юу?Хамгийн сүүлд 1976 онд судлаачид Мегалодонь аварга загасыг харсан байна. Харин 65 сая жилийн өмнө устсан гэж үзэж байсан Коелакант 1938 онд Өмнөд Африкийн эрэг орчмоос олдсон билээ. 1875 онд Мегалодоний 2 шүд олдсон бөгөөд 1918 онд Австралийн загасчин 30м-ийн урттай аварга загас харсан гэсэн баримтууд байдаг. Мөн 1960-аад онд 17м-ийн урттай хөлөг онгоцтой явж байсан ахлагч усан онгоцтой ижил хэмжээтэй аварга загас тэдний хажуугаар өнгөрсөн талаар дурссан юм. Харин 2012 онд "Shark Wranglers" нэвтрүүлгийн нэгэн дугаар дээр 9-12м урттай аварга загасыг Бирд Айланд орчимд харсан хэмээдэг.
13
Далайн шулам "Leptocephalus Giganteus"
Далайн шулмын талаарх эртний домгууд үнэн болов уу? 1930 оны 1 сарын 31-нд Данийн судалгааны усан онгоц болох "Дана" 1.8м урттай могой загасны түрсийг Өмнөд Африкийн эрэг орчмоос олсон нь далайн шулам байдаг гэдгийг бататгаж өгчээ.
14
Бермудийн гурвалжин
Бермудийн гурвалжинд буюу Майами, Бермуд, Пуэрто Рико 3-ын дунд орших энэ хэсэг газарт 1918 оноос хойш нийт 75 нисдэг тэрэг, зуу зуун усан онгоцнууд ор сураггүй алга болсоор байна. 1918 онд "USS Cyclops" багийн 300 гишүүд алга болж, 1945 онд Америкийн 5 бөмбөгдөгч онгоцны төхөөрөмж ажиллахаа болин, онгоцнууд ор сураггүй алга болж байжээ. Харамсалтай нь тэднийг хайхаар явсан эрлийн багийнхан ч эргэж ирээгүй юм. Кристофер Колумбын тэмдэглэлд хүртэл далайн нэг хэсэгт гэрэл гарч байсан талаар бичиж үлдээсэн байдаг. Өнөөг хүртэл жил бүр 4 онгоц, 20-иод завь алга болсоор байна.
15
Куба дахь усан доорх хот
2000 онд Куб, Канад улсуудын нэгдсэн судалгааны баг Кубийн эрэг орчимд 700м-ийн гүнд орших "Усан доорх хот"-ыг нээн илрүүлжээ. Хамгийн хачирхалтай нь хүн дэлхий дээр үүссэн цагаас хойш далайн усны түвшин 120м-ээс доош байсан тохиолдол үгүй бөгөөд ийм гүнзгийд байгаа хот тектоник хөдөлгөөний улмаас нуран унах ёстой юм. Кабо дэ Са Антонио орчмоос судлаачид мөлгөр, геометрийн дүрс бүхий хавтангуудыг олж, дээрх зургийг даржээ. Энэ явдал нь Кубийн Байгалийн төв музейн сонирхлыг татаж, судалгаа хийхэд хавтан дээрх зарим зүйлс Маяа, Юкатекос эртний омгуудын ярьдаг байсан далайд живсэн арлуудын тухай домог яриатай таарч байжээ. Уг судалгаа нь одоо ч гэсэн үргэлжилсээр байна.