1
Стресстэй нөхцөл байдалд гаргадаг зан авир
Хүний амьдралд янз бүрийн асуудлууд тулгарч байдаг ба тэр болгонд та хоёр бие биенийгээ нөхөж чадаж байна уу үгүй юу гэдэг нь тун чухал зүйл юм. Хэрэв та стресс үүсгэсэн нөхцөл байдалд түргэн зан гаргаж болчимгүй үйлдэл хийчих гээд байдаг, харин таны хайртай хүн уужуу тайвуу, доороо суурьтай нэгэн болбоос та хоёр барагтай л бол хөнгөн хуумгай шийдвэр гаргаж, харамсахаар үр дүнд хүрэхгүй гэсэн үг юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө шийдвэр гаргах гээд байдаг хүн буурь суурьтай хүнтэй цуг байвал нэг нэгнээ нөхөж чаддаг гэж сэтгэлзүйчид үздэг ажээ.
2
Үзэл бодол
Мэдээж хэрэг та хоёр өөр өөр орчин нөхцөл, гэр бүлийн хүмүүжлээр өссөн хүмүүс учраас үзэл бодлын хувьд ялгаатай байх нь ойлгомжтой. Ийм болохоор хайртай хүнээ өөртэй чинь ижилхэн биш гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал байдаг. Харилцаагаа удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд жижиг сажиг зүйл дээр ч гэсэн хамтрагчийнхаа саналыг сонсож байж шийдвэр гаргаж сураарай. Ийм байж чадаж гэмээнэ та хоёрын харилцаа бат бөх, аз жаргалтай байх болно.
3
Илэрхийлдэг байх нь чухал
Таны хайрт таны юу хүсч бодож байгааг нэвт шувт уншиж чадахгүй учраас та юу хүсч байгаагаа түүндээ илэрхийлэн хэлж байгаарай. Жишээлбэл та хайртаараа тэврүүлэхийг хүсч байвал заавал түүнийг эхэлж тэврэхийг хүлээлгүйгээр өөрөө очоод халууханаар тэвэрч болно шүү дээ.
4
Хувийн орон зай
Хэрэв та хоёр цаг үргэлж хамт байгаад байх юм бол удалгүй залхах болно. Ийм учраас хайртай хүнийхээ сонирхолыг дэмжээд зогсохгүй түүнтэйгээ холбогдох ер бусын зүйлийг олж чаддаг байх хэрэгтэй ажээ. Сэтгэл зүйчдийн санал болгож байгаагаар 7 хоногт 1-2 өдрийг зориуд хайртдаа зарцуулж, түүнтэйгээ хамт гайхалтай, сонирхолтой зүйлсийг хийх нь хосуудын харилцааг халуухан байлгахад чухал нөлөөтэй гэнэ.
5
Амьдралын төлөвлөгөө
Хосуудын зорилго, мөрөөдөл, амьдралын төлөвлөгөө хэр баргийн хоорондоо таардаггүй билээ. Гэвч ядаж л тэдний амжилтын талаарх ойлголт нь хоорондоо төстэй байх хэрэгтэй гэнэ. Та 40 насандаа кареераа ахиулаад өндөр түвшинд хүрчихсэн байна гэж төлөвлөж байхад таны хамтрагч 3 хүүхэдтэй болмоор байна гэж ярьж байвал та хоёрын харилцаа маргаан, зөрчилөөр дүүрэх байна гэж ойлгож болох юм. Ийм болохоор хосууд аль болох эртнээс өөрсдийнхөө амьдралын төлөвлөгөө, ирээдүйнхээ талаар зөвлөлдөх нь чухал.
6
Найзуудын харилцаа
Хүний амьдралыг найз нөхөдгүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. Таны хайртай хүний найзууд таньд төдийлөн дуртай биш байсан ч та тэднийг хүндэлж, сайхан харилцах хэрэгтэй юм шүү. Найзуудтай нь сайхан харьцаж, хүндэлж байгаа чинь таны бие хүний төлөвшил, хайртай хүнээ хэр халамжилдагийг тань харуулж байдаг.
7
Хамаатнуудын харилцаа
Хамаатан садан, ар гэрийнхэний харилцаа найз нөхдийн харилцаанаас илүү чухал байдаг учраас хайртай хүнийхээ дотны хүмүүст сайн хандаж, тэдэнтэй сайхан харилцаа үүсгэх нь та хоёрт хоёуланд нь хэрэгтэй. Хэрэв та нөхөр, эхнэрийнхээ ээж аавтай байнгын хэрүүл уруултай байдаг бол нөхөр, эхнэртэйгээ ч тааламжгүй харилцаатай байх болно гэдгийг бүү мартаарай.
8
Хэрэлдэж маргалдахад учир бий
Хэдий бие биедээ хайртай ч огт хэрүүл маргаангүй байдаг хосууд гэж байдаггүй шүү дээ. Хэрүүл маргаан хийж болно л доо. Гэхдээ анхнаасаа зөв маргалдаж, хэрэлдэж сурах хэрэгтэй юм.
9
Амжилтыг нь цуг тэмдэглэ
Таны гаргасан ямар ч амжилтыг юман чинээ тоодоггүй, үргэлж доош нь хийж байдаг хүнтэй нэгэн дээвэр дор амьдрахаас дор зүйл гэж үгүй билээ. Хайртынхаа гаргасан амжилтанд чин сэтгэлээсээ баярлаж, баярт мөчийг нь хамтдаа тэмдэглэж, түүндээ илүү ихийг бүтээх урам зоригийг хайрлаж чаддаг байх нь хосуудын харилцааг уртасгах чухал хүчин зүйл болж байдаг.
10
Харилцан буулт хийх нь тустай
Хүн өөрийгөө бодолгүй яах вэ. Гэвч хайр дурлалын харилцаандаа харилцан буулт хийж байхгүй бол олон тооны маргаан, зөрчилтэй тулгарч эцэстээ салж сарнихад хүрдэг муу талтай.
11
Хайр дурлалын харилцаа
Хүн бүр хайр дурлалыг өөр өөрөөр тодорхойлдог хэдий боловч хайр дурлалыг ерөнхийд нь 2 хуваадаг. Нэгдүгээрх нь төгс нийцэлтэй хос буюу өөрсдийгөө зөвхөн бие биендээ зориулагдсан хэмээн итгэдэг хосуудыг хамруулан үзэж болно. Харин удаах нь буюу хоёрдахь төрлийг нь хайрын аяллаар явах хос гэж нэрлэдэг. Тэд бие биенийгээ төгс биш, нэг нэгээсээ ялгаатай гэдгийг сайн мэддэг бөгөөд хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа нандигнадаг ажээ. Сэтгэлзүйчдийн дүгнэж буйгаар хоёрдахь төрөлд хамрагдаж байгаа хосууд нь шинэ саад бэрхшээл, сорилтонд бэлэн байдаг учраас илүү бат харилцааг үүсгэдэг байна.