1
“Үгүй” гэдэг үгийг ховор хэлээрэй
Та үргэлж “үгүй” гэж хэлэхээ түр азнаарай. Хэрвээ та 5 минут тутам “үгүй” гэж хэлбэл хүүхэд тань энэ үгийг тоохоо болино. Харин эсрэгээрээ “ тийм, за” гэсэн үгсийг түлхүү хэрэглэж, "үгүй" гэдэг үгийг ховор хэрэглэж байвал таны хүүхдэд энэ нь илүү хүрэх болно.
2
“Үгүй” гэдэг үгийг өөртөө итгэлтэй хэлэх хэрэгтэй
Хүүхдэд ямар нэгэн зүйл хориглох үедээ “үгүй” гэдэг үгээ тайван, өөртөө итгэлтэй байдлаар хэлэх нь зүйтэй. Яагаад ханан дээр зурж болохгүй гэдгийг хүүхэддээ нарийн сайн тайлбарлаж ойлгуулах гээд хичээгээд үзээрэй.
3
“Үгүй” гэж хэлэхийн тулд хөдөлмөрлөх шаардлагатай
Хүүхдэд ямар нэг зүйлийг хориглосноор та тэднийг гомдоож байж магадгүй. Гэхдээ энэ нь тэднийг тайвшруулж , нөхцөл байдлыг зөөллөх хэрэгтэй гэсэн үг биш. Та нэмэлтээр хөдөлмөрлөж, илүү цаг гаргах хэрэгтэй болно. Хүүхдийнхээ гомдлыг тайлахын тулд түүнтэй бүхий л зүйлийг нь хуваалцаж, түүнийг ойлгож байгаагаа илэрхийлэх нь хамгаас чухал. Хамгийн гол нь хэчнээн хүүхэд тань гомдож, уурлаж байсан ч “үгүй” гэж хориглосноо огт мартах хэрэггүй.
4
“Үгүй” гэж хэлэхээс гадна тайлбар хэлэх хэрэгтэй
Хэрвээ хүүхдэд яагаад болохгүй гэдгийг нь сайн ойлгоогүй бол улам л уг үйлдлийг хийхийг илүү ихээр хүсэх болно. Хүүхдэдээ “үгүй” гэж хэлэхдээ яагаад болохгүй гэдгийг нь тайлбарласан томоохон шалтгаан олох хэрэгтэй. Хүүхэд уурласан, сэтгэл санаагаар хямарсан байх үед нь ямар нэг зүйлийг удаан тайлбарлавал тэрээр хүлээж авах нь юу л бол. Тиймээс богино, ойлгомжтой үгээр хэлэх нь чухал.
5
“Тийм” гэдэг нь “үгүй” гэсэн утгыг илэрхийлж болно
Хүүхдүүд “үгүй” гэдгийг маш ихээр сонсдог учир заримдаа энэ үгийн утгыг ойлгохоо больсон байдаг. Тиймээс “тийм” гэдэг үгийг “үгүй” гэсэн утга илэрхийлэхээр орлуулж болно. Жишээлбэл: Танай хүүхэд дэлгүүрээс ямар нэг тоглоом худалдаж авахыг хүсвэл та “Хэрвээ чи үүнийг шинэ жилийн бэлэгнийхээ оронд авахуулъя гэж бодож байвал би зөвшөөрч байна” гэж хэлээрэй. Энэ байдлаар хүүхэд тань тантай тохиролцож, хүссэнээ авдаг болно.
6
“Үгүй” гэдэг үгээ орилохгүйгээр хэлэх хэрэгтэй
“Үгүй” гэдэг үгээ ямар дууны өнгөтэй хэлж байгаагаас шалтгаалж үгийн утга нь өөрчлөгдөнө. Хэрвээ та чанга дуугаар хэлж байвал энэ нь хүмүүжил биш, харин харилцаагаа шийдэж буй асуудал болж байгаа юм. Та хүүхдэдээ ууртайгаар “үгүй” гэвэл тэрээр таныг өөрт нь хайргүй гэж ойлгох болно. Харин инээмсэглэлтэйгээр хэлбэл “үгүй” гэсэн үгийг зөвөөр хүлээж авна.
7
Өөр сонголтыг санал болгож “үгүй” гэж хэлээрэй
Өөр сонголтыг та хүүхдэдээ өгч чадвал тэд өөрийг нь хориглож байна хэмээн хүлээж авдаггүй. Жишээ нь: “Чи энэ шилэн аягаар тоглож болохгүй. Гэхдээ шүүгээнээс хуванцар аяга аваад тоглож болно” гэж хэлээрэй. Хүүхдэд сонголт өгснөөр тантай амархан учраа олох болно.
8
Хуурамч итгэл бүү төрүүл
Заримдаа эцэг эхчүүд хүүхдэдээ “одоо л биш шүү” гэж хэлдэг. Одоо үгүй бол хэзээ болно гэж? Хэрвээ та хэлсэндээ хүрэхгүй бол хүүхэд тань танд итгэх итгэлгүй болно. Тиймээс хүүхдэдээ тодорхой цаг хугацааг зааж, хэр хугацаанд хүлээх хэрэгтэйг нь ойлгуулаарай.
9
Татгалзаж буйгаа системтэйгээр илэрхийлээрэй
Хэрвээ та нэг зүйл хориглосон л бол түүнийгээ үргэлж хориотой байлгах хэрэгтэй. Өчигдөр хориотой байсан зүйлийг өнөөдөр хориглохоо больж болохгүй.Тэгвэл хүүхэд “үгүй” гэдэг үг эцэг эхийн ааш, сэтгэл санааны байдлаас нөлөөлдөг юм байна хэмээн ойлгодог. Өөртөө цаг гаргахын тулд хориотой зүйлийг битгий зөвшөөрөөрэй.
10
Та “үгүй” гэж хэлж байхад гэр бүлийнхэн тань “тийм” гэх ёсгүй
Таны санаа бодол гэр бүлийнхэнтэй чинь бүрэн нийцэх ёстой. Хэрвээ хэн нэгэн хориглоод, хэн нэгэн зөвшөөрөөд байвал хүүхэд тань зөвшөөрч байгаа хүнийхээ үгэнд л орох нь мэдээж. Мөн та тавьж байгаа хоригоо өөрөө ч баримтлах хэрэгтэй. Жишээлбэл: Та хүүхдээ гал тогоонд л хоол идэхийг зөвшөөрч байгаа хирнээ өөрөө өөр өрөөнд идвэл энэ хориглол хүчингүй болж мэднэ.
11
Биеэ зөв авч явсанд нь хүүхдээ урамшуулаарай
Хэрвээ хүүхэд тань “үгүй” гэсэн үгийг таныхаар хүлээн авсан бол та хүүхдээ урамшуулж байх хэрэгтэй. Үгэнд сайн орсонд нь талархаж, дуртай хоолыг нь хийж өгч болох юм.