Социализмын үед бидний аав ээжийн хийж иддэг байсан амтат хоолны жорууд

Бидний хүүхэд насны дурсамжинд багтдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй амттай хоол билээ. Ээжийнхээ хийж өгсөн хоолыг идэж, эрхэлж тоглон өссөн бидний хүүхэд нас хамгийн өнгөлөг бас гэгээтэй. Тэгвэл тэр сайхан өдрүүдэд буцаад очсон мэт мэдрэмж төрүүлэх амттай хоолнуудын жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.  

Социализмын үед бидний аав ээжийн хийж иддэг байсан амтат хоолны жорууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Буржгар" шөл

Зөвлөлтийн үед ээж, эмээ нар бага насны хүүхдүүдээ ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг шөлийг хийж өгдөг байжээ. Өндөг хийдэг учраас энэ шөлийг "Буржгар" шөл хэмээн нэрлэх болсон түүхтэй юм. 

Орц: 

  • Ус - 2 литр 
  • Амт оруулах хэмжээний давс
  • Лаврын навч - 1 ширхэг 
  • Бөөрөнхий хар перец - 2-3 ширхэг 
  • Тахианы цээж мах 
  • Сонгино - 1 ширхэг 
  • Лууван - 1 ширхэг 
  • Ургамлын тос - 2 ц.халбага
  • Төмс - 3 ширхэг 
  • Нарийн гоймон - 50 гр
  • Өндөг - 2 ширхэг 

Хийх дараалал: Ус, давс, лаврын навч болон бөөрөнхий перецээ тогоондоо хийнэ. Дараа нь тахианы цээж махаа дотор нь хийж чанаад болмогц нь гаргаж, дөрвөлжлөн хэрчинэ. Махаа хөрч байх зуур сонгино, луувангаа хайруулын тавгандаа хийж хуурна. Жижиглэж хэрчсэн төмсөө шөлөндөө хийж 15 минут чанах ба гоймонгоо хийж, ахин 7 минут буцалгаад өндгөө хагалж хийн шөлөө сайтар хутгана. Ингээд гал дээр 2 минут болгоод л хоол маань бэлэн болно. 

"Буржгар" шөл

2 Макарони гоймон

Энэхүү хоолыг голчлон оройн хоолондоо иддэг бөгөөд үлдсэнийг нь маргааш өглөө  ажил руугаа аваад явахад ч янзтай шүү дээ. 

Орц: 

  • Гоймон - 200 гр
  • Давс - Амтлах төдий 
  • Ургамлын тос - 2 ц.халбага 
  • Сонгино - 1 ширхэг 
  • Сармис - 2 хумс 
  • Мах - 500 гр
  • Томатны соус - 2 ц.халбага 

Хийх дараалал: 4 см урттай гоймонг сонгож аваад давстай усанд чанаж болгоно. Гоймонгоо шүүж авахдаа усаа бүгдийг нь битгий асгаарай. Нэг аягыг авч үлдээрэй. Бидэнд хэрэг болох болно.

Сайтар халаасан хайруулын тавгандаа сонгиноо хийж хуураад жижиглэсэн сармис, машиндсан махаа нэмж өгнө. Үхэр юмуу гахайн мах байвал тохиромжтой байдаг бөгөөд 10 минутын турш тасралтгүй хутгана. Ингээд дараа нь томатны соусаа нэмж хийгээд 3 минут хуураарай. Сүүлд нь авч үлдсэн усаа хийн зөөлөн галаар 5 минутын турш чанаад л гүйцээ. 

Макарони гоймон

3 Зайдастай шарсан өндөг

Аманд ороод л хайлах энэхүү амтат хоолыг хийхийн тулд танд: 

  • Зайдас - 7 ширхэг 
  • Ургамлын тос - 1 ц.х
  • Өндөг - 3 ширхэг 
  • Давс, нунтаг хар перец хэрэгтэй. 

Хийх арга: Сайн чанарын зайдсаа 0.5-1 см зузаантайгаар хэрчинэ. Ургамлын тостой хайруулын тавгаа сайн халсаны дараагаар зайдсаа 2 минут шарна. Өндгөө хагалж хийгээд дээрээс нь зайдсаа тавих ба амтлагчуудаараа амтлаад ахин 2-4 минут шарна. 

Зайдастай шарсан өндөг

4 Мимоса салат

Амьдрал тарчиг байсан тэр үед Зөвлөлтийнхэн баярын ширээгээ уг салатаар чимэглэдэг байжээ. Уурагтай, тэжээллэг тус салат нь хүүхдүүд болон настан буурлуудад маань нэн тохиромжтой юм. 

Орц: 

  • Төмс - 3 ширхэг 
  • Лууван - 3 ширхэг 
  • Өндөг - 4 ширхэг 
  • Масло - 50 гр
  • Сонгино - 1 ширхэг 
  • Цурхай загас - 1 лааз 
  • Хатуу бяслаг - 150 гр
  • Майоннез - 150 гр 
  • Ногоон сонгино юмуу чимэглэх ногоонууд 

Хийх арга: Төмс, луувангаа үрж, өндөгөө чанаж шарыг нь ялгаж аван үрнэ. Масло болон бяслагаа ч мөн үрэх хэрэгтэй бөгөөд сонгиноо нарийнхан хэрчинэ. Лаазалсан загасныхаа тосыг нь ялгаж аваад загасаа яснаас нь салгаж нухна. Салатны амт загасны чанараас шалтгаална гэдгийг санах хэрэгтэй юм шүү. Бэлтгэл ажил дууссаны дараагаар бүх орцоо дараах байдлаар доороос нь дээш үелүүлэн тавьж өгөх ёстой: төмс, лууван, майоннез, өндөгний цагаан, бяслаг, загас, масло, сонгино, майонез, өндөгний шар. Бэлэн болсон салатаа ногоон сонгино юмуу бусад ногоогоор чимж болно. 

Мимоса салат

5 Винегрет

Хувьсгалаас өмнө Оросууд чанасан өндөг, давсыг ашиглан хийдэг байсан бол орчин үеийн орос хүмүүс винегретийг илүү хялбарчлан дараах байдлаар хийх болжээ. 

Орц: 

  • Улаан манжин - 1 ш
  • Төмс- 3 ш
  • Дарсан өргөст хэмх - 2 ш
  • Дарсан байцаа - 200 гр
  • Сонгино - 1 ш
  • Ногоон вандуй - 100 гр
  • Ургамлын тос - 3 ц.халбага 
  • Сахар, давс- өөрөө тааруулна 
  • Алимны цуу - 1 ц.халбага 

Хийх арга: Төмс, улаан манжингаа 8-10 минут чанаж болгоод хөргөж байх зуураа бусад орцоо бэлдэнэ. Дарсан өргөст хэмхээ дөрвөлжилж хэрчээд дарсан байцаагаа шүүсгүй болгоно. Сонгиноо жижиглэн хэрчээд вандуйгаа шүүсгүй болгоно. Дараа нь улаан манжин болон төмсөө дөрвөлжлөн хэрчээд бусад орц найрлагатайгаа холино. Давс, сахар, алимны цуугаа ургамлын тостойгоо хольж винегретээ амтална. 

Винегрет

6 Хайлсан бяслагтай зууш

Хөц будайны талх юмуу хар талхтай сайхан зохицдог энэхүү зууш нь идэхэд зөөлөн бас амттай. 

Орц: 

  • Боловсруулсан бяслаг - 300 гр
  • Масло - 50 гр
  • Өндөг - 3 ш
  • Сармис - 3 хумс 
  • Давс, нунтаг хар перец- өөрөө тааруулна 
  • Майонез - 4 ц.х

Хийх дараалал: Үрэхэд хялбар болгох үүднээс бяслаг, маслоо хөргөгчинд хийж хөлдөөнө. Чанасан өндгөө сэрээгээр сайтар нухаж өгөх ба сармисаа жижиглэн хэрчинэ. Үүний дараа бүх орцоо нийлүүлж давс, майонез, перецээрээ амтлаад таваглаарай. 

Хайлсан бяслагтай зууш

7 Шпроттой сендвич

Оросуудын баярын ширээг шпротгүйгээр төсөөлөхийн аргагүй. Арааны шүлс асгарам сайхан үнэртэй шпрот нь өргөст хэмх болон талхтай гайхалтай зохицдог. 

Орц: 

  • Талх - 10 зүсэм 
  • Шпрот - 1 лааз 
  • Даршилсан өргөст хэмх - 3 ш
  • Өндөг - 2 ш
  • Майонез - 2 ц.халбага 

Хийх дараалал: Талхаа зууван эсвэл гурвалжлан зүсээд хайруулын тавган дээр хоёр талаар нь шарна. Дараа нь талхан дээрээ майонез түрхээд үрүүлдсэн чанасан өндөг цацаж өгнө. Үүнийхээ дараагаар даршилсан өргөст хэмх, шпротоо нимгэн тавиарай. 

Шпроттой сендвич

8 Молокотой печинь

Самартай, молокотой энэхүү тансаг амттай печиньд Оросын хүүхэд багачууд үнэхээр дуртай. 

Орц: 

  • Өндөг - 4 ш
  • Масло- 200 гр
  • Гурил - 2 аяга 
  • Сахар - 1 аяга 
  • Ургамлын тос - 1 ц.халбага 
  • Молоко- 1 лааз 

Хийх дараалал: Том аяганд өндгөө хийж хутгах ба маслоо хайлуулна. Өндгөө хутгаж байх зуураа гурил, сахараа нэмж хийнэ. Таны зуурсан гурил шингэвтэр байх ёстой. Вафльныхаа хэвийг урьдчилан халааж, бэлтгэсэн зуурмагаа хийх ба бэлэн болсоных нь дараа молокогоо түрхэнэ. 

Молокотой печинь

9 Шоколадтай чихэр

Зөвлөлтийн үед одоогийнхтой адилхан төрөл бүрийн чихэр байгаагүй. Гэвч Орос эмэгтэйчүүд туйлын бүтээлч хүмүүс агаад энэхүү амтат жорыг ашиглан хайртай хүүхдүүдээ дайлсаар иржээ. 

Орц: 

  • Печень - 500 гр
  • Сүү - 100 мл 
  • Сахар - 200 гр
  • Нунтаг какао - 3 ц.халбага 
  • Масло - 200 гр

Хийх дараалал: Сүүндээ сахар, какаогоо нэмж халаах ба маслоо сүүлд нь нэмж хийнэ. Хайлсаных нь дараа галаа унтрааж печень дээрээ асгаж сайтар хутгана. Ингээд тугалган цаасанд хийн эргүүлж боогоод хөргөгчинд хийж 3 цаг болгох ба сайтар хөлдсөний дараа гаргаж ижил хэмжээтэй хэрчинэ. 

Шоколадтай чихэр

10 "Шоргоолжны үүр" бялуу

Энэ бялуу 1970-аад оны үед хамгийн түгээмэл байжээ. Өдгөө тус бялууг дэлхийн олон оронд өөр өөр жороор хийж байгаа билээ. 

Орц: 

  • Маргарина - 250 гр
  • Сахар - тал аяга 
  • Өндөг - 2 ш
  • Давс - тал ц.халбага 
  • Сода - тал ц.халбага 
  • Гурил - 400 гр

Тортны кременд: 

  • Масло - 200 гр
  • Молоко - 1 лааз 

Хийх дараалал: Маргаринаа сахартайгаа хольж биежүүлэх ба хөөсрүүлж хутгасан өндөг, давс, содаа дээрээс нь нэмж өгнө. Тасралтгүй хутгах бөгөөд үүгээрээ гурилаа зуурч, дараа нь зуурмагаа 1 цагийн турш хөргөгчинд байлгана. Махны машинаар зуурмагаа жижиглэж өгөх ба пергаментэн цаасан дээр жижиглэсэн зуурмагаа тавьж 160 хэмд 25 минут болгоно. Энэ хооронд молокогоо маслотойгоо хольж хөөсрүүлээрэй. Үүнийгээ жигнэгдэж гарч ирсэн орцтойгоо сайтар хольж, тавган дээр шоргоолжны үүр хэлбэрийг гаргаж тавих бөгөөд хөргөгчинд 90 минут байлгана. 

"Шоргоолжны үүр" бялуу

11 Пирошки

Орц:

  • Бүлээн ус - 1.5 аяга
  • Сүү - 1/3 аяга
  • Давс - 2 цайны халбага
  • Хөөлгөгч - 2.5 цайны халбага
  • Элсэн чихэр - 1 хоолны халбага
  • Ургамлын тос - 2 цайны халбага
  • Гурил - 3.5 аяга
  • Үхрийн мах - 450 гр
  • Ургамлын тос - 2.5 хоолны халбага
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 1 хумс
  • Давс - 1 цайны халбага
  • Хоол амтлагч - 1/2 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага
  • Хэрчсэн ногоон сонгино - 2 хоолны халбага
  • Гоньд - 1 цайны халбага
  • Масло - 4-6 цайны халбага

Хийх дараалал: Бүлээн ус, сүүгээ дунд зэргийн хэмжээтэй саванд хийж, дээр нь тос, хөөлгөгч болон элсэн чихрээ нэмээрэй. Дараа нь гурилаа хийж, зуурч бэлтгээд дулаан газарт битүү таглан, 1 цаг 30 минут байлгах хэрэгтэй. 

Одоо харин махаа бэлтгэе. Үхрийн махаа татаж, дээр нь ургамлын тос, сонгино, сармисаа хийгээд гал дээр хуурна. Ойролцоогоор 4 минут хуурсны дараа давс, хоол амтлагч, хар перец зэргээ хийгээрэй. Харин махаа болсны дараа ногоон сонгино, хэрчсэн гоньдоо хийж хутгана. Өмнө нь зуурсан гурилаа хөөсөн эсэхийг шалгаад пирошкины гурилаа бэлтгэнэ. Хэсэг гурил тасдаж аваад зөөлөн элдээд, томхон амсартай аягаар дарж, гурилаа тасдаарай. Гурил тус бүрийн голд махнаасаа авч тавих бөгөөд дээр нь багахан масло хэрчиж нэмнэ. Мэдээж пирошкигоо цэвэрхэн чимхэж, шарахад бэлгэн болгож тавих ёстой. Тосоо халааж, хангалттай халсан гэж үзвэл, тосруугаа хийж, шаргал өнгөтэй болтол нь шараарай. 

Пирошки

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()