Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасын талаар мэддэг ард түмэн байжээ. Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм.
Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1,340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасын мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл" " Энэ хүн мөн үү" хэмээх ном хэвлүүлсэн байдаг.
Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны 7 дугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б. Ренчинд захидлаар илгээсэн байдаг.
Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо "Монгол Алтайгаас Равжирын олсон алмасын мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой" гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч этгээд "Омон түмбий"гэдэг ном бүтээж, номондоо алмасын зургийг зурж, алмасын цөсийг эмэнд хэрэглэдэг "Лха эрдэнэ" гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ.
1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ. Маарамбууд түүгээр хүнд анагаадаггүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байваас л сонирхон судалж холбогдох мэдээ сэлтүүдийг цуглуулсан байдаг.
Алмасыг Америкт-бигфут /big foot/, Канадад Сасквач, Хойд Кавказад Каптар, Түвдэд ети /yetti/, Орост снежный человек гэж нэрлэдэг байна. Тэдний цуглуулсан баримт мэдээллүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрх байдалтай адил байгаа нь энэ амьтныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.
1950-иад онд ЗХУ-д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л. Обручевийн санаачлагаар алмасын мөрөөр мөшгөх судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. Алмасын тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны 10 дугаар сарын 20-ний өдөр АНУ хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд болжээ. Хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг. Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал, зохиомол зүйл байсан уу гэдэг нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг байна.
АЛМАСТАЙ “УЧИРСАН” НАМТАР
- Алмас хүнтэй амьдарч байсан, 1950-иад онд Балбад алмасын арьс байсан гэдэг. Энэ хоёр баримтыг эргэлзээтэй зүйл хэмээн эхэнд нь тэмдэглээд 1832 онд Балбад нэвтэрсэн анхны англи хүн Б.Х.Хадсон өөрийнх нь анчид руу хүн дүрстэй болхи хөдөлгөөнтэй амьтад дайрсан тухай мэдээлжээ.
- 1889 онд хошууч Водел Хималайн нурууны 11,000 тохой өндөрт алмасын гэмээр мөртэй таарчээ.
- 1913 онд Хятадын хэсэг анчид үсэрхэг, хүнтэй адил амьтан Патан гэдэг газраас баривчилжээ. Алмас анчдын Ганц худагт 5 сар суусны эцэст хэргээ хүлээлгүй үхсэн байна.
- 1921 онд Эверестэд авирч байсан Ховард Бури алсад хэдэн хар юм бөртөлзөн далд орсныг алмас байх хэмээн боджээ.
- 1923 онд Английн хошууч А.Камерон мөн л ийм юмны бараа харжээ. Хоёр хоногийн дараа тэнд очиход хүнийх шиг атлаа том мөр байв.
- 1936 онд Эрик Шиптон бас л мөр үзлээ. Мөрийг хөөж явсаар хад руу оруулан алджээ.
- 1937 онд Ф.Смит 14,000 тохой өндөрт мөр олсон төдийгүй «Алмасын тухай яриа» тэмдэглэлтэй харьжээ. Түвдүүд түүнд «Өө чи чинь алмас мэддэггүй юм уу даа? Манай энд зөндөө... зөндөө» хэмээн гуталчин Маруфархуу хуучилж өгчээ.
- 1941 онд ЗХУ-ын хурандаа Варген Крипетьян сонин зүйл тэмдэглэжээ. Кавказад партизанууд түүнтэй холбоо барьж хүн төрхтэй, урт үстэй энд тэндээс нь татаж чангаахад анги салбарынхаа нууцыг хэлэхгүй хачин фашист баривчилсан ба дулаан өрөөнд оруулахаар амь тэмцэн орилоод, гадаа гаргахаар зүгээр болчихоод байгаа тухай мэдээлжээ. Харамсалтай нь «Майнкамп»-ыг уншсан байж мэдэх тэрхүү нацист алмас оргожээ. Хэрвээ Дагестаны Дотоод яам түүнийг Германы тагнуул биш ердөө л нэг муу алмас байна хэмээн тайлбарлаагүй бол партизанууд олзны этгээдийг дулаан газар гал түлэн эрүү шүүлт тулгаж өчиг авах хэрэг гарах байв.
- 1948 онд Сиккимд Жийн Форстэс хэмээх норвег хүнийг хоёр алмас бүлэглэн зодож мөрийг нь гэмтээжээ. Ойр хавьд цагдаа байгаагүй учир сэжигтэн алмас хэргийн газраас оргон зайлжээ.
- 1949 онд Хималайд анх гарсан Дэнзэн Норгой нэгэн сүмийн ойролцоо алмас салхинд гарч явахыг харснаа ярьжээ.
- 1954 онд Английн «Дэйли Мэйл» сонин алмас барих экспедиц зохион байгуулж хагас сар эрсний эцэст мөр олсон байна.
- 1955 онд Лостэр Дэйвис мөрнийх нь зургийг авчээ. Цаадах нь иргэний үнэмлэхний цээж зураг авахуулахаас татгалзсан болтой.
- 1992 оны зургаан сарын 12-нд Ж.Фрийман-Этвүд Монгол орны хязгаар нутгийн уулсаар хоёр нөхрийн хамт аялж явжээ. Нэг удаа майхнаа бариад хоёр цаг өнгөрсний дараа гадаа нь цасан дээр алмасын мөр гарсан байв.
АЛМАСЫН ТУХАЙ ЕР БУСЫН 10 ТААМАГ
АНУ-ын Техасын малын эмч Мельба Кэтчум хоёр жилийн өмнө алмасын ДНК-д шинжилгээ хийгээд энэ бол хүн, зэрлэг хүний эрлийз гэж мэдэгджээ. Тэр бүү хэл тэрээр алмасыг Засгийн газар “уугуул иргэнээ гэж үзэн хамгаалалтад авч, үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх ёстой” гэж шаарджээ.
- Хүн сармагчин галт уулын тогоонд амьдарч байсан
Америкийн Вашингтон муж дахь Сент-Хеленс галт уул 1980 онд оргилсны дараа эндээс шатаж түлэгдсэн алмасын шарил олсон гэж шуугьсан. Гэрчүүд галт уул оргилсны дараа холбооны албаны нисдэг тэрэг алмасын хэд хэдэн шарилын үлдэгдэл ачаад явахыг харсан гэж ярьсан байдаг. Галт уул оргилохоос өмнө энд “сармагчин төрлийн хүмүүс” амьдардаг, бүр 1920 оноос хойш байсан, заримтай нь хүмүүс тааралдаж уулзаж байсан гэсэн яриа байдаг. Ийм түүх олон байдгийн нэг нь “сармагчны хавцал” нэртэй газар ч бий.
Ванкувер арлын оршин суугч Роберт Уилсон 2007 онд эхлээд баавгай гэж бодсон ер бусын амьтантай уулзсан тухайгаа ярьсан байдаг. “Би явж байгаад гэнэт үсэрхэг биетэй том хүнийг харсан. Яг баавгай шиг тэр хүн-амьтан бол агуйн хүн” гэж ярьжээ. Үүн дээр үндэслээд 2011 онд “алмас бол асар том сармагчин биш, харин эртний хүний төрхийг агуулсан хүн” гэсэн санал дэвшүүлсэн байдаг.
- Алмас бол харь гаригийн хүн
Пенсильваны иргэн, харь гаригийн хөлөг нисдэг биет судлаач Стэн Гордон 1973 онд харь гаригийн хөлгөөс гарч орж байгаа алмасуудыг харсан тухайгаа мэдэгдсэн байна. Эндээс энэ нууцлаг амьтан үнэхээр өөр гаригаас гаралтай байж болох юм гэсэн санаа гарч, Гордон ч “Харь гаригийн нисдэг биет-алмас” гэсэн шууд нэвтрүүлэг хийж олныг шуугиулсан байна.
Олонх “шинжээч” алмасыг үсэрхэг мичний нэг төрөл гэж үздэг. Зарим нь болохоор энэ амьтан мутацид орсон аварга сармагчин гэдэг. Үнэхээр алмасны зураг сэлтээс үзэхэд бие дүүрэн үстэй, хойд хөл дээрээ явдаг гээд гадаад төрхөөрөө мич, сармагчны төрөл байж болно гэдэг байна.
- Алмасууд үхэртэй эвсэлддэг
Алмасууд заримдаа цусаараа бэлгийн таашаал авдаг гэнэ. Ер амьтны ертөнцөд нэг төрлийн амьтан өөр амьтадтай эвсэлдэх нь тийм ч ховор биш. Зарим фермер алмас өөрийн нь үхэртэй эвсэлдэж байхыг харсан гэсэн яриа бас байдаг гэнэ.
- Алмасын тухай Библд бичсэн байдаг
Зарим судлаач Библи сударт гардаг аварга амьтан нь алмасыг дүрсэлсэн гэж үздэг. Үнэхээр библид “үсэрхэг аварга амьтан агнах” гэсэн өгүүлбэр байдаг, тэр нь бүх биеэрээ үстэй, муухай үнэртэй, хачин дуу гаргадаг гэнэ. Хүн төрхтэй ийм сонин амьтны тухай Коран сударт ч бас байдаг байна.
- Алмасуудын 10 хувь нь ижил хүйстэн
Амьтны гаж дуршил судлаач Лорен Коулман нэг удаа “Алмасуудын 10 хувь нь гей байдаг” гэж мэдэгджээ. Тэгснээ хэдэн өдрийн дараагаар өөрийн электрон шуудандаа “алмас бол гомо” гэж бичсэн байна.
- Алмасууд талийгаачдаа оршуулдаг
Алмас байдаг гэдэгт хатуу илтгэлтэй байдаг хүмүүсийн ихэнх нь тэд талийгаачдаа оршуулдаг гэж итгэдэг. Америкийн алмас судлаач Бенжамин Чемберлин тэднийг яг л хүмүүс шиг нэгнээ халамжилж тэтгэдэг, нас барахаар нь шарилыг нь хамгаалж оршуулдаг гэж итгэн мэдэгдэж байв. Түүнийхээр бол алмасууд талийгаачдаа мөн л бид шиг аятайхан газарт оршуулдаг, энэ агуй, хавцал байдаг гэнэ. Хүйтнээс болоод шарил цогцос маш сайн хадгалагддаг болохоор хэрэв эрдэмтэд олж чадвал ийм оршуулгын газар нь жинхэнэ дуулиан болно гэнэ.
- 1999 онд Невадад амьд алмас барьсан
1999 онд Невада мужийн Батл-Маунтинд их хэмжээний түймэр гарч нэг алмас түлэгдэж шархадсаныг хүмүүс барьж авсан гэнэ. Энэ тухай алмас судлаачдын Bigfoot Field Research Organization нийгэмлэгийн нэг ажилтан өөрийнхөө захидалд дурдсан байдаг. Тэрээр бүхий л бие нь түлэгдэж шархадсан, дөрвөн хөл дээрээ явдаг баавгай гэхээсээ сармагчинтай илүү төстэй амьтан байсан гэжээ. Түүнийг эхлээд гал сөнөөгчид олсон ч дараа нь мал эмнэлгийнхэнд өгсөн байна. Дараа нь орон нутгийн захиргааныхан, анчид, загасчид хаа нэг тийшээ авч явсан гэнэ. Хүн төрхтэй энэ амьтан эр алмас байсан. Өндөр биетэй, бүх бие нь үсээр бүрхэгдсэн ч сармагчин биш байсан гэсэн байна. Нүүр нь хагас хүн төрхтэй, хагас сармагчны төрхтэй энэ амьтан цээжиндээ харин бага үстэй байсан гэжээ.
Эх сурвалж: ikon.mn
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.